Харин “Yingli Solar”-ын талаар хэн сонссон бэ? Энэ бол “Yingli Green Energy Holding Company” хэмээх үйл ажиллагаа явуулаад 12 жил болж байгаа компанийн сурталчилгаа бөгөөд тус компани нарны туяаг цахилгаан энерги болгож хувиргахад ашигладаг фотовольт моделиуд үйлдвэрлэдэг байна. Тус компани саяхан 2007 оноос л Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй болж, хувьцаа гаргажээ.
Дэлхийн цомд оролцсоноор хүмүүс компанийнх нь нэрийг таньж мэдэх болно гэж “Yingli” компанийн захирлууд найдаж байгаа юм байна. Нарны эрчим хүчний компаниудын хооронд өрсөлдөөн улам бүр ширүүн болж байгаатай холбоотойгоор тус компани Дэлхийн цомын спонсор болохоор шийджээ. Бид дэлхийн өрсөлдөөнд дан ганц үнээр биш, мөн брэндээр өрсөлдөх хэрэгтэй гэж үзсэн гэж “Yingli”-гийн санхүүгийн гүйцэтгэх захирал Брайн Ли ярьж байна.
ФИФА-тай байгуулсан гэрээнд санхүүгийн асуудлыг нууцлах тухай заасан байдаг тул ивээн тэтгэхтэй холбоотойгоор гарсан санхүүгийн зардлын талаар мэдээлэл өгч болохгүй гэж Ли ярьсан. Гэхдээ Хятадаас дахин сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийг ивээн тэтгэгчээр оролцуулах сонирхол ФИФА-д байсан болохоор бусад компанитай харьцуулбал харьцангуй бага төлбөр төлсөн гэж ярьжээ. Дэлхийн Цомд ивээн тэтгэгчээр оролцсон бусад компаниуд энэ үйл явдалд нэрээ холбоотой гаргасны төлөө ойролцоогоор 35-50 сая ам.доллар төлсөн гэж брэндийн мэргэжилтнүүд тооцоолж байна.
Дэлхийн Цомд улам бүр олон шинэ залуу компаниуд, тэр дундаа шинээр гарч ирж байгаа эдийн засаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд гарч ирж спонсороор оролцож байна. Энэ жилийн Дэлхийн Цомын спонсоруудын дөрөв нь харьцангуй залуу брэндүүд байгаа бөгөөд ийм байдлыг дөрвөн жилийн өмнө төсөөлөхөд ч хэцүү байсан гэж Их Британийн зөвлөгөөний компани “Rapport”-ын эдийн засагчид ярьж байна. Энэ удаагийн Дэлхийн Цомд Хятадын “Yingli Solar”, Өмнөд Африкийн харилцаа холбооны аварга компани “MTN”, Бразилын хүнсний “Seara”, Энэтхэгийн мэдээллийн технологийн “Mahindra Satyam” гэсэн компаниуд шинээр ивээн тэтгэгчээр оролцсон. Дэлхий даяар олон зуун сая хүн хөлбөмбөгийн тэмцээнүүдийг үздэг тул Дэлхийн Цом брэнд бүтээхэд өөр ямар ч үйл ажиллагаанаас илүү хүчтэй нөлөө үзүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг юм.
Үүнтэй Ли санал нэг байгаа гэнэ. Тэмцээнийг ивээн тэтгэснээс гарсан үр дүн түүний хүлээлтээс давж гарсан гэж тэр ярьж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар л гэхэд тэдний компани ирэх жилийнхээ хүчин чадлаас 2.5 дахин илүү захиалга аваад байгаа гэнэ. “Жилийн өмнө бид хэрэглэгчид рүүгээ очдог байсан бол одоо хэрэглэгчид маань бидэн дээр ирдэг болоод байна” гэж Ли “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Т.Бадрах