Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Москвагийн мисс Оксана Воеводинатай хуримаа хийсэн Малайзын хаан V Мухаммед Фарис хугацаанаасаа өмнө хаан ширээнээс буух болсноо өчигдөр /2019.01.06/ зарлалаа.
Малайз нь Үндсэн хуульт хаан засаглалтай улс бөгөөд хааныг Малайзын 13 мужаас сонгогдсон есөн султан зөвлөн бүрдүүлэн, таван жилийн хугацаатай томилдог байна. Малайз нь ээлжилдэг хаант засагтай цорын ганц улс юм.
Харин V Мухаммед Фарис нь нь хаан ширээнд 2016 оны арванхоёрдугаар сард суусан бөгөөд үүрэгт хугацаа нь дуусахад гурван жил дутуу байхад “өөрийн хүсэлтээр” хаан ширээнээсээ бууж байгаа аж. Малайз улс 60 жилийн өмнө Их Британиас тусгаар тогтносноос хойш хаан нь хугацаанаасаа өмнө огцорч байгаа анхны тохиолдол энэ болж байна. Ордны зүгээс V Мухаммед Фарисын огцрох болсон шалтгааныг тайлбарлаагүй боловч тун удахгүй албан ёсоор хаан ширээгээ хүлээлгэн өгнө гэв. Дараа нь тэрбээр өөрийн захирч асан Келантан муждаа эргэн очих юм.
Малайзын хаан нь Ерөнхий сайдыг томилох болон улсын дотоодод болж буй томоохон баяр ёслолд оролцох үүрэгтэй бөгөөд ард түмнийхээ эв нэгдлийн бэлэг тэмдэг нь болдог. Хааны гол үүргийн нэг нь малай үндэстний исламын шашны уламжлалыг хадгалах юм. Тус улсын төрийн эрх мэдэл нь хаанд бус Ерөнхий сайд болон парламентад нь төвлөрдөг байна.
Малайзын хаан нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрөгч оны арваннэгдүгээр сард гадаад руу эмчилгээ хийлгэхээр явсан гэх боловч удалгүй 25 настай Москвагийн мисс бүсгүйтэй Москвад хуримаа хийсэн зураг нь цахим ертөнцөд тавигдсан юм. Тэрбээр Малайзын хаан ширээнд суусан анхны ганц бие хаан байсан боловч Москвагийн мисстэй гэрлэсэн тухайд тус улсаас одоо хүртэл албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ