Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

…үргэлжлэл

Сайн сайхан руу тэмүүлээд сөнөдөг тухай,

Тэгж байтал өнөө баахан шар гэрлүүд гэв гэнэт үгсээд унтраалга зэрэг дарчихсан юм шиг пад харанхуйд шингэчихлээ.

Тааралдсан жалга судгууд руугаа ороод таг болов бололтой. Хай хөөрхий, Монголын их тал хээрээр дүүрэн алтнаас болж дайжиж дүрвэж, айж цочиж, хэрэлдэж тэмцэлдсэн нь байх юм даа. Хэзээ хэнийх нь буян нүнжиг, амны хишгээр ингэж монгол нутаг алт эрдэнэсээр үүцлэгдэж нөөцлөгдсөн юм бэ дээ. Бас хэзээ энэ их алтны төлөөх амьдрал нь түвширч түвшитгэгдэх юм, чөтгөр бүү мэд ээ. Хонгорын овооноосоо бууж сум руу зүглэлээ. Машины гэрэлд алаг даага имжлэн дэвхэрч зам хэрэх нь тохиолдоно. Түрүүхэн алтны ангуучид бас ингэж дэвхрэн бэмбэгнэж явсан биз ээ.

Сац бас тэр сөнөлт сайн сайхан байдаг тухай,

Бид хоёрыг ирэхэд сумынхан бүгд унтчихжээ. Талын халуун шөнө нойрсож байна. Энэ тэнд нохой хөв хөв хуцах, тэр завсар согтуу хоёр гурван залуу сумын аль нэг гудамжинд ноололдоод байгаа бололтой, үг хэл далтираадчихсан маргах нь сонсогдоно. Тэдний дэргэд нэг нь хэтрүүлж уугаа юм байлгүй дээ, байн байн хүчтэй огих нь басхүү дэргэд мэт дуулдана. Сумын шөнө ч нэг иймэрхүү л байдаг даа. Надад орж засаж өглөө. “Ээж минь хийж өгсөн эд дээ" гээд ноолормол цагаан эсгий нь булангаараа ил гарсан гудас дэвсч өглөө. Өнөө гудсан дээр нь хөнжил нөмрөөд хэвтвэл, мань хүн “Би чамд Улаанбаатараас нэг ч төгрөггүй гараад Завхан орсноо ярьж өгөх үү" гээд инээмсэрдэг юм байна. Тэгээ, тэг л байхгүй юу. “Үлгэр” ингэж эхэлжээ. Оюутан байхдаа нэгэн амралтаараа гэр рүүгээ явахаар өглөө гарчээ. Тээврийн товчоо хавьд Завханы унаа сураглаад зогсч байтал, хэдэн сөөсгөр хөвгүүд газар дээр хэд хэдэн лааз хөмрөн гүйлгэж, түүнийхээ хооронд нэгэн шаариг гүйлгээд, хаа орж байгааг нь мэдсэн нь тэр лааз дээр нь гишгээд баахан мөнгө аваад байх юм гэнэ. Халаасаа цохиод үзтэл, яг зардалд тааруулчихсан тоотой мөнгө нь байж байдаг. Тун болчихмоор санагдаад, үзээд алджээ. Нөгөөдүүл чинь гарт үзэгдэмгүй шахуу л шаариг гүйлгэн “Энд орлоо, эндээс гарлаа. энд орлоо” гэхээр нь анаж байгаад гишгээд авчээ. Гишгэснийг нь нээгээд харуултал шаариг байдаггүй. Газар дээрээ зардлынхаа талыг алдаатахжээ.

Сая сая жилээр хөдөлгөөн дунд оршдог тухай,

Тэгээд явъя уу, яая гэтэл, хор хөдлөөд нахимаар санагдаж. Хүн хөлтэй газрын, хогшин бурхи сахисан аятай бүлтэгнэтэл харж зогсч зогсч “гохоо даржээ”. Дахиад л өнөө гайтай шаариг дарсан лаазнаас гарч ирсэнгүй ажээ. Ийнхүү алтан загас барих гэж хоёронтоо дэгээ шидээд, адаг сүүлд нь нойтон замаг гарч ирэв гэгчээр Завхан явах зардал бултаараа мулт. Гэтэл тохуурхаж байгаа юм шиг “Завхан одоо хөдөллөө, Завхан, Их-Уулын чиглэлд явлаа, явлаа” гээд орилоод байж гэнэ. Мөнгө олъё оо, хэрхэн яаж. Санаанд орох зүйлгүй. Жаахан тээнэгэлзэж зогсоод жаахан жуухан чихэр боов хийсэн үүргэвчээ гунигтайяа мөр давуулаад, шууд л Хорин хоёрын товчоо чиглэн алхжээ. Бухын доодохыг харж, цагийг баахан барсан тул оройхон товчоон дээр иржээ. Товчоон дээр очоод наашаа гэх жолооч бий болов уу гэж нэлээд харж. Бүтэлтэй хүн тааралддаггүй гэнэ. Тэгээд товчооны зааланд суужээ байтал, дугхийчихэж, тохойноос татахнээ нь сэртэл, тэндхийн ажилтан эгч “Хэн бэ, чи. Яагаад энд унтаад байна” гэх нь тэр. Яагаав нөгөө Д.Нямсүрэнгийн шүлэгт, Хээ-н… Цай уу! гэх бүдэг бадаг үг дуулдах нь сайхан Хэн гуайн эгч гараас зөөлөн татах нь сайхан…  …Хэрэг болгож надаас, -Гал байна уу? гэж асуух сайхан гэдэг шиг.

Салхин хөдөлгөөн дунд үхэж, бас өндийж байдаг тухай,

Нөгөө эгчид хамаг үнэнээ тоочжээ. Ийм ийм болоод мөнгөгүй болсноо, харимаар байгаагаа хэлжээ. Харин тэгэхдээ Завхан явж байгаа биш, энүүхэн Лүн орно гэж. Мөн нэрэлхүү байгаа юм шүү. Эгч ч хэлсэндээ хүрч, Лүнгээр дайрах машинд суулгаж өгчээ. Лүн ч орж, жолооч нь анзаараагүй юм уу, сум өнгөрөөд явж байтал гэнэт “Мөнгөө” гэж. “Байхгүй”, байхгүй л юм чинь өөр юу гэх вэ. “Буу”, буухаас яахав. Харин үүр хаяарах төлөвтэй болж байж. Өнөө нөхөрт жаахан гомдож байснаа, босоод алхжээ. Жаал явж байтал дугуй нь хагарчихсан нэг машин зогсчихсон, жолооч нь мунгинаж байна гэнэ. Шууд л очоод дугуйг нь янзлалцаж гарч. Тэгээд эрхбиш, дайгдах эрх олж, суугаад хөдөлжээ. Мөнөөх жолоочид бас яг зорьж яваа газраа хэлэлгүй, Эрдэнэсант орно гээд залчихаж. Булганы Сансар өртөө хүрэхийн алдад энэ удаагийн нь ээлжит буухиа зам эцэслэх нь тэр, өөр тийшээ явна гээд. Дахиад л газарт, хоёр зээрдээрээ Сансар дээр очтол нэг их том, базаахгүй царайтай, олон өдрийн архи нэгшрүүлсэн хар хүн тосож авчээ.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.

Яав ч байр байдлаасаа бүтэлтэй хүн биш. “Дүү хаа хүрч явна” гэж. Мань хүн хулчийж “Энүүхэн зуур, Эрдэнэсант орноо” л гэж хариулжээ. Аргагүй шүү дээ, өөрийг нь хоёр нийлүүлсний дайтай өндөртэй, Гулливер шиг аймаар амьтнаас чинь. Би ч бас тийшээ явах санаатай зам нийлнээ хоёул гэж байна гэнэ. Ингээд нэг сүрхий хүн дагаж эхлэв үү, үгүй юү, нэг машин хажууд ирж зогсчээ. Жолооч нь нөгөө хоёрыг баахан шинжиж хараад, хажуудахаас нь илтэд жийрхэн “Би өөр тийш явна” гэхдээ, манай хүн рүү ирмэжээ. Нөгөө том нөхрийг ундууцан буцан эргэхтэйгээ зэрэг нь, зөрөөд машины бүхээг рүү чавхдан үсэрч орж, тэгэхдээ зэрэг жолооч яах ийхийн зуургүй хөдлөн явсан байна.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.

Араас нь нөгөө түрхэн зуурын хань нь “Чамайг даа” киноны чоно шиг, “Ална даа” гэж хүхэрдэн орилсоор үлдэв гэнэ. Өнөө жолооч хэлжээ. “Үгүй ээ, дүү минь чи ямар мундраатай явахаар энүүнтэй нийлдэг байна аа. Чи сая Сансарыг харав уу, эзгүй юм шиг байгаа биз дээ. Энэнээс айцгаагаад тэр байхгүй юу, гэрээсээ цухуйх амьтан байхгүй. Энэ бол халхын шоронг бөөсөөр тэжээсэн хүн шүү дээ, ямар азаар чи надтай таарав аа” гэжээ. Хэдий нөгөө аюул ард үлдсэн ч, түүний ярьж дуусуут өнөө нөхөр шилнээс нь базаад авсан юм шиг бие нь зарайсан гэж байгаа. Ингээд сайн хүний ачаар Хархорин саадгүй хүрэв. Гэвч өнөө машин нь бас л цааш явахгүй гээд өөр зам хөөн оджээ. Ер нь нийт замынхаа дунд нь л орж байдаг. Ээлжит машинаасаа буугаад удаагүй байтад “Архангай орно" гэсэн дүүрэн хүнтэй автобус ирж зогстол, дотроос нь Ванчин ч билүү нэг танил нь буугаад иржээ.

Үхэж, бас өндийх хөдөлгөөн мөнхөд үргэлжилдэг тухай,

Тийнхүү будилж яваа болохоор тэврэлдээд л уулзахгүй юу, бараг. Ванчиндаа аяны паянгаа хэлсэнгүй, мөнгөтэй юм шиг л цуг сууцгаажээ. Хүмүүс ороод суудал суудалдаа суутал, бүхээгний хонгилд манай хүн зогсоогоороо үлдэхгүй яах вэ. Бас л нэг тийм сайнгүй сэтгэлтэн тэнд явж, аанай л “Буу" шүү. Мань хүн мөнгөгүй гэдгээ ч хэлж, аваад яваач, ингээд зогсоод явъя гэтэл зөвшөөрсөнгүй. Харин нөгөө Ванчин нь мөнгө гаргаж төлснөөр Цэцэрлэгийн төв дээр ирээд хоножээ. Зам зуур сонсохноо нь өглөө өнөө машин цааш манай хүний явах чигт явмаар янзтай гэнэ шүү. Өнөө хүмүүсийн буусан буудалд дагаад ортол “Муу хүний заяа завагт" гэдгийн үлгэрээр нэг танил эгч тэнд ажилладаг нь таарчээ. Түүнийхээ буянаар хоол идэж, дулаан унтаад нэгэн шөнийг үдэв гэнэ. Өглөө яагаа ч үгүй эрт, бараг нар битүү байхад босоод, өнөө автобусны эвхэгддэг хаалгыг онгойлгож ороод, бүхээгний хойт руу хураасан ачаан дотор биеийг нуугаад “ичиж” орхижээ.

Орчлон өөрөө бас сөнөдөг тухай,

Нар мандсан хойно, дуу чимээ болон хүмүүс орж ирэх нь бүгэж хэвтсэн манай хүний чихэнд хэнгэрэг дэлдэх мэт гэнэ. Тэгээд хөдлөн явжээ. Явж явж нэг зогсоод, хүмүүс орж гарах хооронд өнөөх ачаан дороосоо гараад, юу ч болоогүй мэт нэгэн суудалд суугаатахтал хэн ч анзаарсангүй. Ингээд цааш явж байтал өнөөх өмнөх өдрийн буухыг тушаагч, нүдээ том болгон харснаа, юм хэлсэнгүй гэнэ. Тэгээд Чулуутын гүүрэн дээр иртэл, өнөө автобус бас зам хазайх тул арга буюу буулаа. Гүүрний хажууд байх зүс мэдэх айлд орвол танимхайран угтсан ч, мөнгөгүйг нь мэдээд хоол хийж эс өгсөнд, гараад алхав гэнэ. Юм юм үзэж байгаа юм шүү. Ерөөс ертөнцийн энэ олон хүн зон гэдэг бол түм буман чулуу шуудайд хийчихээд шигшихэд, түүний зөөлөн хатуугийн дундуур яаж ийгээд амьдрахыг тулгах мэт л.

Онхид мартагдсан хуучныг шинэ гэдэг тухай,

Чулуутын гүүр гараад алхаж явтал Их-Уулын нэгэн жолооч хажууд нь нэвсийтэл ачаа ачсан машинтайгаа ирэн зогсоход ээжтэйгээ уулзсан мэт болжээ. Их ачаан дээр нь гараад тарвалзаж явахад эцгийн гэртээ мандан суух шиг байжээ. Ингээд од түгсэн шөнө Солонготын давааны өвөр дэх гэрээсээ жаахан зайтайхан бууж. Гэрээдээ дөхөж ирээд саахалтын булгийн зүлгэн дээр шөнө хэвттэл, тэрүүхнээс гэрийн тооноор бүдэг гэрэл цайвалзаж, ээж нь тогоо шанагаа дуугарган сүү самарч, дүү нар нь шуугилдан, тэрүүхэнд цатгалан үнээ янцаглан хивэх, араажаваар “Маш сайн магадлан дуулаад маргаашийн үлгэрийг сонсоорой" гэх нь сонсогдоход өөрийн эрхгүй уйлмаар болсон тухайгаа ярилаа…

Одоо яг бороо орж байгаа тухай,

Өглөө сэртэл Баяндалайн нар бүр аль хэдийнэ мандаж, өчигдрийнхөөс халуун өдөр болох төлөвтэй. Гэрийн эзэн худгийн хүйтэн ус авчирч, хоёул толгойгоо угаалаа. Тэр урт ургаж, баруун тийш нь налуулсан үснээсээ ус гоожуулан “Манай Баттогтох бас сонин юм ярьдаг байж билээ" гээд өмөлзөнгүйгээр хэсэг чимээгүй болсноо үргэлжлүүлэн “Нэг сайхан архи дарсны үйлдвэртэй болно доо, тэгж байгаад. Тэгээд Боогий ах, Уянга ах хоёрыг оруулчихаа мэдье ээ” гэдэгсэн хэмээгээд наг наг инээлээ. Тэр Баттогтох бол эдний үеийн гайхамшигтай яруу найрагчдын нэг л дээ. Самрын үр шиг хорвоод яаж ийгээд хүн болно гэж бичиж байв даа, энэ залуу. Одоо тэр даан ч Болд-Эрдэнэ, Уянга ах нартайгаа дээр хөхрөгч рүү хар залуугаараа одсон байна. Тэр гурав самрын үр шиг хорвоодоо саатан дахиж төрөөд, санаа нийлэн гурвуул сууж архи дарс исгэж сөгнөөсэй билээ.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.

Бид хоёрт хажуу айлын гэргий цай оруулж ирлээ. Ийн би эднийд ирснийхээ хоёр дахь өдрийн өглөө хөрш айлын нь бүсгүйн хийсэн цайг уув аа. Эхнэр нь байсан бол ийм явдал яав ч болохгүй. Дашбалбар найрагч ерээд оныхныг ихэд тордож, хөтөлж, загнаж, урамшуулж явсан нь дурсагддаг. Манай хүнийг түүнтэй уулзаж явсан эсийг сонирхлоо. Нэг л удаа гэнэ. Содномнамжил “Манайд очъё" гэсээр дагуулж очжээ. Тэр манайх нь Балбарынх л даа.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.

Тэднийд Со-той хамт ном үзсэн шиг байж байтал Балбар найрагч халамцуухан, үзмэрч Дашцэрэн гуайг дагуулан орж ирээд, өрөө рүүгээ морилж. Тэгээд мань хоёрыг галын өрөөнд сууж байтал орж ирээд “Хэн бэ, юув" болжээ. Шүлэг бичдэг, тэр гэдэг ээ гэтэл, нэг шүлэг унш гэж. Цээжиндээ явдаг нэг шүлгээ дуржигнуулж орхитол, нөгөө өрөө рүүгээ сэвхийтэл ороод нэгэн шилтэйг барьж ирэн “Гөлөгнүүдэд нэг нэг хундагыг өгнө” гээд өгсөн гэж ярих нь тэр их хүн тоосны шинж байсан юм болов уу даа.

Бүргэдийн цагцгай тэнгэртээ өдөлдөг тухай,

Яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн түүнийг ихэд тоосон нь анзаарагддаг. Тэр яруу бийрч миний энэ гэгээн хэсүүлч эрхэм ахад зориулж,

Хаврын ногоо харагдахгүй ургадаг
Харагдталаа ургадаг
Хүний хүү үзэгдэхгүй өсдөг
Үзэгдтэлээ өсдөг гэж бичээд Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын эмхэтгэсэн Монголын сонгомол яруу найргийн чуулганд дархалчихжээ. Тэр үнэхээр харагдахгүй ургаж, харагдталаа, үзэгдэхгүй өсөж, үзэгдтэлээ явсны гэрч нь энэхүү бидний жимлэн яваа шүлгийн мөрүүд бөгөөд басхүү үндэстний сонгомол яруу найргийн өлгийд багтсан юм.

Эх нь ангаахайнуудаа хаднаас түлхдэг тухай,

Баяндалай сумын бямба гаригийн бага үдэд бид хоёр гарч, өнөө хавиргатай шөлөө дахин зооглолоо. Амралтын өдөр.ажлын өдөр хоёр сумын сууринд ялгаа алга. Манай хүн уг нь намайг хотоос очих нь байна шүү гэж ярихад нийслэл рүү гарах гэж байгаад больсон юм л даа. Тийм тул бид хоёр өнөөдөр Өмнөговь руу хамт явах юм. Тэндээс тэр нийслэл рүү машинд суух билээ. Түүний энэ амьдрал, аж байдалтай танилцъя хэмээн ирэх гэж байгаагаа хэлтэл утасны цаанаас “Золоо, миний хөө, чи ер нь ирэх хэрэг байна уу даа” гэж нэг их хөгшин хүн шиг хэлснийг нь хэлбэл инээж л сууна. Ганцаараа байгаа, эхнэр хүүхэд нь хот явчихсан болохоор мань хүн тэгж хэлээ биз дээ. Ер нь тэгээд эхнэр эзгүй бол ямар ч анхиатай эр бүтэн амьдарч чаддаггүй хойно, гал тогоо амарч, гал хөс зутрах буюу.

Эгц тэр өндрөөс жигүүр дэлгэж чадсан нь нисдэг тухай,

Эхнэр хүүхдээ санаж байгаа нь илт. Жаахан жаахан санаа алдах маягтай. Бид хоёр тийнхүү хооллоод, буцан гэрт нь ирлээ. Гэрийн эзэн энэ Баяндалайд одоо нэг жил л болох санаатай бололтой. Тэгээд хоёр хивс хуйлж, бас бус зүйлийг авч явахаар бэлтгэлээ. Ирэх өвөл ганцаараа чардайж өвөлжих, эхнэр хүүхдээ хотод төвхнүүлэх бодолтой юм байна. Тэгээд бага сагаар увуу цувуу нүүж байгаагийн нэгтэй нь би таарлаа. Эхнэр хүүхэд нь сарын өмнө хот явсан болохоор энэ айлын хүрээ тийш нүүдэл нэгэнт эхэлжээ.

Жигүүр дэлгэж чадсан нь жинхэнэ бүргэд болдог тухай,

Гэрээ нэг сайхан барих юм сан гэж ярьж байна. Ийнхүү сүүлийн арав гаруй жил нэгээс нөгөөд нүүн амьдрахдаа гэрээ авч явсангүй. Хотод хураачихжээ. Сумын нэг чухал алба л юм болохоор, хөдөө аль ч сууринд сургуулийн багш нарын байр байдаг. Тэр бол энэ хүний нүүдэллэсэн жилүүдийн эдлэн гэр болжээ. Гэрээ барих барихдаа нутагтаа барихсан гэж ярина. Надад бас тийн санагддаг билээ. Аавын гэр бас хураалгаатай л байгаад байгаа даа. Авааль тоонотынхоо нэгэн сэргэлэн дэнж дээр дүнхийлгэхсэн. Аргал түлж, цай чанаад, цас бороонд норгож, нар салхинд хатаахсан гэж санагддаг. Ахад бас тийнхүү санагддаг ажгуу.

Жишимгүй хүнд сорилоор бүргэд нэрэндээ хүрдэг тухай,

Бид хоёр ийнхүү авч явах зүйлээ банжаад, миний ирсэн машины жолооч руу дохин шүгэлдтэл тэр дороо давхиад ирлээ. Гэвч бас явахад бэлэн биш ажээ. Гэр цоожлох цоожгүй байгаа юм байна. Би дэлгүүр рүү гүйтэл, араас “Хоёрыг” гэж захив. Түүнд бас нэг ажил байгаа аж. Тэр бол сургуулийн захирлаас амралтын мөнгөө авах. Амралтын мөнгө нь буухаар захирал аваад түгжчихэж. Авах хэрэгтэй цагт нь өгөхөөр тэр шүү дээ. Эс тэгвээс манай хүнийг баахан хайнгадаж, үрэх вий гэснээс тэр л дээ. Тэдний захирал бас холын Увсын хүн юм билээ.

Зэм магтаал аль алиныг нь дааж хүн болдог тухай

Тэгээд өөртэй нь адил нутаг холын энэ залууд, ах зах нь аав ээж нь болж явдаг ажээ. Уншигч авгай та өршөөгөөрэй л дээ, би энэ хүний тухай өгүүлэхээс аргагүй боллоо. Эцэг минь багшийн сургуульд үй зайгүй ганц найзтай байсан нь энэ хүн байсан юм билээ. Тэгээд хоёул сургуулиа сайн төгсч, их дээд сургуульд багшлахаар болж, хонхны баяраа хийж явахдаа, даруу нь дэндсэн энэ хоёр нөхөр нэг муу үл бүтэх цагдаа зодсон хэргээр хөдөө тийш “цөлөгдсөн” гэдэг. Аав энэ тухай ганц нэгхэн ярьсан юм. Тэгтэл тэр найзтай нь ингэж уулздаг байна шүү. Энд ингэж таарна ч гэж зүүдэлсэнгүй явлаа. Өчигдөр би үдэш Хонгорын овоо тийш явахынхаа өмнө бяцхан дугхийсэн юм. Тэр үеэр энэ Ч.Батсүх ах маань халамцуухан орж ирэхээр манай хүн намайг сэрээх гэтэл “Битгий сэрээ, Аавынхаа дэргэд жаахан унтаг” гэж хэлснийг багш ах надад хэлэхэд самсаа шархирах шиг болсон шүү. Баяндалайд би ингэж “аавтайгаа” уулзлаа…

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.

Миний авчирсан цоожийн нэгээр нь гэрээ, нөгөөгөөр нь ангийнхаа хаалгыг түгжээд Баяндалайгаас хөдлөхөд хэдэн ноход даган давхилдлаа. Гэвч хэдхэн харайгаад, энэ халуунд хаа хүрэх вэ, буцлаа даа. Нэлээд явж байгаад эргэж харлаа. Нийлэн үргэлжлэх тэнгэр газрыг зэрэглээ үелээд, үелэн зэрэглээтэх тэрхүү урсгалд Баяндалай сум хөвөн хөвөн хоцорлоо. Өглөө босоход цай оруулж ирсэн бүсгүй, үнсэж уулзсан Батсүх ах хоёр маань даллан даллан үдэж байх шиг санагдлаа.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.

Ихэд халуун тул Сарын хөндий өгсч явтал машин халаад явдаггүй. Салхи сөргөж харуулаад жаал зогслоо. Өмнөговь ороод, улмаар хот руу эхнэр хүүхэд рүүгээ явах тул манай хүний хөл хөнгөрч, сэтгэл гэгэлзжээ. Юу юугүй дэгдэх нь үү гэмээр л байна. Охины овоон дээр ирээд зогстол “Овооны эх танд, олзны их надад” гэх нь эгээ л халамцуу байна уу гэхээр чанга чанга шүү. Тэгснээ “Ганц юм аваад гарахгүй” гэж өөртөө хэлж байгаа нь үнэн голоосоо.

Өндөг бүсгүй хүн хоёр адилхан тухай,

Бид Зүүн болоод Дунд Сайханы уулын дундах Охины овоон дээр ийнхүү зогсч байна. Эгэл боргилхон хөдөөгийн тосгоноос тосгон дамжин амьдарч, монгол хэл уран зохиолын багшийн ажил хийн аж төрөн яваа түүний хань ер нь ямархуу хүн бол гэсэн бодол төрнө. Гэрт нь байх жаазтай зургийг нь үзсэн. Арван найм, есхөнтэйгээ энэ эрийн гэргий болсон тэрээр нүдэнд дулаахан бор бүсгүй харагдана билээ. Ааш аягыг нь эс мэднэ. Ийм хүнтэй амьдарч явааг нь бодоход аядуу намуун, зөөлөн дулаан хүн болов уу даа.

Өндөр нам хоёр ялгаагүй тухай,

Гэвч хар нялхаасаа аглаг буйдад амьдарсан тэрээр хотод амьдарч болмоор санагдсан юм уу, ерөөс хотод ажиллаж амьдаръя гэж шийдсэн юм уу хот руу явж одож. Нөхөртэйгээ үгсэж тохирсон ч биз ээ. Гэвч би асуусангүй. Энэ бол тэдний л амьдрал. Тэднээс өөр хэн ч бүтээхгүй нэгэн хувь жаргал. Ийнхүү бодож явтал, замын нэгэн айлын гадаа машин зогслоо. Тэднийд ортол, ямааны элгэн тараг аягалж өгөв. Амттай гэж аргагүй, хэл тагнай хоёр хэлгий цагаан бурманд шунан суухуйяа, гадаа олон адуу дэргэн ирлээ.

Тогтоол ус нуур хоёрын аль гүн тухай,

Гарч ганганд шахсан адуунаас унаа юүлэлцлээ. Гал улаан бууралтай тэр сайхан адуунууд мөлчийтөл үсээ хаяж мөр зоо тэнэгэртэл таргалжээ. Унаар даан даан харшиж, тохмон ороор дайршсан хоёр морь толгойгоороо тоглож, тоосноосоо бусган уул руу чиглэн дэргэх сүргийн араас зайтайхан шогшино. Тэгсэн мөртлөө явуутаа зогсосхийж, уруулаа нидэрчихлээ байна гэмээр шороо тургилан өвс хазлана. Тэгээд аяархнаар, түрүүлж одогсод руугаа хүзүү өлгөн үүрсээд, тэмүүлэн хатирсаар одлоо. Тэр сая тавьсан морь шиг миний хамт яваа нөхөр, тийнхүү бас тэмүүлэн урагшилж явна уу даа.

Тогоруу цам харайхдаа юу боддог тухай,

Биднийг Зүүн Сайханы өмнө бэл рүү бууж явахад бороо шаагин шаагин орлоо. Бадархундага нуурын ёроолын мөнгөн өргөлүүдийг мандал дээр нь хөвүүлмээр устай бороо орлоо. Бадархундагаас хаа хол, бараагүй алсад явахад ийнхүү бодогдох хачин. Гэвч байз би, Бадархундага нуурын хөвгүүнтэй хамт яваа шүү дээ. Гэвч бас байз би, Бадархундага нууранд мөнгөн өргөл өргөдгийг дуулсан болохоос үзсэн биш, Бадархундага нуурыг дуулсан болохоос хараагүй шүү дээ. Бадархундагын хөвгүүн дэргэд яваад бараа холын нутгаа сэтгэлдээ үзсэн нь, борлог талын элгэнд хамт яваа надад “халдварлаж" үзэгдсэн нь тэр юм болов уу даа.

Харанхуй гэрэл хоёрын мөн чанарын тухай,

Өнөө гайхам бороо тэгэсхийгээд татарлаа. Уруудаж яваад буутал газар хув хуурай. Урин уст тэр бороо уулын өвдөгнөөс дээш орж л дээ. Тэндээс алгуурхан явсаар Даланзадгад хот дээр ирлээ. Манай хүн хэдийдээ танил болсон юм нэг эмээгийнд ирлээ. Тэр эх арван хоёр хүүхэд төрүүлсэн буурай ажээ. “Арван гурав дахь нь би” гэж манай хүн өөрийгөө заав.

Хагацаж чаддаг нөхөр үнэнч байдаг тухай,

Завханы гүйгүүл морь шиг энэ хөвгүүнд ижий нь болж, арван гурав дахь хүүхдээр нь өөрийгөө тодруултал ижилдсэнийг бодоход түүний сэтгэл далай биз ээ. Ер нь мань энэ хэсүүлч, нүүдэлч амьдралдаа хэдэн ч ээжтэй, хэдэн ч аавтай, хэдэн ч дүүтэй болсон байж магадгүй. Энэ бол түүний амьдрал, харгуй зам ажээ. Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг. Тэр аавуудыг өөртөө олсоор, хайрлуулсаар, агт морьдыг унасаар, сэлгэсээр амьдарч яваа нь энэ буюу.

Хамгийн эхний болоод эцсийн тухай,

Хот руу эхнэр рүүгээ залгаж ярьлаа. Байгаа айлаасаа түр гараад явчихсан байна гэнэ. Утасны цаанаас эмэгтэй хүн “Хэзээ ирэх вэ, хүүхдүүд чинь санаад байна. Уйлаад байх юм” гэх нь сонсогдоно. Бид хоёр маргааш өглөө хот руу явах шуудангийн машины тасалбар авлаа. Даланзадгадын нойрмог шөнө дундаа оржээ, бид ч унтлаа.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.

Өглөө эрт тэр намайг зам дээр гаргаж нисэх буудлын тийш машинд суулгаад, тэврэн авч “Хотод уулзамз” гээд үдэж өглөө. Онгоцны цонхоор тэнгэрийн хязгааргүйг ширтэн би түүний тухай бодож явна. “Намайг багтаасан эх орон дэлхийн дайтай. Надад багтсан эх орон түүнээс ч том” гэж түүний нэгэнтээ хэлсэн нь санагдана. Тэр ийнхүү өөртөө багтаасан дэлхийгээс ч том эх орондоо, гүн ухаантан адил ширээ түшин бодлогоширч, гүйцэд болоогүй мойл жимс амсаж, мойлын төгөлд адуу ирж саатахад хамтдаа саатаж, тэр адуу нутаг тэмцэж явсныг нь мэдэж, тэмүүлж яваа нутаг нь орчлонгийн захад байдгийг зөгнөж, мойл жимс гүйцэд болоод унахад нь тосож, морин тэр цагт хачин тунгалаг нулимс унагахад өрөвдөж, хачин тунгалаг нулимс нь нэгээхэн дэлхий мэт эргэлдсэнийг алган дээрээ унагаж, харшинга тэр адуу нутаг гүйсэнд уярч, орчлонгийн захад уулсын хормой адууны нүдэнд үзэгдэхэд уймж, онхид мартагдсан хонгорзулын үнэр ирэхэд гэгэлзэж, хөөрхий тэр адуу урд хоёр хөл дээрээ сөхөрөхөд хөндүүр зүрх нь сэдэрч, хөх мах нь чичрэхэд уйлж, бүх юм сайн сайхан руу тэмүүлэхэд гэрэлтэж, бүр эртний учрал хагацал болоход гутарч, сайн сайхан руу тэмүүлээд сөнөхөд уужирч, сац бас тэр сөнөлт сайн сайхан болоход бясалгаж, сая сая жилээр хөдөлгөөн дунд оршиход нэвтэрч, салхин хөдөлгөөн дунд үхэж, бас өндийж байдгийг ухаж, үхэж бас өндийх хөдөлгөөн мөнхөд үргэлжлэхийг гэгээрч, өнө мөнхийн энэ үргэлжлэлд орчлон тогтдогт тээнэгэлзэлгүй, орчлон өөрөө сөнөдгийг сэрж, онхид мартагдсан хуучныг шинэ гэдгийг баталж, яг одоо бороо ороход яруусч, бүргэдийн цагцгай тэнгэрт өдлөхийг жам хэмээж, эх нь ангаахайнуудаа хаднаас түлхэхэд эмзэглэж, эгц тэр өндрөөс жигүүр дэлгэж чадахад нь хамт нисч, жигүүр дэлгэсэн нь жинхэнэ бүргэд болдог үнэнийг гэрчилж, жишимгүй хүнд сорилоор бүргэд нэрэндээ хүрдэгт итгэж, зэм магтаал аль алиныг нь дааж хүн болдгийг нэгэнт сэхээрээд, өндөг бүсгүй хүн хоёр адилханд ээнэгшиж, өндөр нам хоёр ялгаагүйг хэмжиж, тогтоол ус, нуур хоёрын аль нь гүнг алдалж,тогоруу цам харайхдаа юу боддогийг мэлмийлж, харанхуй гэрэл хоёрын мөн чанарыг зааглаж, хагацаж чаддаг нөхөр үнэнчийг шүтэж, хамгийн эхний болоод эцсийн бүхнийг тунгаан амьдрал, бүтээлийг туурвиж явна. Энэ хүнийг Базарсадын Баттулга гэдэг юм. Түүнийг би Гэгээн хэсүүлчин гэж нэрлэсэн юм аа.

2007 он
Баастын ЗОЛБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж