Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын өрөөнд өнөөдөр /2019.01.07/ болсон албан уулзалт хэвлэлийнхний анхаарлыг багагүй татлаа. Уг уулзалтаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд шилжүүлэхээр ярилцжээ. Энэ асуудлыг ирэх Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх аж.
2016 онд Оросын "Ростех" компанитай хийсэн "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдах хэлцлийн үеэр "Монголын зэс" корпораци Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг мөн давхар худалдаж авсан. Гэвч, "Монголын зэс"-ийн Оростой хийсэн наймаа эдийн засаг, улс төрд багагүй дуулиан тарьснаар тус компанийн мэдэлд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд 100 хувь буцаан авах тогтоолыг 2017 оны хоёрдугаар сард УИХ гаргасан юм.
УИХ-аас гаргасан тогтоолын дагуу 2017 оны гуравдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар "Эрдэнэт-ийн 49 болон "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргасан. 2017 оны гуравдугаар сард Засгийн газраас гаргасан 14 дүгээр шийдвэрийн араас өрнөсөн өмчийн маргааныг өнгөрсөн 2018 онд Улсын Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн.
Улсын Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан гаргасан ОӨУБЕГ, ТӨБЗГ-ын захирамжуудыг хууль зөрчсөн байна гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлсэн Засгийн газрын шийдвэр болон улсын бүртгэлийн гэрчилгээнээс 49 хувийн талыг хассан үйлдлийг шүүх буруутай гэж үзсэн.
Харамсалтай нь, шат шатны шүүхийн шийдвэрийг үл ойшоож, өнгөрсөн оны намар Засгийн газраас "Монголын зэс"-ийн мэдэлд байсан тусгай зөвшөөрлийг нь "Эрдэнэс Монгол"-д 100 хувь шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Харин ирэх Лхагва гаригт У.Хүрэлсүхийн Засгийн газар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг "Монголын зэс"-ээс авч "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд 100 хувь шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болж байна.
"Монголросцветмет” компани гэхэд 70 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Төмрийн хүдрийн үнэ унаснаас компанийн орлогын эх үүсвэр саарч эхэлсэн. Техник, тоног төхөөрөмжийн насжилт өндөрсөж, хуучирсан. Томоохон хэмжээний технологийн шинэчлэл олон жил хийгээгүй" талаар "Монголын зэс" компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлсэн билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ