Монгол гэдэг компани дампуурах тийшээ хандаж байна. Яг өнөөдрийн байдлаар улс төр нь эдийн засагт асар сөргөөр хүчлэн нөлөөлж, муугийн дохио бүхнийг өгч байна. Эдүгээ талцаад байгаа МАН-ын Ерөнхий сайд, “түүний дор” мэт байгаа УИХ-ын даргын албан тушаалтай холбоотой хэрүүл, хийрхэл утгаа алдав. Санаагаар болдогсон бол амжилттай бизнесмэний гараар Монгол Улс гэдэг компанийг удирдуулахгүй бол энэ компани дампуурлаа.
Учир нь бизнесмэн бодит баримтад тулгуурлаж шийдвэр гаргадаг. Ядаж л бодит нөхцөл байдалтай нүүр тулахаас зугтаж, гоё үгээр чимэхгүй. Цаашилбал эр зориг гаргаж хариуцлагаа хүлээж чаддаг энэ чанар нь төрийн удирдлагад ус, агаар мэт хэрэгтэй байна. Улстөрчид, төрийн удирдагчид мөнгөнд дуртайг бид хангалттай харлаа, уншлаа, жигшлээ. Харин одоо мөнгөнд дуртайгаа хүлээн зөвшөөрөөд, цадчихаад, одоо эх орны төлөө гэсэн хүн байвал итгээд үзвэл яасан юм бэ?
Олон жил татвар төлсөн хүн төрд хуримтлагдсан татварыг юунд зарцуулахыг хүсч байсныг одоо харцгаая. Лав л “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн мөнгийг улайм цайм Б.Ундармаагийн банк руу өгөөд алдчихгүй.
Өнөөдөр эдийн засгаа хар даа! Суурь инфляци чинь удахгүй зорилтот түвшингээсээ давна. Цагаан сар айсуй. Махны үнэ хөөрөгдөнө гэдэг хүлээлт хаа сайгүй тархаад хятадуудыг царайчилж худалдаж эхэлсэн нь бодит үнэн. ОХУ-д татвар нь нэмэгдсэн шатахууныг Монголд хямдхан авмаар байна гэх үлгэр сонсохыг хүсэхгүй байна.
Ам.долларын ханш өссөөр… Алтны татвараа нэмсэн, одоо ёрлоод байсанчлан далд аргаар чинь урсаж өгнө. Зохицуулалтаа булшлах гээд яарч тэвдэж байгаа хэсэг улстөрч үүнд хариуцлага хүлээдэггүй юм. Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, алт олборлогчид хэл амаа ололцоод, зорилтоо хангаад хэвийн явж байсан нэг гарцыг хаах нь энэ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт тэртэй тэргүй харьчихсан. Салхитын ордод төрийн террор жүжиг тоглож байх хооронд, он солилцох мөчид Тавантолгойн цахилгаан станцын талаар гэрээ хэлэлцээ хийж байхад хөрөнгө оруулагчид нүдээ аниад сууж байх уу. Үндэсний үйлдвэрлэгчдээ улс төрийн шалтгаанаар хяхан хавчиж, улстөржсөн зээлүүд илэрч булхай луйвраа ухалцах мөчид Монгол Улс гэдэг компани дампуурч байна.
Монголд өнөөдөр хэн жаргалтай вэ. Улстөрч жаргалтай. Хууль эрх зүйн талаасаа ч, эрх мэдэл, эд баялаг, хөдөлмөр эрхлэлт талаасаа ч нүүр нь туяарч нүд нь гялалзаж байхаас яахав. Харин хэн зовж байна вэ гэвэл дийлэнх нь дундаж давхаргынхан болон ядуу, нэн ядуу иргэдийг хэлэх байх. Үнэн хэрэгтээ төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, эрүүл мэндийн зардлыг санхүүжүүлэгч баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид зовж байна. Үүнийг Зайсан дахь хаус, дөрвөн дугуйтынх нь тоо ширхэг, хэлбэр хэмжээ, үнэ ханшаас өөрөөр авч үзэх цаг болсон. Хязгааргүй үүрэг үүрч, хязгааргүй хариуцлага хүлээгч, хууль тогтоомжийн дордуулсан өөрчлөлт, шүүхээр тогтоогдоогүй “гэмт хэрэгтнүүд” гэх яллалт, татварын нэмэгдэл… бизнесмэнүүд үгүй бол хэн мөнгө “үйлдвэрлэх” вэ.
Бизнесмэнүүд ажил хаявал яах вэ. Төр жаргах уу, иргэд жаргах уу. Бизнесмэн гэдэг маань хаан, ноёны зиндаатай биш ээ. Эрдэмтний зиндаатай ч биш. Бүхнийг яригчид биш бүхнийг хийгч олонлог тэнд бий. Товчхондоо мэргэжлийнхэн, төрийнхөн, төрийн албаны болон үйлчилгээний албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, ажилгүйчүүд бүгдэд нь шаардлагатай материаллаг зүйлсийг бий болгодог тэнгэрлэг, оюун санааны “лидерүүд” юм. Тэднийг “эрх чөлөөтэй” байлгавал улстөрчидтэй “сандал булаалдаад” байхааргүй юмсан.
Одоо Улаанбаатарын инфляциа болон валютын нөөцөө харахаар юун нэг ордод очоод гүйцэтгэх ажиллагаа явуулаад, товчлуур дараад татвар нэмээд байхтай манатай л харагдана. Улстөрч, удирдагч өөрийгөө яаж ч илэрхийлж болно. Тодруулбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “гүйцэтгэгч” Г.Занданшатар нар хятад хүн Монголд бизнес хийхэд дургүй, татвараа нуугаад байна гэж бодвол /шүүхийн тогтоол хараагүй/ хөөгөөд гаргах эх оронч ажээ. Дургүйгээ хүргэсэн УИХ-ын гишүүний хамаарал бүхий компанийн лицензийг хураагаад авах эрх мэдэлтэйгээ чуулганы танхимд чанга дуугаар зарлахыг хүсчээ. Харин тэд инфляцийг тогтоох уу, бууруулах уу. Шатахууны үнийг, махны үнийг, ам.долларын ханшийг тогтворжуулах уу. Энэ эцсийн үр дүн л иргэдэд чухал. Бүх мэргэжилтний амь зуулга нь ямар нэг бизнестэй хамааралтайн адил улстөрчийнх ч хамааралтай. Хамаарал нь дэндээд хуулийн байгууллагаар шалгагдаж буй, бүр УИХ-ын гишүүний халдашгүй эрхээс нь чөлөөлж байгаад шалгах шаардлага ч урган гарч байхад “Мөнгөнд дургүй” гэж хашхирсаар л байх уу. Энэ бол шархираан. Энэ бол иргэдийн чинь өлсөж зовсон, өвдөж шаналсан гаслангийн дууны дэргэд юу юм бэ. Сонгуулийн өмнөх жилийн эдийн засаг гэгч хар жилд популизм хэрхэн өрнөдөг, юунд хүргэдэг, хямрал нь хэр удаан үргэлжилдгийг сонгогчид мэднэ. Иргэнээ баяжуул. Хувийн хэвшлийнхнээ баяжуул. Улсаа баяжуул, удирдагчид аа! Төрд буу хэрэгтэй юу, ам.доллар хэрэгтэй юу?!