-Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:1 онооны харьцаагаар Зүүн Тиморын баг дараагийн шатанд шалгарлаа-
2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн эрхийн төлөөх эхний шатны хариу тоглолт өнөөдөр эхэлж байна. 10 улсын баг эхний шатанд оролцож байгаагаас тэднээс хоёр тоглолтын нийлбэр дүнгээр таван баг дараагийн шатанд өрсөлдөх эрхийг авах юм.
Монгол-Зүүн Тиморын хариу тоглолт өнөөдөр Улаанбаатар хотноо болж, зочин баг 1:0 онооны харьцагаар хожлоо. Тоглолтын ес дэх минутад 19 номертой Патрик Фабиано цорын ганц гоолыг оруулав.
Ингэснээр Зүүн Тиморын шигшээ баг 5:1 онооны илт давуугаар дараагийн тойрогт тоглох эрхийг авлаа.
Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүх өнөөдрийн тоглолтод довтлогчоор А.Цолмон, Н.Наранболд, Н.Цэдэнбал, хамгаалагчаар Б.Эрхэмбаяр, Ц.Энхжаргал, Б.Гарьдмагнай, Г.Билгүүн, хагас хамгаалагчаар С.Гал-Эрдэнэ, Х.Цэнд-Аюуш, А.Мөрөн, М.Төгөлдөр, хаалгачаар Б.Ариунболд нарыг сонгосон билээ.
Хоёр багийн эхний тоглолт Зүүн Тиморын талбайд гуравдугаар сарын 12-ны өдөр болоход 4:1-ээр талбайн эзэд хожсон. Харин энэхүү тоглолтын манай цорын ганц гоолыг шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Ц.Энхжаргалын дамжуулалтаар Б.Эрхэмбаяр мөргөж оруулсан юм. Ийнхүү 2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн эрхийн төлөөх эхний шатанд манай шигшээ баг хожил авч чадсангүй нэг гоолтой өндөрлүүллээ.
Зүүн Тиморын шигшээ багийн хувьд хоёр хожилтой дараагийн шатанд шалгарав.
АЗИЙН БҮС. I, II шатны тоглолтууд: (III.12, III.17)
Энэтхэг (171) – Балба (198) 2:0
Йемен(176) – Пакистан(188) 3:1
Зүүн Тимор(185) – Монгол(194) 4:1, 1:0. Нийлбэр дүнгээр 5:1 онооны харьцаагаар Зүүн Тимор хожлоо.
Камбож (179) – Макао(186) 3:0
Тайвань(182) – Бруней(192) 0:1
Шри-Ланка(172) – Бутан(209) 0:1
( ) Олон улсын хөлбөмбөгийн холбооны чансааг бичлээ.
Дашрамд дуулгахад, Олон улсын хөлбөмбөгийн холбоо(FIFA)-ны гишүүн 209 орноос тив тивээс шигшигдсэн 32 улс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ОХУ 2010 оны арванхоёрдугаар сард авсан юм. Тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд тэмцээний тоглолт болохоор төлөвлөгдөж байна.
Ч.БОЛОР