Сөрөг хүчин олонх Конгрессийн даргаар Хуан Гуайдо сонгогдсоноор Венесуэльд улс төрийн салхи эргэх нь. Тэрбээр ирэх долоо хоногт тангараг өргөснөөр Конгрессыг тэргүүлж эхэлнэ. Сонгогдсон даруйдаа Хуан Гуайдо дарангуйлалтай тэмцэж, шударга сонгуулийг явуулах болно гэсэн юм. Тэрбээр Ерөнхийлөгч Николас Мадурог эдийн засгийн буруу бодлого баримталсан хэмээн буруутгажээ. Гэхдээ одоогийн байдлаар Венесуэлийн Конгресс нь Ерөнхийлөгчийг бодвол хүчгүй, Мадурогийн бүрэн эрхийг хязгаарлах хуулийн зохицуулалтгүй байна. Тухайлбал, сөрөг хүчний улстөрчид бөөнөөрөө бойкотлосон ч Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн онд улиран төрийн тэргүүнээр сонгогдсон. Тэрбээр эрх барих Социалист нам болон Дээд шүүхийн тусламжтайгаар Конгрессыг чадамжгүй болгож, өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлжээ. Түүнчлэн сөрөг хүчний олон улстөрчийг баривчлан хорьж, улс төрийн лидерүүдийг эх орноосоо хөөн гаргах арга хэмжээ авчээ. Гэхдээ венесуэльчүүдийн туйлдсан амьдралыг өөрчлөхийн төлөө Хуан Гуайдо ажиллахаа мэдэгджээ. 35 настай Хуан Гуайдо аж үйлдвэрийн инженер мэргэжилтэй. Тэрбээр Үндэсний ассамблей бол Венесуэлийн ард иргэдийн сонгосон цор ганц хууль тогтоох байгууллага гэдгийг онцолжээ.
Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй Венесуэль улс дампуурлаа зарлахын наана байгаа нь эдийн засаг, улс төрийн буруу бодлогын үр дүн гэж шинжээчид дүгнэдэг. Гэтэл Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийгөө эдийн засгийн дайны хохирогч хэмээж, сөрөг хүчнийг АНУ-тай хуйвалдсан гэж буруутгаж байна. Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавес бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн жилүүдэд эдийн засгийн гол салбаруудыг нийгэмчилж, Төв банкны бие даасан байдлыг устгасан нь одоогийн хямралын гол шалтгаан хэмээн санхүүгийн шинжээчид үзжээ. Уго Чавесын бодлогыг үргэлжлүүлэхээр гарч ирсэн “автобусны жолооч” Николас Мадуро эдийн засгийг улам дордуулав. Өдгөө Венесуэлийн жилийн инфляц нэг сая хувь хүрч, хүнсний бүтээгдэхүүн, эмийн хомсдол ард иргэдийг туйлдуулж байна. Энэ нь нэг ам.долларыг нэг сая боливараар худалдаж авах хэмжээнд хүрсэн гэсэн үг. НҮБ-ын судалгаагаар 2015 оноос хойш Венесуэлийн гурван сая хүн ядуусын эгнээнд шилжжээ.
Холбоотой мэдээ