Хуучирсан мэдээ: 2019.01.06-нд нийтлэгдсэн

 

 

Даланзадгадын онгоцны буудалд өглөө эртээ буухад говийн өглөө хэдийнэ хижээлдэж, намуун цагаан униар суунаглаад, хугас өртөө газрын тэртээ өмнөдөд аймгийн төвийн байшингууд зэрэглээнд долгилон дондолзож үзэгдэнэ.
Зүүн болон дунд Сайханы уулууд халуунд залхсан юм шиг нойрмоглон нозоорч, хяр сэрвэнгийн нь хэжмэг сүүмэлзэн сэтэлзэж үзэгдэх нь мөн л нөгөө зэрэглээний явдал л.
Хоёр уулын дундуур баруун хойш чиглэн хөдөллөө. Баяндалай сум орохоор явж байгаа минь энэ. Тэнд нэгэн шүлэгч амьдрах бөгөөд түүний амьдрал аж байдлыг нэгээхэн ч харж үзээгүй билээ. Хааяа нэг хот хүрээнээ ороод ирчихсэн байна. Хол газраас ирсэн явдал суудлынхаа харшаанаас болоод тэр юм уу, угаас тийм гүйгүүл адуу адил аяншмал амьдралтайгаас тэр юм уу, нэгэнтээ хөлөө сойн амсхийх унаарын морь адил чимээгүйхэн байж байснаа, аанай л таг чиг алга болно. Үзтэл танихгүй хүнд бол, хэн ч ойшоож харамгүй нурамгар шар эр л дээ. Нар салхины улбаатай гандмал шар нүүрийг нь мөн тийм өнгөт нүд чимэглээд, туранхайхан агаад туниа муутай ч гэж харагдмаар жижигдүүхэн биетэй. “Болор цом”-д хааяа шүлгээ уралдуулж, баруун гарын долооврыг тэнгэр рүү сумлан байн байн чичиж, тенор гэмээр юм уу хоолой¬гоор хашгичих маягтай уншихдаа, өнөө номхон байдал нь шал өөр болчих нь бий. Хөшигний араар журмын нөхөдтэйгөө жаахан хатуу юм татаж дөрөө чангалдагсанж уу, ерөөс тайзан дээр шүлгийг ингэж унших ёстой гэж боддогсонж уу эс мэднэ. Гэвч тэр бол ямар нэгийг дуурайх, дагаж хашгирахыг боддоггүй нэгэн болов уу гэж бодогддог. Тэр нэгэнтээ “Амьдран буй цаг хугацааны энэхэн үргэлжлэлүүдэд Дорнодын Чулуунхороотод ч юм уу, Ховдын Дуутад очиж амьдармаар санагддаг л байхгүй юу” хэмээн хэлсэн нь бий. Монголын зүүн цэг Чулуунхороот, баруун цэг Дуут билээ. Эх орны баруунаас зүүн хүртэл нүүх тэмүүлэлтэй амьдарч явдаг яасан чадалтай нүүдэлчин бэ гэж бодогдохоор байгаа биз.
Ийнхүү бодож явахад энэ нүүдэлчний ийм нэгэн шүлгийн эхний мөр санаанд орж ирнэ.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна. 
Ингэж хэлсэн тэр шүлэгчийн тухай машины бүхээгт би бас бодлогоширч явахад салхивчаар нялх ногооны үнэр хийгээд тэрүүхэн саахалтын айлын хотон дахь хонь малын задгай баасны үнэр салхин хурдаар самсаа шүргэн ирэх нь содон сайхан. Хоёр Сайханы дундуурх ухаа толгод, жалга сархиаг цайвар ногооноор өнгөрөөд, цаанаасаа л нэг говийн элгэмсүү зөөлөн өнгө даана. Хул хонгор, бараан хээр голлосон хэсэг хэсэг адуу уул дэллэн хурж зогсоцгоосон харагдана. Явсаар Охины овоон дээр ирвэл, тэртээх баруун хойтод Зөөлөнгийн нуруу өндөлзөх нь эгшмэл ягаан бэхэн. Тэндээс цааш хөдөлж, уруудан давхих замыг хашсан энэхүү уудам гууг Сарын хөндий гэх ажээ. Сарын хөн¬дий уруудан Зөөлний нурууг чиглэн давхиж явтал төд мөдхөн талын алган дээрх Баяндалай сум харагдлаа. Тэрхүү буйд суманд амьдрагч мөнөөх шүлэгчийн гэр бараа нь хаана байдаг юм бол хэмээн бодох завсар дээр ишилсэн шүлгийн нь хоёрдугаар мөр сэтгэлд зурагдана.

Гүйцэд болоогүй мойл жимсний тухай
Ер нь энэ шүлэг энэхүү бичлэгийн минь жим харгуй болох юм аа. Сумын төвд ирээд захын дэлгүүрээс нэг шил цэнхэр, чихэр, боовхон аваад “Монгол хэлний багш, шүлэг бичдэг шар нөхөр байдаг даа,тэднийх хаана вэ” гэж асуутал худалдагч бүсгүй “Сургуулийн арын модон байшинд” гэлээ. Арван цаг л өнгөрч байлаа. Өнөө модон байшинд нь яваад орлоо. Мань эр дөнгөж босч байсан бололтой “Хүүе, хүрээд ирэв үү” гээд, жаахан зовсхийсэн янзтай угтлаа.

Мойлын төгөлд адуу ирж саатсан тухай
Сургуулиас нь тавьж өгсөн тэр байшин оруут галын өрөө, цааш дамжаад зочны өрөө болж дуусах аж. Тэд¬нийх аяга шанаганы шүүгээ, унтдаг буйдан ор, зурагт, ширээ сандал зэрэг тоймтойхон хогшилтой айл юм. Эхнэр хүүхэд нь эзгүй. Мань хүн олон юм ярьсангүй, үс нь нэлээд ургачихаж, “Би нэг хоол цай захиатахъя” хэмээн амандаа үглэснээ гараад явчихлаа. Бодвол сумын захиалгын гуанз, зоогийн газар дэргэд нь юм болов уу. Гэрийн гал тогоо тийш шинжин анзаарвал, хавь ойрдоо хүний гар хүрсэн шинж алга. Эхнэр хүүхэд нь “үүрээд” явчихаж л дээ. Гэр орон ч адил. Өөрийн нь унтдаг буйдангийн доод хөл хугараад хэлтгий ташаатай морь адил болжээ. Төдөлгүй углавч жийж, ташаагаараа судалтай биеийн тамирын хөх өмд дээр албаны цагаан цамц өмссөн монгол хэлний багш эр “Захиалчихлаа” гээд орж ирэв.

Тэр адуу нутаг тэмцэж явсан тухай
“Үгүй ээ чи бас, гэнэт ирдэг хүнээ. Би үдэш орой л ирэх юм бодож байлаа” гэснээ хувцасны шүүгээн дээрээс зурагтын хайрцагтай зүйл буулгаж ирлээ. Тэр хайрцаг дүүрэн хар дэвтэр. Хар дэвтрүүдээр дүүрэн шүлэг. Хэдэн ч ном болох юм, овоо юм байна, тэнд. Сайн ч, сайхан ч шүлэг байна, за яах вэ, байдаг л юм байна гэх нь ч байна. Харин уйтгар гунигийн шүлэг ер үзэгдсэнгүй, гэгээн хайр дурлал, аялгуу ялдам, зөөлөн дулаан сэдэв голлосон шүлгүүд зонхилох ажээ. “Баахан л бичлээ, ер нь ямар санагдаж байна” гэж асуув. Миний хувьд түүнд дүн тавих, хэмжээлэх нь илүүц бөгөөд ерөөс түүний хэсүүл, нүүдэлчин гэмээр амьдрал нь, энэхүү бидний бичлэгийн дундуур уншаад байгаа мөрүүд нь ихээхэн сонирхолтой, өөрийн нь зам шиг, хувь тавилан шиг санагддаг билээ.

Тэмүүлж яваа нутаг нь орчлонгийн захад байдаг тухай
Бид хоёр энэ тэрийг ярилцан жаал суугаад түүний захиалсан хоолыг идэхээр гуанзны зүг явлаа. Сум ажин түжин. Хөлийн улнаас элс халуунаар жигнэсэн говийн үд голлох дөхжээ. Баяндалай их цэвэрхэн суурин юмсанж. Гэтэл харин бид хоёрын гүнцэг барих зоогийн газрын үүдэнд машинд дайрагдаад нэг, хоёр хоносон болов уу гэмээр ялаа шавсан үхсэн муур байхыг тэр хавийнхан тоож байгаа янз алга. Зэлүүд энэ суурингийн уудам гудманд дайрч, дайрагдаж л байдаг, аль аль нь хөөрхий. Бараг цагийн өмнө дөө, захиалга манай хүн өгөөд ирсэн сэн. Тогооч бүсгүй бид хоёрыг баахан тоомжиргүй харснаа, “Одоохон хийгээд өгнөө” гэх нь мөдгүй шинжтэй.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна. 
Тэр хиртэй ус цалгиулан нэгэн хар тогоо угаах агаад бас завсраар нь шинэ гаргасан хонины жиргэж мөчилсөн мах, цэвэрлэсэн гүзээ сархинагийг нааш цааш болгон эмхлэх ажээ. Энэ махнаас хөшиглөж, энэ тогоонд чанаж өгөх бололтой. Буцаад цагийн дараа ирэхээр болоод гарлаа.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Бид хоёр буцаад гэрээдээ алхах замдаа сумын “Соёлын төв” гэсэн бичигтэй байшингийн хаалга руу аясаар яваад орох гэтэл өмнөөс нэг их том халтар банхар банхайтал зогсчихсон угтдаг байгаа. Нэг их гэм хортой биш байхаар зөөлөн нүдтэй занхгар толгойгоо хоёр тийш гилжийлгэн бид хоёрыг “Ийшээ орох нь уу”, “Энэ ер нь ямар харагдаагүй товариш ирчихсэн явна” гэсэн шиг баахан харж зогссоноо дуртай дургүй гарлаа. Соёлын төвөөр ортол эрхлэгчийн нь өрөө бололтой, хаалга дэлгээтэй, чингэлгийн түлхүүр зүүлттэй, цүнх онгорхой, за даа юм юм нь нээлттэй, өөрөө эзгүй байж байх юм. Бүжгийн том заал аниргүй, сэрүү татна. Нэг ч хүн тэнд алга. Ер нь бид хоёрыг ороход үүдээр дэмий нэг гарсан тэр нохой өрөөгөө онгорхой, хаалгаа дэлгээтэй, чингэлэг, цүнхээ нээлттэй орхиод түр гарсан эзэн нь мэт ээ.

Мойл жимс гүйцэд болоод унасан тухай
Тэндээс гарч сумын сургуулийн дэргэдүүр гарч яваад “Оръё” гэтэл, мань эр “Хувцсаа сольё. Ийм хувцастай орж болохгүй” гэлээ. Сумынхаа төв юугаар өнөө углавч, биеийн тамирын өмдтэйгөө хээвнэг явж явчихаад, гэрийнхээ гадаа байгаа, хичээл ном тарж хүүхэд шуухад нь амарцгаачихсан эзгүй сургуулиараа цухасхан орох төдийдөө хувцсаа солино гэж илүү явдал л баймаар. Захирал нь зөвшөөрдөггүйн дээр, өөрөө ажлынхаа танхимыг хүндэтгэж байгаа хэрэг бололтой. Ер нь тэр өөрөө Монгол Улсын Их Сургууль төгссөнөөсөө хойш, арав гаруй жил, хорвоод хөдөөний сумын сургуулиуд дамжин монгол хэлний багш болох гэж мэндэлсэн юм шиг яваа хүн. Архангайн Тариат, Цахир, Өмнөговийн Ноён, Баяндалайгаар буухиачлан ажиллаж, амьдарч яваа юм. Ингэж явахдаа л олсон соёл нь юм биз дээ, өмд, цамц, гутлыг сольж албархаг төрхийг бүрдүүлээд Баяндалай сумын арваннэгэн жилийн хичээлийн сургуулиар намайг дагуулан орлоо. Хөдөөгийн бага сургуульд хүүхэд насаа үдсэн минь санагдана.

Морин тэр л цагт хачин тунгалаг нулимс унагасан тухай
Үд дундын наран доорх бүгчим сумын сургуулиар ороход сэрүү татаж ханхийнэ. Агуйн болор амьсгал мэт аятайхан. Олон жилийн эдэлгээнд чийртэж балбагдсан сурагчийн сандлууд хаа хаанаа мөлүүтэн бөөрөнхийлжээ. Жил жилийн эдүгээ цагт будган давхаргад хучуулсаар, цаад яс мод нь хаа байгаа нь мэдэгдэхээ болиод, гагцхүү ганцхан хөх будгаар л давхарлан давхарлан бүтээсэн мэт харагдана. Баахан том хөх лаагаар урласны адилхан ч юм шиг. Энэ сургуулийн Монгол хэлний анги Д.Сэнгээ, Л.Түдэв, Ч.Ойдов, Л.Ванган, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарын залуу зандан, илбэж хэвшүүлсэн гялгар халимагт хөргүүдээр гоёжээ. Зэргэлдээ ангид бүсгүй хүн намуухан дуулж, будагтай багс хананд нийлэн нялгачих чимээ дуулдана. Олон хүүхэдтэй эх хүүхдүүдээ үдэш унтуул¬чихаад, чимээгүйхэн дуу аялаад утас ээрэх ч юм уу, аяга шаазангаа угаах шигтэй адилхан мэдрэмж төрүүлнэ. Тэндээс бид хоёр гарч, гэртээ ирлээ. Манай хүн “За байз, хоол болдоггүй, аяганы ам зуулгаагүй байдаг, яая даа байз” гэхээр “Наад торонд чинь нэг юм бий. Өчигдөр жаахан уугаа юу, засах уу” гэвэл, дургүйцсэнгүй. Мань хүнд нэг сайн хийгээд өгтөл дүнгэнүүлчихлээ. Ингээд бид хоёрын яриа задрах төлөвтэй болж ирлээ.

Хачин тунгалаг нулимс нь нэгээхэн дэлхий мэт эргэлдсэн тухай
Тэр ийн өгүүлнэ. Би хорвоод их сонин тохиолоор ирсэн хүн шүү дээ. Манай аав бол жинхэнэ төрмөл гөрөөч хүн байлаа. Харин ээж бол морь унаж сумын төв рүү давхин очоод, цех дээрээ талхаа хийчихээд, буцан үдэш гэрээдээ довтолгон ирээд үнээн зэлэн дээрээ зогсч байдаг тийм нэгэн байлаа. Ийм аав ээжийн үр би Завханы Их-Уул суманд төрөхөд, хүн болшгүй энэ, амьдрахаасаа өнгөрөв гээд эмч нар дараагийн ажлыг бод гэж хэлж байжээ. Тэр цагт аанай л гөрөөнд явсан эцэг минь давхиж иржээ. Тэгээд цагаан даавуунд боож, хүйтэн пийшин дээр тавьсан “өнгөрсөн” хүүгээ гартаа авч, амьсгааг нь чагнаж үзэв гэнэ. Тэгээд бүр нэг энгийнээр, юу ч болоогүй юм шиг, “Та нар хүн хүндлэхгүй, ямар учиртай хүмүүс вэ. Энэ хүүхдийн зүрх сулхан цохилж байна шүү дээ” гэж хэлснээр би аврагдсан юм билээ. Төрснөөсөө хойш есөн хоногийн дараа нэг муу туниагүй юм эхийнхээ хөхийг хөхсөн нь эдүгээ ингэж чиний энэ өдөр ирээд буй айлын эзэн болсон түүхтэй гээд инээмсэглэхдээ, гадагш дэлбийн түрж ургасан үүдэн шүдээ нуун мушийлаа.

Харшинга тэр адуу нутаг гүйсэн тухай 
Түүний яриа ийн үргэлжилнэ. Их-Уул суманд төрж, аравдугаар анги төгссөнөөсөө хойш тэндээ амьдраагүй байна. Сумаас сум хэсэн амьдарсаар ирсэн атал, төрөлх сумандаа яагаад амьдарч болоогүй юм, бүү мэд. Ингэж л явна. Харин Их-Уул сэтгэлд их бодогдоно гэж тэр өгүүлнэ. Их-Уулд түүний нэгэн очсон нь паянтай агаад сонин. Их сургуулийн нэг, хоёрдугаар курсын оюутан ахуйд ажээ. Хэнтийн Хурхын сангийн аж ахуй руу намрын ажилд явж дээ. Тэнд тийн намрын хонгор салхи залгин баясаж явахдаа, нэгэн найргийн наадамд оролцож “Хурхунаг Жибур” хэмээх шүлгээрээ түрүүлсний байнд хурга бэлгэнд авав гэнэ. Жамухын тухай шүлэг уншиж, цагаан зүстэй, бүлээн хошуутай малаар шагнуулсан шүлэгч хөвгүүн баахан баярлав гэнэ.

Гүн ухаантан ширээ түшин бодогоширч байна. 

Тэгээд өнөө хургаа сангийн аж ахуйгаас явтлаа айлд нь тавьжээ. Тэгэсгээд намрын ажил ч бууж, буцахаар нөгөө айлдаа ирээд хургаа авъя гэтэл,”Хоёр зуун төгрөг өгье. Бид хургаа өгмөөргүй байна” гэж гэнэ. Шүлгээ уншин байж, бэлгэшээн байж авсан болохоор “Шагналын хургаа авъя” гэсэн чигтээ авнаа гээд халгаалгүй хөтөлжээ. Ингээд Хурхын төвөөс трактор дээр хургаа аваад суусан байна. Хэнтийд ирээд зил гуч машинд шилжжээ. Улаанбаатарт халзан хургаа авч буугаад, Баянхошуунд байх ангийнхаа нэг нөхрийн сүрэгт өнөө бэлгийн малаа нийлүүлэн түр тавьжээ. Ямар ч байсан хургаа нутагтаа хүргэх нэг бодолтой яваад байгаа нь энэ.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Тэгээд нэн удалгүй, амралтаараа нөгөө хургаа аваад нутгийн зүг жолоо залжээ. Гэхдээ онгоцоор шүү. Нэгэн гэмгүй сайн таньдаг нутгийн ах, онгоцны жолоочийг хургаа зайлшгүй авч явах хэрэгтэй байна гэж баахан учирлаад тусыг эс олж. Тэгээд ятгаж ятгаж арга ядаад, хариугүй онгоц нисэх болсон тул хүзүүвч оосрын нь үзүүрийг бараг хүчээр атгуулаад, зугтах шахуу өөрөө онгоцонд суугаатахаж дээ. Онгоцны цонхоор харвал өнөө жолооч, их сэтгэлтэй хүн байсан бололтой, үүгээр түүгээр гүйсээр, нууж далдалсаар нөгөө хургыг нь ачаатахав гэнэ дээ. Хэрэг бүтэж байгаа нь тэр.

Орчлонгийн захад уулсын хормой адууны нүдэнд үзэгдсэн тухай
Тосонцэнгэлийн чиглэлд хургатай шүлэгч тээсэн онгоц өндрөө аван явж байтал хойхно өнөө хонины нь майлах үе үе сонсогдож, мань эзэн дотроо инээд алдсан шиг сууж явж. Тэгтэл хажууд нь суусан нэг өвгөн залуугаас “ Үгүй ээ, хүү минь. Энэ хойно нэг хурга шиг майлдаг золигийн лүд явна аа даа” хэмээн нүдээ том болгон асуусан гэж байгаа юм даа. Өвгөн хурга майлах бүрт байн байн хойшоо хараад явсан гэдэг. “Ямар шидийн юм болоод байна даа” гэсэн шиг гайхан явсаар хүрэх газартаа хүрч бууж оджээ. Хотоос ирсэн оюутан залуу Тосонгийн онгоцноос хургаа тэвэрсээр бууж. Өнөө “Говийн зэрэглээ” дээр гардаг шиг л юм болж л дээ. Хөөрхий өнөө хурга, өндөрт яваад бие нь эвгүйдсэн үү, газарт тавихаар хэвтчихээд босдоггүй гэнэ шүү. Ирсэн зочид бууж, явах зочигчид нисээд онгоцны буудал эл хуль болоход өнөө хоёр Идэрийн голын хөвөөнд цааш хэрхэн аялахаа цэгнэн хэвтэн сууж үлджээ.

Онхид мартагдсан хонгорзулын үнэр ирсэн тухай
Тэнд хэсэг азнахад хурганы өнөө эг маггүй хэвтдэг нь болиод овоо болжээ. Тэгээд эзнээ босоход нь араас нь гөлөг мэт даган, майлан майлан явжээ, зайлуул. Хүний газар хүн дагаж ирсэн хүүхэн шиг л юм болсон юм даг уу даа. Тэндээс эзэн хурга хоёр шуудангийн машинд дайгдан Их-Уул сумын төвд ирэхэд, ээж нь “Хотоос хүү минь, хонь аваад ирдэг байна шүү” хэмээн угтсан гэдэг.
Ийнхүү намрын эхэн сард Хурхаас гарсан хурга өвлийн эхэн сард шахуу хот хүрээ, трактор, машин, шуудангийн тэрэг дамжин ирээд, Их-Уулаас урагш басчиг хэдэн бээрт хоёр дугуйтаар дүүрүүлэн Дунд Цэцүүх хэмээх газар шинэ сүрэгт нийлснээр Хурхаас гарсан хургын хувь заяа тэнд шингэжээ. Энэ явдал эдүгээгээс арван хэдэн жилийн өмнө болсон бөгөөд одоо тэр хургын үр удам өсч үржин, олон болсон ажээ.

Хөөрхий тэр адуу урд хоёр хөл дээрээ сөхөрсөн тухай
Харин аваачсан эзэн нь тэр хонио нэг ч удаа хариулсангүй. Буцан амьдрал хөөн одсон ажээ. Энэ бол өгүүлэн буй баатрын маань амьдралын нэгэн хэсэг, нэгэн явдал. Биднийг ийн пан гөрж суутал их үд болжээ. Нөгөө захиалсан хоол хэд хэд болчих цаг өнгөрч. Яваад очлоо, “Яацгаачихдаг улс вэ” гээд угтаж байна. Одоо тэд биш, бид буруутах янзтай. Уг нь одоо өдрийн биш, бараг үдшийн хоол идэх цаг дөхөж. Хавиргатай шөл гэгч тэр хоол харин сүрхий амттай юм. Ер нь говийн малын мах амттай, газар дээр нь, ийш тийш зөөж дамжлалгүй гаргасан малын мах гэхээр нуугиж байна шүү. Энэ хавиргатай шөл бол Баяндалайнхны хамгийн лаг хоол бололтой. Гэвч сумын гуанзаар дүүрэн ялаа дүнгэнээд нэг л таатай биш.

Хөх мах нь чичрэхэд ангир үймэлдсэн тухай
Ингээд бид хоёр өглөө захиалсан хоолоо үдээс хойш идэж амжлаа. Сумын төвд халуу ид шатаж байлаа. Цээж нүцгэн хөвгүүд нэг тийм жингэнэсэн дуутай, хятад хоёр дугуйт зайдлан сүлжил¬дэх нь хэнз даага унасан хүүхэд аятай харагдах аж. Тэр мөртөө өнөөх дээрээ сундалдацгааж данхалзац¬гаахыг нь яана. Байшингийн сүүдэрт үс ноос нь сэглийсэн хэдэн хөгшин халтар нохой хэвтэх агаад нүдний нь гал бөхөж, ялаа батгана даравгар завьж, нуухтсан нүд рүү нь шавж аргыг нь барна. Тэр хэд шиг халууныг уцаарлах нь энд алга. Манай хүний хэлэхээр бол Баяндалай Ноён сумаас арай ариун цэвэртээ муутай шиг гэнэ. Ноён сум бол нэн цэвэр сайхан гэнэ. Түүний охин Ноён суманд ирэнгүүт нь төрсөн бол, хүү нь Архангайн Цахирт төрсөн байна. Цахир суманд багшилж байхдаа, шавьдаа сэтгэлтэй болж, төгсүүт нь, хар нялхаар нь шахуу эхнэрээ болгожээ. Өглөө би түүний шүлгийн дэвтрүүдийг үзэж байхад “Янзагадаа” гэсэн шүлэг олон тааралдсан. Янзага нь одоо Улаанбаатар руу хүүхдүүдтэйгээ яваад, манай хүн явсны нь ард тухгүйтээд, ядарсан ооно шиг болчихсон гэхэд хилсдэмгүй байна.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Тэдний гэр рүү дөхөж явтал мотоцикльтэй хоёр халамцуу нөхөр ойртож ирээд “Нөгөөхөө яасан бэ” гэж манай хүнээс нэхэнги аястай асууж байх юм. Мань хүн олигтой хариулт хэлсэнгүй, над руу нэг, тэдэн рүү нэг харснаа, намайг явахтайгаа зэрэг дагаад ирлээ. Тэд нь ч цаашаа яваад өглөө. Юу гэнэв гэтэл, “Аа, нэг юм л гэж байхгүй юу” гэж байна. Мань хүн өөрөө бас тэдэнд “Нэг юм байна уу” гэж хэлж л байсан болоод тэр биз дээ.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Говийн нар Зөөлөнгийн нурууны баруун бие дээр духайн хэлбийж байхад бид Хонгорын овоо тийш зүглэлээ. Энэ бол миний гийчлэн ирээд байгаа уран зохиолын багшийн ангийнхаа хүүхдүүдийг дагуулан алхаж ирээд, шүлэг уншин, хээрийн хичээл хийдэг талбар юм ажээ. Баяндалай сумын баруун урдханд юм. Тал дээр хужирхай шиг хэрж тогтсон том жижиг гуу хунхуудын эхийг нэгтгэж төгссөн өндөрлөг. Овоон дээр сэвэлзүүрхэн салхитай. Өмнө зүгт Аргалантын уул, умар зүгт Зөөлөнгийн нуруу, зүүн хойтод Дунд Сайхан, өмнөд зүүнд Зүүн Сайхан уул тулгалан орших ажээ. Тэдгээр уулсын ар шил, бэл хормойгоор чухам янзага ялгаран тоглом нам гүм, тогтуун сайхан үдэш налайна.

Бүх юм сайн сайхан руу тэмүүлдэг тухай
Овоон дээр гараад элдэв олныг хэлэлцсэнгүй. Орчин тойронд тэр чигээрээ амгалан тайван ноёрхож, өнхрөн далдарч буй нар таллан талласаар уулын цаагуур ороход говийн халуун нарнаа өдөржин цогшиж улайссан хээр талын атар хөрс шороо амсхийн санаа алдах шиг санагдана. Баяндалайн суугуул багш мөрөн дээгүүрээ гараа шилбүүрдэн шумуул үргээж дал сэрвээгээ пид пад цохино. Өдөр бид хоёрыг сургууль дээр нь ороход нэг жирэмсэн хүүхэн ангийнхаа шалыг хулдааслах гээд мунгинаж байсан юм. Манай хүн тусалж дэвсэлцсэн л дээ. Түүнийг нөхөртэй юу гээд асуугаатахлаа. Бий гэнээ. Тэр хүүхэн Хөвсгөлийн атлаа энд хүнтэй суугаад, түүнийхээ аясаар яваа нь энэ юм байна л даа. Гэдэс нь ихээхэн том харагдсан, гэтэл мөд Хөвсгөл рүүгээ явж амрах гэж байгаа гэнэ. Тайгат хөвчийн хүүхэн талын халуун тосгонд, тэгээд жирэмсэн, сэрүүн сайхан хангайгаа санаж л байгаа байх даа гэж бодогдов.

Бүр эртний учрал хагацал байсан тухай
Манай хүн дуугүй сууж байснаа “Шарынхан үймчихлээ” гэлээ. Хаана, юу гэтэл харанхуй өтгөрч байгаа өмнө зүг рүү зааж “Тэр хардаа, тэр гэрлүүдийг” гэв. Шарынхан гэдэг нь энэ нутгийн гар аргаар алт олборлогчид аж. Тэгээд төвөөс байцаагч цагдуулууд ирэхээр өнөөх алтчид маань талаар нэг гэрэл улалзуулан дутааж байгааг манай хүн тийн хэлжээ. Аргалантын уулын ар шилийн тал тэр чигээрээ гэрэлтүүлэн хөөхөд эмх замбараагүй хуйлралдан давхилдсан айсан олон зээрийн нүд мэт эрээлжилж байх юм. Тэнд алт олборлогчид, алтат уул, алтаа хамгаалчид бүгд амар амгалангаа алджээ.

 

Үргэлжлэл бий..

 

2007 он

Баастын ЗОЛБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж