Япон улсад Даваа гаригаас хойш буюу нэгдүгээр сарын 7-оос эхлэн аялагчдад татвар ноогдуулж эхлэх гэж байна. Энэ нь Японоос буцаж нисч буй бүх хүн 1000 иен (ойролцоогоор есөн ам.доллар) татвар төлөх хууль юм. Энэхүү татвар нь үндэстэн харгалзахгүй хоёроос дээш насны бүх хүнд хамаарах аж. Түүнчлэн Японоос хувийн онгоц, хөлөг онгоцоор явж байгаа хүмүүс ч гааль дээр татвараа тушаах ёстой гэнэ.
Японы “Nikkei” сонинд мэдээлснээр 24 цагийн дотор дамжих нисэх аялагчид, байгалийн гамшгаас дүрвэн ирсэн хүмүүс, нисэх онгоц болон хөлөг онгоцны багийн гишүүд, дипломат ажилчид татвар төлөхгүй аж. Татварын хуулийг өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сард баталжээ.
Японы засгийн газраас энэ жил татварын орлогоос нэмэлт 50 тэрбум иен төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Япон нь ирэх 2020 онд зуны Олимпийн наадмыг зохион байгуулах юм. Албаныхан шинэ татварын орлогыг гадаадын зочдын тав тухыг хангах, нисэх буудлуудад нүүр таних технологи суурилуулах, жуулчдын мэдээлэл авах цэгүүдийг шинэчлэх зэрэгт зарцуулах гэнэ. Япон улс өнгөрсөн 2018 онд 30 сая гадаадын аялагч хүлээн авсан ба 2030 он гэхэд энэ тоо хоёр дахин өсөх хандлагатай байна.
Өмнө нь Өмнөд Солонгос улс 1997 онд дотоодын аялагчдад, 2004 онд олон улсын аялагчдад ижил төрлийн татварыг тавьсан юм. Энэ нь нисэх онгоцоор зорчиход 10 мянган вон (ойролцоогоор есөн ам.доллар), хөлөг онгоцоор зорчиход 1000 вон байдаг аж.
Ийм татвар АНУ, Франц, Герман, Австрали, Канад улсад ч байдаг.
Эх сурвалж: Korea Times
Холбоотой мэдээ