Ур чадварын олимпод оролцох залуусыг тодруулна

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Ур чадварын олимпод оролцох залуусыг тодруулна

Эгнээндээ 72 гишүүн улсыг нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагаас хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс анх удаа оролцох гэж байна. Энэ талаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэмцээнд Монгол Улс өрөг угсралт, хавтанцар наагч, цахилгаан, мужаан, үсчин, гоо сайхан, тогооч, токарь, гагнуур гэсэн 9 мэргэжлээр оролцохоор мэдүүлгээ өгсөн аж. Тэр дагуудаа оролцох залуусаа бэлтгэж, маргааш Дархан-Уул аймгаас эхэлж оролцогчийг шалгаруулахаар болжээ. Ингэхдээ тэмцээнийг мэргэжил тус бүрээр салбар мэргэжлийн холбоод зохион байгуулах бөгөөд цахилгааны мэргэжлээр дэлхийн олимпод оролцохоор бэлтгэж буй хоёр хүүхдийн хэн нь илүү чадвартай вэ гэдгийг Дарханы инженерүүдийн холбооноос томилсон хөндлөнгийн шүүгчдийн баг тодруулах аж. Өрсөлдөх хүүхдүүдийн хувьд дэлхийн тэмцээний зарчмаар ажлын даалгавраа авчихсан, тэмцээн зохион байгуулж байгаа газарт шаардлагатай тоног төхөөрөмж, материал хэрэгслийг бэлтгэсэн байгаа гэж Хөдөлмөрийн сайд тодотголоо.

Мэргэжилтэй ажилчдын дунд явуулдаг ур чадварын энэ тэмцээнийг олон улсад ур чадварын олимп хэмээн нэрлэдэг байна. 1946 онд байгуулагдсан Дэлхийн ур чадварын байгууллага 1950 оноос хойш энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй бөгөөд ирэх наймдугаарсарын 11-16-нд Бразилийн Сан-Паулуд 43 дахь удаагийн олимп болох аж. Монгол Улс 2014 онд энэ байгууллагын албан ёсны эрхтэй 69 дэх гишүүн болсны хувьд Дэлхийн ур чадварын олимпод оролцох эрхээ авсан юм байна. Мөн энд оролцсоноор мэргэжил эзэмшүүлэх сургалтын хувьд өөрсдийн түвшинг тодорхойлох, Мэргэжлийн боловсролын салбарыг олон улсын стандартын дагуу дэлхийн хөгжингүй улс орнуудын жишигт хүргэн хөгжүүлэх, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиос суралцан нэвтрүүлэх, багш нараа сургах замаар Монгол Улсын мэргэжилтэй боловсон хүчнийг хөгжүүлж улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой аж.

Онцлоход, энэ сарын 19-нд өрөг угсралт, хавтанцар наалт, токарийн мэргэжлийн шалгаруулалт болох юм байна. Эдгээр тэмцээнийг Монголын барилгачдын холбоо, Төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбоотой хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин гуравдугаар сарын 20-нд Монголын зочлох үйлчилгээний холбооноос тогоочийн тэмцээнийг зохион байгуулна. Ой модны сургалт судалгааны хүрээлэнтэй хамтарч 22, 23-нд мужааны, Үсчин, гоо засалчдын холбоотой хамтран 24-нд үсчин, гоо сайхны, 25-нд Материал судлал, гагнуурын нийгэмлэгтэй хамтран гагнуурын мэргэжлийн шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж