Шинээр хэвлэгдэн гарсан“Монгол дасгалжуулагчийн философи & туршлага” номын талаар зохиогч, доктор, дэд профессор Ш.Долгортой ярилцлаа. Тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газарт спортын сэтгэлзүйн судалгааны мэргэжилтэнээр ажиллаж байна.
Спортын сэтгэл зүйч, (Ph.D), дэд профессор Ш.Долгор сүүлийн жилүүдэд хийсэн судалгаан дээрээ үндэслэн дасгалжуулагчийн тухай номоо бичжээ.
-Таны хувьд олон жилийн судалгаан дээр суурилан дасгалжуулагчийн философи ба туршлага номыг бичжээ. Эндээс яриагаа эхлэе?
-Олимпийн наадмын амжилтыг дүгнэхдээ хүмүүс тамирчдын сэтгэл зүйгээс боллоо гэж хардаг. Зарим тохиолдолд тамирчны сэтгэл зүйн асуудалд дасгалжуулагчийн биеэ авч явах байдал, хувь хүний харилцаа хандлага, тамирчнаа ойлгож байгаа, ойлгохгүй байгаа байдал гээд сөрөг нөлөө үзүүлдэг зүйлс байгаа нь ажиглагдаж анхаарал татах болсон. Мөн шилдэг тамирчдын бэлтгэгдэж ирсэн үндсэн арга зүйн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Тухайн тамирчин хэрхэн бэлтгэгдэж байна, ирээдүйд түүнээс юу хүлээж болох талаар бодох шаардлагатай болсон. Дасгалжуулагч хүн зөвхөн медаль авдаг хүнийг бэлтгэхээс илүүтэй тэр хүн нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, нийгмийн манлайлалд эерэг нөлөө үзүүлэхүйц “манлайлагч” байх хэрэгтэй. Тухайлбал: “Хөдөлмөрийн баатар”, МУ-ын Гавъяат цолтой тамирчин “нэр нидэртээ тэнцсэн хүн” л байх ёстой. Манай өнөөдрийн практикт энэ байдал зарим талаараа эсрэг дүр харагдах болж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй болж байгаа. Энэ байдлыг хэн зөв чиглүүлж чадах вэ? гэвэл үүнийг дасгалжуулагч л өөрчилж чадна. Учир нь тамирчин амжилтад хүрэх бүх замдаа эцэг, эхээсээ илүү дасгалжуулагчтайгаа хамгийн ойр ажилладаг. Тиймээс тамирчны хөгжил,төлөвшил, амжилтыг төлөвлөн амьдралыг нь зурдаг “дасгалжуулагч хүн өөрөө үлгэр жишээ байх хэрэгтэй” болж байгаа.
-Тэгэхээр дасгалжуулагч өөртөө өөрчлөлт хийх шаардлагатай болж байна уу?
-Дасгалжуулагч нарын “тамирчин бэлтгэх” цаад зорилгод шинэчлэл хийх ёстой юм байна гэж харсан. Орчин үед тамирчныг дасгалжуулахдаа дасгалжуулагч нар хоёр өөр зорилго дээр төвлөрдөг болсон. Нэг хэсэг нь тамирчнаа амжилтанд хүргэхийн тулд илүү их анхаардаг бол нөгөө хэсэг нь тамирчнаа эхлээд “хүн” байлгахад илүү анхаарч дараа нь амжилтад хүргэхийг эрмэлзэх болсон. Эргээд харахад Монголчууд бид амжилтын төлөө олон жил явжээ. Энэ хугацаанд бид авах боломжтой бүх медалийг хүртсэн. Энэ хүртэл Монголын дасгалжуулагч нар чамлахааргүй сайн ажилласан. Өнгөрснөө эргээд харахад спортоос төрсөн алдартнууд маань “хүн болж төлөвшиж” чадсан уу? Амжилт гаргасан ч гэлээ амьдралаа аваад явж чадаж байна уу?, спортын каръер дууссаны маргааш нийгэмд байр сууриа олж чадсан уу? өөрийгөө зөв илэрхийлж чаддаг уу? гэх мэт олон асуулт гарч ирсэн. Үүнийг эртнээс зөв чиглүүлдэг хүн хэн байсан бэ? гэхээр дасгалжуулагч л байсан. Спортоор хичээллэхэд тамирчин дунджаар 10-12 жил хичээллэж байж хүссэн амжилтандаа хүрдэг судалгаа бий. Үүнийг олон улсын судлаачид хүлээн зөвшөөрсөн. Амьдралынхаа ид сайхан залуу үеийг спортод зориулсан ч хүн болж төлөвших ёстой. Тамирчин нийгмийг сэтгэл зүйг сэрээх, сайн сайхан зүйлд тэмүүлэх загвар, түүчээ нь болж байдаг. Зарим тамирчин жижиг зорилготой учраас багахан амжилт гаргаад биеэ тооход хүрдэг нь дасгалжуулагч дутуу ажилласныг харуулдаг.
-Та номондоо 17 дасгалжуулагчийн яриаг оруулсан байна. Дасгалжуулагч бүрийг ямар сэтгэлгээгээр ажилдаа ханддаг, тэгээд хэрхэн амжилтанд хүрсэн тухай гаргахыг зорьжээ. Эдгээр ярилцлагууд бусад дасгалжуулагч нарт өөрийгөө харьцуулж, дүгнэлт хийхэд гол үүрэг гүйцэтгэж байна гэж харлаа?
-Тус номны нэг онцлог нь тодорхой хэмжээнд амжилт үзүүлж, олимп, дэлхийн медальтанг төрүүлсэн 14 спортын төрлийн 17 дасгалжуулагчийн яриаг оруулсан. 19 ижил асуулт тавьсан. Хэдийгээр өндөр зэрэглэлийн гэх тамирчин бэлтгэсэн ч тэр нь амжилтанд хүрсний дараа биеэ тоож байгааг харсан дасгалжуулагч “би түүнийг хүн болгож чадаагүй” юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч байсан нь нэгийг бодогдуулсан. Тиймээс дасгалжуулагч бид юуны өмнө “зөв хүн бэлтгэж байгаа” гэдгээ ойлгох ёстой. Үнэхээр бид амжилт гаргаад амжилтандаа халуурдаг ийм хүн бий болгоод байх юм бол “нийгэмд ёс зүй тогтох боломжгүй” юм.
-Магадгүй тамирчин бүрт амжилт үзүүлэхэд дасгалжуулагчийн бэлтгэлээс гадна санхүүгийн томоохон асуудал тулгардаг. Зарим тамирчид санхүүгийн боломжгүйгээс болж тэмцээн өнжих тохиолдол гардаг шүү дээ. Үүн дээр та юу гэж хэлэх вэ?
-2019 оны өмнөхөн чөлөөт бөхийн тамирчин Б.Шоовдор телевизээр яриа өгөхдөө “Би шигшээ багийн тамирчин болоогүй байхдаа гадаадад тэмцээнд явах зардлаа олох гэж их том асуудалд ордог байсан. Харин шигшээ багийн тамирчин болж чадсанаар энэ тал дээр санаа зовохгүй болж, ДАШТ-ээс медальтай ирлээ” гэж хэлж байсан. Энэ юуг хэлээд байна вэ? гэхээр тухайн тамирчныг “өндөр зэрэглэлийн тамирчин болгох” энэ асуудал ардын түмний дэмжлэг татварын мөнгө юм. Тамирчин, дасгалжуулагч нараас гарч байгаа зүтгэл бол байна. Гэхдээ санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэхэд олон хүний хөдөлмөр далд хэлбэрээр зарцуулагддаг. Илт олны дэмжлэгийг хүртдэг улс бол тамирчин болон дасгалжуулагч юм. Филисофи буюу сэтгэлгээний хувьд өөрчлөгдсөнөөр тамирчнаас илүү дасгалжуулагчийн хөдөлмөр нь үнэлэгддэг байх ёстой. Өнөөдөр нэг тамирчин ДАШТ-ээс медаль авлаа гэхэд дасгалжуулагч нь хэн байсан гэдгийг хүмүүс тэр бүр анхаардаггүй, мэддэггүй. Гэтэл дасгалжуулагчийн ур чадвараар л тамирчин өндөр зэрэглэлийн тамирчин болдог.
– Бусад улс оронд дасгалжуулагчийг хэрхэн ойлгодог вэ? Дасгалжуулагчийн тухай ном бичихэд олон улсын туршлагыг авсан байх?
-Дэлхийн бусад оронд “сайн тамирчин бэлтгэх гэж байгаа бол сайн хүн бий болгох ёстой” гэсэн зарчим дээр анхаарлаа хандуулан дасгалжуулагч нар ажиллаж байна. Бид хоцрогдож эхэлж байна. Дасгалжуулагч мэргэжлийн тухай ойлголтын хувьд өөрчлөгдөхгүй бол хоцрогдож байна. Хамгийн энгийн жишээ дурдъя. Японы дасгалжуулагч Косэй Иноүэ “Рио 2016” олимпийн наадамд бахдам амжилт үзүүлснийхээ дараа нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа: “Хэдэн арван жилийн дараа ч үргэлжлэн хөгжсөөр байх, ялсаар байх тийм баг байгуулах ёстой. Би байхгүй байсан ч хийх ёстой зүйл үргэлжлэн явагддаг, зорилго тодорхой тийм багийг энэ 4 жилд байгуулсан гэж боддог. Үнэхээр энэ 4 жил миний хувьд тамирчдаасаа илүү хөгжиж, дэвшиж чадсан 4 жил байлаа” гэж ярьсан байна. Японы жүдо бөхийн эрэгтэй баг Риогийн наадмаас хоёр алт, нийт долоон жинд бүгдэд нь медаль хүртсэн шүү дээ. Бид энэ жишээнээс Япон улс шилдэг тамирчнаа ямар философиор бэлтгэж байгааг харж болно. Тамирчдыг амжилт гаргахаас гадна тамирчны карьераа орхиход сургах тал дээр анхаарч байна. Ажиглаад байхад манай дасгалжуулагч нар юу боддог вэ? гэхээр “би л ажиллаж байхдаа сайн ажиллах нь чухал намайг гараад явахад эд нар унана уу, сэхнэ үү надад хамаагүй” гэж боддог. Ийм бодолтой байдаг учраас тамирчин хохирч мөн тухайн тамирчинд зарцуулсан хөрөнгө оруулалт ашиггүй болж байна. Бид “өөрсдийн энэ хувиа хичээсэн сэтгэлгээг өөрчилж, алдаагаа засахын тулд дасгалжуулагч хүн өөрөөсөө эхлэн үндсэн зорилгоо өөрчлөх хэрэгтэй” гэж энэ номыг бичлээ. Гэхдээ номын эрэлт хэрэгцээ их байгаа. Учир нь захиалга аваад хэвлэлтээс гарсан нь дуусчихсан. Спортын холбоод дасгалжуулагч нараа хөгжүүлэх хэрэгцээгээ мэдэрч байгаа нь тун сайн гэж харж байгаа. Дасгалжуулагч нарынхаа оюунд хөрөнгө оруулалт хийхэд анхаарал хандуулах болсон нь сэтгэлгээний дэвшил мөн тул талархаж байна.
-Монголын дасгалжуулагч нарт олон улсад ажиллах боломж их байна.
-Монголын дасгалжуулагч нарт дэлхийд гарах боломж байна. Хэд хэдэн спортын төрлөөр гадаадад уригдаж ажилласан туршлага бий. Цаашдаа ч төрөл болон тоо нь нэмэгдэх боломжтой. Үүний тулд сахилга баттай байж, хэлний чадвараа сайжруулах хэрэгтэй байгаа. “Дасгалжуулагч сахилга баттай байна” гэдэг бол “тэр өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай” байгааг харуулдаг.
Тиймээс Монголын тамирчдад амжилт гаргах асар их боломж, өгөгдөл байдаг. Гагцхүү түүнийг зөв залж, чиглүүлэхийн тулд дасгалжуулагч ТА үргэлж хөгжиж байх цаг үе ирсэн гэдгийг л ойлгож хөгжих оролдлогыг өөрөөсөө эхлэн хийхийг уриалж байна.