З.Энхболд: Ерөнхийлөгч хуулийн төслийг нэн даруй хэлэлцэхийг санал болгосон

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Ерөнхийлөгч хуулийн төслийг нэн даруй хэлэлцэхийг санал болгосон

З.Энхболд: Ерөнхийлөгч хуулийн төслийг нэн даруй хэлэлцэхийг санал болгосон

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудыг багцлан хүргэж байна.


"Чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь Удирдах зөвлөлийн шийдвэр"

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас  сэтгүүлчид цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.


 -Засгийн газрын гишүүд чуулганы хуралдааныг гацааснаар төрийн ажил зогсоод сар гаруй хугацаа өнгөрч байна.  Яагаад танай Засгийн газрын гишүүд танхимаараа чуулганы хуралдаандаа суухгүй байгаа юм вэ?

-Манай намын Удирдах зөвлөл, бага хурлын шийдвэр гарсан. Бид бүгдээрээ улстөрчид. Улс  төрийн байгууллагын шийдвэр гарсан, үүнийг дагах ёстой.

-Танай нам бүлэг дотроо ойлголцоод гацаанаас гаргах боломж байхгүй юм уу? 

-Би маш тодорхой хариулт өглөө. Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Бага хурлын шийдвэр 95 хувьтай гарсан. Бид Бага хурлын шийдвэрээрээ УИХ-д нэр дэвшиж сонгогдсон.

-УИХ-ын даргыг огцруулах асуудлаар хуулийн төсөл боловсруулж, асуудлыг шийдэх гарц бий  юу?

-Олон хувилбар яригдах байх.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"Хоёр талаасаа уулзсан ч үр дүнд хүрэхгүй байна"

Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.


-Намрын чуулган завсарлахад сарын хугацаа үлдсэн. Гэвч чуулганы үйл ажиллагаа гацсанаас олон чухал хуулийн төслүүд хүлээгдэж байна. Хувь гишүүнийхээ хувьд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

– Намрын чуулган төсөв баталснаас өөрөөр үр дүн тун  багатай хуралдаж байна. Үүнд  хувь гишүүний хувьд үнэхээр харамсаж байна. Бид 2015 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гээд Монгол Улсыг урт хугацаанд яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлогын үзэл баримтлалыг баталсан. Өөрөөр хэлбэл бодлогогүй, бодлого буруу, тогтворгүй байна. Иймээс Монгол Улсыг хөгжүүлэхэд тодорхой бодлоготой болъё. Энэ бодлогыг аль ч улс төрийн нам гарч ирсэн өөрчилдөггүй, Засгийн газар солигдсон ч хэрэгжүүлдэг байх ёстой гэдэг үүднээс хуульчилж баталсан. Энэ бодлогын хүрээнд нийгэм, эдийн засаг, улс төр, байгаль орчин зэрэгт үндсэндээ томоохон бодлогыг тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 2016 онд гарсан МАН-ын Засгийн газар бодлогоо тодорхойлж урт, дунд хугацааны бодлогоо дэвшүүлсэн. Энэ хүрээнд урт хугацааны бодлогод тусгагдсан шийдэгдэх ёстой нэг бол Үндсэн хуульд тодорхой өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Үндсэн хуулиар гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлье, жил зургаан сар, хоёр жилд гэх мэт  байнга Засаг солигддог асуудлыг цэгцэлж  дөрвөн жилийн хугацааг гүйцээдэг тийм гүйцэтгэх засаглалтай болох юмсан гэдэг үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг МАН ч тэр 2012-2016 онд эрх барьж байсан АН ч ялгаагүй  дэвшүүлж байсан. Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулж мөн Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр намрын чуулганд төлөвлөсөн байсан. Харамсалтай нь, намрын чуулган өндөрлөхөд сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Үүнд нэг талаасаа харамсаж байгаа юм.

-Намрын чуулган үүргээ гүйцэтгэж чадсангүй гэж ойлгож болох уу?

-Төлөвлөсөн ажлуудаас томоохон зорилтуудаа биелүүлж чадсангүй. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв зэрэг батлах ёстой төслүүдийг баталсан. Гэвч эдгээрийг дагасан томоохон асуудлуудыг шийдэж чадахгүй байна. Өнөөдөр яах аргагүй ард иргэдийн дунд улс төрийн намуудын нэр хүнд унасан. Тиймээс үүнтэй уялдуулж улс төрийн намуудыг хэрхэн өөрчилж шинэчлэх вэ гэдэгт томоохон бодлого гаргах ёстой. Үүнд УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг үндсэндээ бид бэлэн болгочихсон. Харамсалтай нь УИХ хуралдаж чадахгүй байгаа нь ажил явахгүй нэг гацаа болж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


З.Энхболд: Ерөнхийлөгч хуулийн төслийг нэн даруй хэлэлцэхийг санал болгосон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхоор огцруулдаг байх хуулийн төсөл өнөөдөр /2019.01.05/ барьлаа. Энэ хуулийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхийлөгч өчигдөр хуулийн төсөл өргөн барихаар УИХ-д хүргүүлсэн ч бүрдүүлэлт байхгүй гэж хойшлуулсан. Харин өнөөдөр өргөн барьчихлаа?

-Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр орой, УИХ-ын тухайн хуулийн 16 штрих 1-3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 10.2.6-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барихаар УИХ-ын даргатай уулзсан. Энэ үеэр ийм хууль өргөн барина, хүлээж авна гэдэг байдлаар ярилцсан байсан. Гэвч УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга хууль өргөн барих бүрдүүлэлт дутуу байна гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс би өнөөдөр албан бичиг бичиж,  энэ хууль бүрдүүлэлт шаардахгүй. Яагаад гэвэл хууль тогтоомжийн тухай хуулиар хууль өргөн барихдаа олон бичиг баримт бүрдүүлдэг шаардлагуудтай. 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг энэ хуулийн 12.22 дахь заалтаар энэ аргачлалыг мөрдөхгүй гэж хуульд тусгасан. Олон улсын  гэрээ, төсөв, төсвийн тодотгол, өрийн удирдлагын стратеги, төсвийн гүйцэтгэл батлах, дайны тухай хууль, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх зэрэг асуудалд бүрдүүлэлт шаардахгүй 24 хуулийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн.

-Хуулиудад ямар өөрчлөлтүүд орж байна вэ, тодруулбал?

-Хуулиудад оруулах өөрчлөлт бол маш энгийн. УИХ-ын чуулган арванхоёрдугаар сарын 6-аас хойш сар гаруйн хугацаанд хуралдаагүй. Нэг сарын турш чуулган хуралдахгүй байгаад Ерөнхийлөгч санаа зовж, алтны татвар, өвлийн бэлтгэл, утааны асуудал, жагсаал цуглаан гэх мэт олон асуудал тулгарч байна. Тэгэхээр  асуудлаа УИХ-ын танхимдаа орж ярилцах, маргалдаж байгаа талууд  эв зүйгээ олж, цаашаа явахыг хүсч байгаа. УИХ-ын дарга хэд хэдэн удаа ярилцлага өгөхдөө “Хууль байдаг бол би хуулийн дагуу өргөдлөө өгмөөр байна. Хуулийн дагуу өргөдлөө өгмөөр байна” гэж ярьсан. Тэгэхээр Ерөнхийлөгч  хууль санаачлаад гарцыг нь гаргаж өгч байна гэж хуулийн төсөл өргөн барьж байгаа юм. Үүнээс хойш УИХ-ын гишүүд УИХ-ын даргыг томилж, чөлөөлдөг болж байна. Энэ хуулиар УИХ-ын тухай хуулийн 16 штрих 1-3 дахь заалтад “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн барьсан бол төслийг энэ хуулийн 16 штрих 1.1,2-т заасан журмын дагуу хэлэлцэнэ” гэж тусгасан.  Хоёр дахь заалт нь энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлнэ гэсэн товчхон нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Үүнийг дагаж УИХ-ын тухай хуулийн 10.2.6-т заасан өөрөө өргөдлөө өгөх, өөр ажилд шилжих зэрэг таван шалтгаан дээр нэмж, УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө” гэдэг заалтыг нэмж байгаа юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Монголчуудын амьдралыг өөрчлөх АББАТ

-Сайн байна уу. Бид хоёр уулзсанаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Бүтээл бэлэн болсон уу. Өнгөрсөн хугацаанд юу амжуулав, шинэ содон мэдээ байвал манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Сайн. Сайн байна уу. Та бид хоёр уулзсанаас хойш манай хамт олон нэлээд ажил амжууллаа. Олон түмэнд сонирхуулах, тэднийг баярлуулах мэдээ ч олон байна. Юуны түрүүнд, бид  “Ахуйн бохирдлыг боловсруулан ашиглах технологи” /АББАТ/ төхөөрөмжийн хөгжүүлэлт, сайжруулалтаа үндсэндээ хийж дуусгалаа.

Налайх, Багануурын нүүрснээс өндөр илчлэгтэй шатдаг хий гарган авч шинжлүүлсэн. Мөн төв цэвэрлэх байгууламжаас шингэн болон хатсан лаг авчирч, хий гаргаж шинжлүүллээ. Бас ахуйн хатуу хог хаягдлаас хий гарган авлаа. Маш сайн үр дүн гарсан. Технологийн явцад ялган гарсан үнс шороо хоосон эрдсээр нь замын хавтан гарган авлаа. Шинжилгээг ЭНД дарж үзнэ үү.

-Бүтээлийнхээ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-АББАТ төхөөрөмж нь нүүрстөрөгч агуулсан органик бодисыг хүчилтөрөгчгүй орчинд өндөр температураар маш богино хугацаанд дулааны задралд оруулж, өндөр нэгдэлт молекулуудыг задалж, бага нэгдэлт молекулт бодис болгож байгаа юм. Ингэснээр нийлмэл байсан бодисууд дан дан бүтцээр салж хий, шингэн, хатуу биет гэсэн гурван хэсэгт хуваагдах юм. Үүний дараа төхөөрөмжийн турбин руу бүгд холилдон орж, шингэн нь дахин задралд орж, хийн төлөвт шилжиж, гурван төрлийн бодис хатуу болон хий болж байгаа юм. Хийтэй дагалдах хорт бодис болох хүхэр бусад диоксинуудыг шохой болон бусад уусмалаар шүүн угааж, бэлэн бүтээгдэхүүн болгоно. Харин хатуу үлдэгдэл нь турбины ажлын горимоос шалтгаалж, их бага нь тодорхойлогдоно. Гарсан хатуу үлдэгдлийг хөвүүлэн баяжуулалт буюу флотаци хийж хоосон эрдэс үнснээс нь коксыг хөөсрүүлэн ялгаж авах юм. Ингэснээр цэвэр кокс гарган авах ба хөөсний устай холилдсон шингэн коксыг гарган авч байгаа юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТОД 10 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛААГҮЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтод 10 хувийн татвар ногдуулсан гэх мэдээллийн талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас дараах зүйлийг тодрууллаа.


-НӨАТ-ын буцаан олголтод 10 хувийн татвар ногдуулахаар болсон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ үнэн үү?

-Татварын ерөнхий газраас ямар нэгэн байдлаар 10 хувийн татвар суутгасан зүйл огт байхгүй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.18-д зааснаар банкнаас харилцагчдын мэдээлэлд үндэслэж урьдчилсан байдлаар 10 хувийн татвар ногдуулна гэсэн мэдээлэл гарсан байх гэж үзэж байна.

-Буцаан олголтыг хэзээнээс иргэдийн данс руу шилжүүлэх вэ?

-Татвар төлөгчид  нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59.59 секундээс өмнө  и-баримтаа бүртгүүлж баталгаажуулсан байх ёстой. НӨАТ-ын 2018 оны буцаан олголтыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгоно.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Г.Эрдэнэбилэг: Хүрэн морио дэлхийд сойно

Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгтэй ярилцлаа. 


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тун удахгүй нээлтээ хийх “Хийморь” киноны тухай ярилцъя. Та кино зохиолоо Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бичжээ. Энэ талаар яриагаа эхлүүлэе?

-“Хийморь” киноны зохиолыг 2016 онд Төрийн шагналт Ч.Лхамсүрэн гуайн найраглалаас санаа авч, кино зохиол болгож бичсэн. Зохиол дээр надтай хамт манай туслах найруулагч Ө.ХүүБаатар ажиллаж, бэлэн болгосон. Дараа жил нь буюу 2017 онд киноны зургаа авч эхэлсэн. Учир нь аль болох чансаатай уран бүтээлчдийг нэгтгэж чанартай уран бүтээл  болгохыг зорьсон. Энэ бол нэгдүгээрт түүхэн кино, хоёрдугаарт төрийн соёрхолт Ч.Лхамсүрэн гуайн найраглал. Сурагч бүр “Хүрэн морь” найраглалыг цээжилж, бас энэ найраглалаас олон зүйлийг мэдэрч байсан шүү дээ. Тиймээс энэ найраглал өдгөө ч сурагчдын цээжлэх найраглалын нэг байсаар байна. Тиймээс ийм сайн найраглалыг муу болгох эрх бидэнд байхгүй. Үүнд маш хариуцлагатай хандаж эхэлсэн. Жүжигчдийн багийг өнгөрсөн онд бүрдүүлсэн. Зураг авалт их удаан болсон доо. Өнгөрсөн хоёр жилийн зун зураг авалтыг хийсэн. Одоо ирэх оны нэгдүгээр сарын 5-нд албан ёсны нээлтээ хийхээр боллоо. Кинонд ОХУ, Казахстан, Украйн, Киргизийн мэргэжлийн уран бүтээлчид дүр бүтээсэн. Монголоос П.Цэрэндагва гуай, Д.Мэндбаяр, Ц.Цэрэнболд, Б.Ялалт гээд аль болох чансаатай уран бүтээлчдийг тоглуулахыг  зорьсон. Би бас жүжигчин хүн учраас яаж зүгээр байх вэ. Нэг жижигхэн дүрд тоглосон. Одоогоор нууц. Ер нь гол дүрд  морь хүү хоёрын тухай гарна. Бусад нь туслах дүр байгаа. Киноны хөгжмийг Монгол Улсын Филармонийн симфони оркестр, морин хуурын чуулгын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон. Сүүлийн 20 жилийн түүхэнд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестр дуугарсан хөгжимтэй кино хийгдээгүйгээрээ бас онцлог. АНУ-ын уран бүтээлч киноны хөгжим дээр ихээхэн анхаарч хариуцан ажиллаж байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж