Өнгөрөгч баасан гаригийн үдээс хойш, бүүр тодруулбал 2015 оны гуравдугаар сарын 15-ны өдөр, Америкийн баруун бүсийн 16.00 цагт Калифорни мужийн Онтарио хотноо орших “Citizens Business Bank Arena” спортын универсал ордонд Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн болон дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт АНУ-ын мэргэжлийн боксчин Габриэль Брэкстонтой нударга зөрүүллээ. Мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийхдээ хоёр удаа ялж, наймд нь ялагдсан “даруухан үзүүлэлттэй” энэ эр манай Төгсөөгийн эсрэг олигтой тоглолт үзүүлсэнгүй. Эхний раундын дунд үед Төгсцогт Брэкстоныг нокдаунд оруулж тоолуулан, улмаар эхний раундын 2 минут 10 секундэд дахин хүнд цохилтод оруулж, нокаутаар өрсөлдөгчөө ялж,мэргэжлийн боксын “анхны алхам”-аа амжилттай хийлээ.
“ King Tug” хэмээх хоч нэртэй хэдийнээ болоод авсан Төгсцогт маань сонирхогчдын боксоор 17 настайдаа 2009 онд Италийн Миланд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 2012 оны Лондонгийн олимпоос мөн л мөнгөн медаль зүүсэн, 2016 оны олимпийн манай гол найдлагуудын нэг байлаа. Гэвч өөрийн сонирхол , хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөн, мэргэжлийн бокст өндөр амжилт гаргаж, өөрийгөө харуулж, мэргэжлийн боксын дэлхийн аварга цолыг Монголд эргүүлэн авчрахаар зориг шулуудан зүтгэж байгаа нь энэ.
Хэдийгээр Төгсөө маань Олимпийн наадам, дэлхийн аваргын тэмцээнд “аман хүзүүдсэн”, сонирхогчдын бокст бол дэлхийн хэмжээний “акул” хэдий ч мэргэжлийн бокст бол ердөө л “шинэ цэрэг”. Мэргэжлийн болон сонирхогчдын бокс “тэнгэр, газар шиг тэс ондоо”. Тиймээс л Төгсөөгийн энэ ялалтын үнэ цэнэ оршиж байгаа. Наанадаж өөртөө улам итгэлтэй болно, цаанадаж промоутеруудын хараанд өртөх цонх нээгдэж буй хэрэг.
Төгсөө Лос Анжелес хотноо, Жо Гуссений удирдлага доор бэлтгэлээ базааж буй. Мэргэжлийн бокст бас ч гэж нэртэй л дасгалжуулагч. Жо цагтаа манай мэргэжлийн боксын “алтан хараацай” , дэлхийн аварга цолыг хоёр удаа хүртэж байсан Д.Лхагвааг дасгалжуулж байсан хүн. Гэхдээ мэргэжлийн бокст амжилт олохын тулд, аваргын бүс зүүхийн тулд зөвхөн сайн тамирчин, сайн дасгалжуулагч хангалтгүй. Хэрэв нэртэй, нөлөөтэй промоутергүй л бол дээшээ гарна гэж ёстой “гонжийн жоо”.
Сайн промоутер бол өөрийн хүнээ шууд аваргын төлөө ч тоглуулж чадна. Саяхны жишээ л гэхэд сонирхогчдын боксын олимд, дэлхийн хошой аварга Украйны Василь Ломаченко. Өдгөө цагийн мэргэжлийн боксын ертөнц дэх хамгийн нөлөөтэй, нэр хүндтэй Top Rank промоушний Боб Арум түүнийг мэргэжлийн боксын анхны тулааныг нь л аваргын бүсний тулаанаар эхлүүлж байх жишээтэй.
Одоогоор Төгсөө өөрөө ямар промоутертай гэрээ хийсэн, эсвэл хэн нэгнийг одоогоор сонгоогүй байгаа эсэхээ тодорхой ярихыг хүсэхгүй байгаа. Гэсэн ч www.boxingscene.com сайт Төгсцогтыг Алэн Хэймонтой гэрээ байгуулсан гэж мэдээлсэн. Mагадгүй л юм. Учир нь Төгсцогт маань анхны тулаанаа Premier Boxing Champions –ий хүрээнд хийсэн. Тэгвэл Хэймон энэ промоушнсийг удирддаг.
Нөгөө талаар мэргэжлийн бокст хамгийн нэр хүндтэй, нөлөөтэй Top Rank ,Inc болон Golden boy promotions –тэй Жо Гуссен харилцаа тааруу гэдгийг мэргэжлийн боксын хүрээнийхэн ярьдаг. Тэгэхээр Гуссений боксчинг дээрх промоушн тийм ч амар авчихгүй болов уу. Энэ бүгдийг уялдуулж үзвэл Төгсөө Хэймонтой гэрээ байгуулсан байх магадлал өндөр байна. Энэ Алэн Хэймон гэдэг чинь эхэндээ дуу хөгжмийн продакшнтай, алдарт Уитни Хьюстон, Эм Си Хаммер нартай хамтран ажиллаж байсан их эр ээ. Дараа нь бокс руу орж бага Флойд Мэйуэзерийн зөвлөхөөр ажиллаж, мэргэжлийн боксын оны шилдэг менежерээр хоёр ч удаа шалгарсан удаатай. За тэгээд Хулио Сезар Чавес, Амир Хан, Вернон Форест, Лэмон Брюстер нартай хамтран ажиллаж байсан гэхээр яах аргагүй л “жижиг гар” биш ээ.
Мэдээж нэр хүнд, нөлөө ихтэй промоутертай болоод авбал дэлхйн аваргын төлөө тоглох тийм ч их хол биш.
Сая Төгсцогт супер бантам буюу 55,3 кг-ийн жинд хүч үзсэн. Энэ жинд дэлхийн аваргын бүсийг WBA болон WBO холбоонд Гильермо Ригондо эзэмшиж буй. WBA –ийн бүүр супер аварга гэгдэж байгаа. Яагаав нөгөө Олимпийн болон дэлхийн хошой аварга Кубын боксчин. Мэргэжлийн рингэнд 15 тулаан хийхдээ 10-ыг нь нокаутаар дуусгаж, босоо байгаа даа. Мөн энэ холбоо Колумбын Эскадон, Их БРитанийн Куигг нарыг ч дэлхийн аварга гээд зарлсан байгаа. Харин WBC-ийн дэлхийн аваргын бүсийг Мекёикийн Санта Круз, IBF-ийн дэлхийн аваргын бүсийг Ирландын Фрэмптон эзэмшдэг. Мэргэжлийн боксын хамгийн гол дөрвөн холбооны аваргууд ийм хүмүүс байна.
Эдний хэн нэгэнтэй Төгсцогт маань тулалдаж, дэлхийн аварга болох цаг ирэх биз ээ.
Ц.ЭНХТҮВШИН
(“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч)