Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн нэгдүгээр лигт тоглож байгаа “Мачва” клубтэй гэрээ байгуулсан билээ. Тайландын "FC Краби" багт тоглож байсан тэрээр Европын багт тоглох болсон Монголын анхны хөлбөмбөгчнөөр тодроод байгаа.
А.Мөрөн өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотод ирсэн бөгөөд өнөөдөр Монгол-Зүүн Тиморын хариу тоглолтод оролцов. Харин энэхүү тоглолтод зочин баг 1:0-оор хожиж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ төвөггүйхэн авлаа. Эхний тоглолтод Зүүн Тимор талбай дээрээ 4:1-ээр хожсон бөгөөд нийлбэр дүнгээр 5:1 онооны харьцаагаар илт илүүрхэв.
Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн: “Нэгэнт хожигдсон тоглолтыг яах вэ. Хамгийн гол нь нутгийнхаа талбайд болох тоглолтод гоол алдахгүй байж илүү бөмбөг оруулах ёстой. Ер нь бидэнд боломж байгаа. Манай улсын шигшээ багт мэргэжлийн тамирчин болж амжаагүй ч гэлээ сайн тоглодог хүмүүс бий.” гэсэн яриаг өнгөрсөн долоо хоногт өгч байсан юм. Гэвч өнөөдрийн тоглолтод манай тамирчид олон мянган хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадсангүй. Хождоггүй юмаа гэхэд гоол алдахгүй байж чадсангүй. Гэхдээ энэ бол спортын өрсөлдөөн. Талбай, дэвжээн дээр хэн хүчтэй, одтой нь л ялдаг жамтай.
А.Мөрөн ч өөрийнхөө үүргийг биелүүллээ. Түүний тоглож буйг харсан олон түмэн "үнэхээр чадварлаг" болжээ гэж магтаж байсан юм.
Олон улсын дэвжээнд улсынхаа нэрийг гаргаж буй А.Мөрөнгийн тоглолтыг бид үзлээ. Түүн шиголон олон залуус Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоглогчид болтугай.
2015.03.17 Улаанбаатар хот,
А.Мөрөн Сербийн “Мачва” клубтэй гэрээ байгуулсны дараа. 2015.03.06.
А.Мөрөн Тайландын "FC Краби" багт. 2014 он.
Ч.БОЛ