Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өчигдөр /2019.01.04/ мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт 22 настай Ч нь өндрөөс унаж нас барсан байдалтай олдсон. Хэрэг гарснаас хойш цагдаагийн байгууллага хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Бид хэргийн талаар өмнө нь хоёр ч удаа хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдээлэл хийсэн. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгахгүй байна, нотлох баримт алга болсон гэх зэргээр худал ташаа мэдээлэл цацагдсан. Энэ хэрэгт анх авагдсан шаардлагатай гэх нотлох баримтууд алга болсон зүйл байхгүй.
Хэргийн шалгах ажиллагаа ерөнхийдөө дуусах шатандаа явагдаж байна. Ар гэрийнхнийх нь зүгээс олон таамаг дэвшүүлж байгаа. Тэр болгоныг цагдаагийн байгууллага нэг бүрчлэн шалгаж байгаа. Оролцогч О той холбоотой мэдээлэл гарсан. Үүнийг шалгахад О нь уг хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон. Мөн цахилгаан шатанд явж байгаа хоёр иргэнийг хэрэгт холбоотой хэмээн цахим сүлжээгээр түгээсэн байсан.
Дээрх мэдээллийг шалгаж үзэхэд хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон. Харин дээрх иргэд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байгаа юм. Уг хэргийг шалгаж дуусахаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгнө" гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ