Хуралдаа суудаггүй гишүүнийг татна

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Хуралдаа суудаггүй гишүүнийг татна

УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараах тодруулгыг хийлээ.

-МҮОНРТ-ийн айл өрхүүдээс авдаг хураамжийг хүчингүй болгохоор хуулийн төсөл боловсруулж буй юм байна. Хэзээ хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх вэ?

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж иргэдээс МҮОНРТ-ийн хураамжийг хүчингүй болгох санал ирсэн. Үүний дагуу МҮОНРТ-ийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд хураамжийг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулсан, санал авахаар Засгийн газарт хуулийн төслийг оруулсан. Удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ-ын хаврын чуулганаар дээрх хуулийн төслийг хэлэлцэж, хураамжийг хүчингүй болгох байх.

-Хууль батлагдана гэдэгт та хэр итгэлтэй байна вэ?

-УИХ-аас МҮОНРТ-ийн тухай хуулийг баталснаар 1990-ээд оны эхэн үеэс эхэлж айл өрхүүдээс хураамж авдаг болсон. Энэ нь шударга бус байна гэж иргэд олон жил гомдоллож байгаа. Үнэхээр шударга бус байгаа. Арилжааны олон арван телевизүүд бий, айл өрхүүдээс хураамж авахгүй ажиллаж болдог. Гэтэл улсын төсвөөс жилдээ 7 тэрбум төгрөг авдаг МҮОНРТ иргэдээс хураамж авч ажилладаг байж таарахгүй. Үүнийг таслан зогсоох ёстой. Дэмжигдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгохын тулд хуралдаа суудаггүй тасалдаг, мөн бусдын кнопыг дарсан гишүүнийг эргүүлэн татахаар хуулийн төсөл боловсруулж байна гэлээ. Уг нь УИХ-ын Дэгийн тухай хуульд бусдын кнопыг дарж болохгүй гэсэн заалт байдаггүй биш билүү?

-Улстөрчдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр иргэдээс олон санал хүсэлт ирж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн чуулганд согтуу сууж байна, биенийхээ кнопыг зөвшөөрөлгүй дарж байна, нэг гишүүн таван кноп дарсан тохиолдол гарсан байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлаа тасалсан байна, энэ бүхнийг цэгцэлж өгөөч ээ гэж… Тийм учраас УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Уг нь УИХ-ын Дэгийн тухай хуульд бусдын кнопыг дарж болохгүй гэдэг заалт бий. Гэхдээ энэ заалтыг зөрчсөн нөхцөлд яах вэ гэдэг хариуцлага нь тодорхойгүй байна. Тийм учраас УИХ-ын гишүүн бусдын кнопыг дарсан байлаа ч энэ зүйл ангиар шалгагдаж, шийтгэгдсэн гишүүн байдаггүй. Тийм учраас тодорхой болгох ёстой байгаа. Дээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр УИХ-ын гишүүн хуралдааныг тасалсан нөхцөлд 1 минутыг 100 мянган төгрөгөөр тооцож торгодог болох. Хуралдаа согтуу, хөлчүү ирдэг гишүүнийг эргүүлэн татах гэх зэргээр илүү нарийвчилж, үзэхээр ажиллаж байна. Ингэхдээ хариуцлагыг төрөлжүүлж, УИХ-ын гишүүн бусдын кнопыг дарсан, согтуугаар хуралд суусан, аль эсвэл хурлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон цагаар тасалсан бол сонгогчийг доромжилсон гэж үзнэ. Сонгогчийг доромжилсон бол сонгогчийн эрхэнд халдсан бол ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар тусад нь бүлэг болгож зохицуулах хэрэгтэй гэдгийг саналыг байнгын хорооны гишүүд гаргасан. Техникийн ажлын хэсэг гараад ажиллаж байна. Хуулийн төсөл бэлэн болох үед хэлэлцүүлэг зохион байгуулна.

-УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох асуудлыг хөндөж, ирцтэй холбоотойгоор тодорхой хуулийн төслүүд боловсруулагдаж, УИХ хэлэлцэж байсан ч буцаагаад татсан тохиолдол бий. Ийм жишгээр хууль татагдах эсвэл батлагдахгүй болчих вий гэсэн болгоомжлол төрлөө. Энэ төсөл УИХ-аар хэлэлцэгдсэн нөхцөлд батлагдана гэсэн итгэл үнэмшил танд байна уу?

-Хариуцлагатай холбоотой асуудал ярихаар УИХ хуулийн төслийг батлахгүй хойш шиддэг муухай жишиг тогтчихоод удаж байна. Тэгэхдээ Шилэн дансны тухай баталсан шиг УИХ-ын гишүүнд хариуцлага тооцдог болох тухай хууль тодорхой хугацааны дараа батлагдана. Хариуцлагатай төр бий болно гэдэгт итгэж байгаа учраас гишүүдтэйгээ хамтарч хуулийн төслийг өргөн барина.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцрох шаардлага тавиад байна. Хууль эрх зүйн хүрээндээ ийм боломж байгаа юу. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгчийг огцруулах ганцхан үндэслэл бий. Тэр нь Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан, Үндсэн хуульд харшлах зүйл хийсэн бол. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж тогтооно. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц асуудлыг хэлэлцээгүй байхад энэ тухай ярих нь эрт. Хоёрдугаарт, хэн нэгэн хууль зөрчсөн эсэхийг шүүх л эцэслэн тогтооно. Ийм байхад ач холбогдол багатай л гэж харж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж