Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран анх удаагаа зохион байгуулж буй Зүүн хойд азийн бүс нутгийн “Эчим хүчний хэлхээ холбоо” олон улсын уулзалт өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улстай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг орны судлаачид, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл, хувийн хэвшлийг оролцож байгаа юм. Уулзалтаар эрчим хүчийг алдагдалгүй үйлдвэрлэх боломж, гарц, эрчим хүчний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга зам, зөв оновчтой өндөр ашигтай технологи нэвтрүүлэх, бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний асар их нөөцтэй болон их хэмжээний эрчим хүч импортлогч гүрнүүдийн сонирхол, уялдаа холбоо, сонирхолд нийцүүлсэн төсөл хөтөлбөр юу байгааг ярилцаж байна. Хурлаас гарсна арга зам шийдэл, шинэ санаа, санаачлагыг амжилттай хэрэгжүүлж чадвал одоогийн технологи шинэчлэгдэж, алдагдалтай ажилладаг байдал аяндаа арилна гэж үзэж байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх уулзалтын нээлтийн үеэр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатартай цөөн хором уулзлаа.
-Монгол Улсад эрчим хүчний нөөц хангалттай байна гэдэг. Гэхдээ өнөөдөр бидний хэрэглэж байгаа эрчим хүчний хэдэн хувийг эзэлж байна?
–Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нийт хэрэглээний ердөө 2 хувийг эзэлж байна. Энэ бол маш бага үзүүлэлт.
-Зүүн хойд Азийн бүс нутгаас Монгол Улсад авч хэрэгжүүлж болох ямар туршлага байна вэ?
-Өнөөдрийн уулзалтаар яг энэ тухай ярьж байна. Туршлага хэрэгжүүлэх гэхээсээ илүү бүс нутгийн улс орнуудтай хамтраад Азийн супер сүлжээ төслийг хэрэгжүүлэх талаар жилийн өмнө ярилцсан. Төслийн зорилго нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг говийн бүс нутагт байгуулах, эндээсээ Азийн супер сүлжээ том төслийн хүрээнд эрчим хүч экспортлох чиглэлээр хоёр том төсөл явж байна. энэхүү хурлыг санаачлаад явж байгаагийн хувьд эрчим хүчний салбарт өндөр технологи нэвтэрсэн Хойд Солонгос, БНСУ, Хятад, ОХУ-ын төлөөлөл ирсэн байна. Манай цахилгаан станцууд 40-50 жилийн насжилттай, ДЦС-ууд бий. Эдгээр станцууд дэлхий нийтийн технологиос хол хоцорсон нь үнэн. Сүүлийн жилүүдэд шинээр баригдсан, баригдаж байгаа станцуудын хувьд технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлсэн. Дэлхий нийтийн технологийн дэвшил экологид нөлөөлөх байдал, станцын ашигт үйлийн коффицент ямар байна вэ гэсэн хоёр үзүүлэлт рүү явж байна.
-Эрчим хүчний салбар олон жил алдагдалтай ажиллаж байна. энэ алдагдлаа нөхөөд дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаад, гадагшаа эрчим хүч экспортлох хүртэл ямар хугацаа зарцуулах тооцоо байгаа вэ?
-Эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ, Засгийн газарт өргөн бариад байна. гадагшаа эрчим хүч экспортлох асуудал 2020 оноос хойш яригдах боломжтой гэж үзэж байгаа. Үүнээс наана Хятад улстай Ерөнхий гэрээ байгуулна. Өндөр дээд хэмжээнд санамж бичиг байгуулсан. Дараа нь УИХ-ын дарга Хятадад айлчлахдаа ерөнхий гэрээ байгуулах асуудлыг тавьсан. Ерөнхий гэрээгээ байгуулсны дараа бид ямар эх үүсвэрээс эрчим хүч экспортлох уу, ямар станц барих уу гэх бодлогын асуудал яригдана.
С.ОТГОНСҮРЭН