Францын ард иргэдийн ¾ нь Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгааг иргэдийн дунд хийсэн судалгаа харуулжээ. Францын ард иргэд өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Макроноос хүсч байгаа тухай тус судалгаанд дурдсан байна.
Сүүлийн хоёр сарын турш Франц даяар өрнөж буй “шар хантаазтаны хөдөлгөөн” -өөс Э.Макроны Засгийн газарт ард түмэн “хангалтгүй” үнэлгээ тавьж байгаагийн илрэл болсон. Жагсагчид эхэндээ шатахууны үнийг бууруулахыг шаардаж байсан бол яваандаа эрх баригчдаас томоохон, дорвитой өөрчлөлт хийхийг хүсэх болсон юм. Жагсаалын үр дүнд Э.Макрон шатахууны үнийг дахин нэмэхгүй төдийгүй цалингийн доод хэмжээг 100 еврогоор нэмэгдүүлэхээр болсон ч шар хантаазтанууд үргэлжлүүлэн жагссаар байна.
Санамсаргүй түүврийн аргаар 1004 хүнийг сонгон, оролцуулсан тус судалгааг Лхагва /2019.01.02/, Пүрэв гаригуудад явуулсан байна. Санал асуулгад оролцогчдын дөнгөж 25 хувь нь Засгийн газартаа сэтгэл хангалуун байна хэмээн хариулсан нь өмнөх оны мөн үед хийсэн судалгаатай харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм. Тухайлбал, 2018 оны эхээр хийсэн ард иргэдийн сэтгэл ханамжийн судалгаагаар оролцогчдын 41 хувь нь Э.Макроны хийсэн ажилд сэтгэл хангалуун байна хэмээн хариулжээ. Э.Макроны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь 2017 оны зургадугаар сард эхэлсэн.
Парис тэргүүтэй Францын томоохон хотуудад долоон долоо хоногийн турш үргэлжилсэн “шар хантаазтан хөдөлгөөн”-ий үйл явц ширүүсч байгаа нь судалгааны дүнд нөлөөлсөн бололтой. Түүгээр ч барахгүй судалгаанд оролцогчдын 54 хувь нь жагсаалыг үргэлжлүүлэх ёстой хэмээн үзсэн байна.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ