Түгжрэлийг сааруулахын тулд 18 уулзвар барих шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Түгжрэлийг сааруулахын тулд 18 уулзвар барих шаардлагатай

Нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар  530 гаруй мянган  тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь автомашины түгжрэл. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар  530 гаруй мянган  тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар  нийслэлд 73 мянган тээврийн хэрэгсэл шинээр дугаар авч бүртгэгдсэн бол 4300 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасагджээ. Ийм байдлаар жил бүр 70 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд нэмэгдээд байвал 2025 он гэхэд нийслэлд нэг сая гаруй  тээврийн хэрэгсэлтэй болж замын хөдөлгөөнийг зохицуулж чадахгүйд хүрэх эрсдэл тулгараад буй. Тэгвэл нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2019.01.04/ болж, гарц шийдэл эрэлхийллээ. 


18 УУЛЗВАРЫГ ХОЁР ТҮВШИНД БОЛГОХЫГ КОНЦЕССООР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра: 2017 онд түгжрэлийг бууруулах ажлын хэсэг саналаа боловсруулж иргэдийн хурлаар төсвөө батлуулсан. Ингээд 2018 онд нийслэлийн газрын албатай хамтарч газар чөлөөлөлтийг хийсэн. Тухайлбал, 2017 онд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол  27 байсан бол албан  ёсны гэрээт  төлбөртэй зогсоолуудыг бий болгосноор  нийтдээ 42 зогсоолыг албажуулж, аж ахуй нэгжүүдтэй гэрээ хийн ажиллаж байна. Цаашлаад 20 уулзварыг хоёр түвшинд болгохоос зөвхөн Яармагийн   гүүр өнгөрсөн онд ашиглалтад орсон.  Энэ  онд багтаж, Тээврийн цагдаагийн газрын орчимд гүүрэн зам хийгдэж  дуусна.

Харин үлдсэн 18 байршлын  уулзварыг хоёр түвшинд болгох  ёстойгоос Таван шарын уулзвар, Саппорогийн уулзвар, Баянбүрдийн тойрог, 100 айлын уулзвар, Дарь эхийн уулзвар зэрэг газруудад Сангийн яамны “Хөгжлийн хөтөч”  дээр зургийн ажил хийгдэж байна. Одоогоор Хятадын банктай хөрөнгийн асуудлыг шийдэхээр Сангийн яам зөвшилцөж байгаа. Эдгээр 18 байршлыг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын замын сангийн хөрөнгөөр хийх боломжгүй учраас концессоор шийдвэрлүүлэх саналтай байна.

Учир нь 2017 оны долдугаар сарын 1-ээс Авто замын шинэчлэн найруулсан хууль батлагдаад мөрдөгдөж  эхэлсэн. Хуульд зааснаар зөвхөн замын сангийн  хөрөнгийг зам засвар арчлалтад зарцуулна гэж заасан учраас өөр зүйлд хөрөнгө зарцуулах боломжгүй болсон. Мөн гүүр барихтай холбогдуулан нүхэн гарц шинээр барихаар төлөвлөж, хөдөлгөөний зохицуулалт хийж байгаа. Тухайлбал, Төмөр замын депо, Нарны зам, Энхтайваны гүүр, Геологийн төв лаборатори, “Өгөөмөр” захын зүүн талд, “Жанжин клуб” орчимд хөдөлгөөний зохицуулалт хийнэ. “Дүнжингарав” худалдааны төв орчимд үүсдэг ачааллыг жигд хуваалцах юм.

СУРАГЧДЫГ  ЗӨӨХ АВТОБУС ГАРГАХ САНАЛ ГАРГАСАН Ч  ЗАХИРЛУУД ДЭМЖЭЭГҮЙ

Тээврийн цагдаагийн  албанаас: Зарим замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах саналууд  иргэдээс их ирж байгаа. Тухайлбал, 3, 4 хорооллын 1000 нэрийн барааны ард талын 22 байр, 2А байр гэсэн Өргөөгийн гудамж, Баянзүрх зах руу орох гарц, Драгон төвийн орох гарах гарцыг хааж хөдөлгөөнийг тойрог хэлбэрт оруулах хөдөлгөөнийг нэг чигт болгох саналуудыг  ажлын хэсэгт оруулсан. Зарим замыг  нэг чигийн хөдөлгөөнтэй болгохоор нэмж санал гаргаж байгаа. Эдгээрийг судлуулахаар Замын хөдөлгөөний удирдлагын төвд хандсан. Мөн сурагчдыг  зөөх автобусыг Нийслэлийн тээврийн газраас  цаг маршрутаар нь гаргахаар саналууд гаргасан ч  сургуулиудын захирлууд дэмжээгүй. Тиймээс дахин  судалгаа хийхээр төлөвлөж байна.

ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙГ БАРИУЛБАЛ ТҮГЖРЭЛ БАГАСНА

Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг: Сурагчдын амралт  эхэлсэн учраас  замын  түгжрэл багассан.  Бид Нийслэлийн боловсролын газартай хамтраад томоохон ажил хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Сургуулийн  хамран сургах тойрогтоо сурагчдын 50 хувь нь явдаггүй. Ихэнх нь өөр газраас ирдэг эсвэл өөр сургуульд шилжээд сурдаг. Эдгээр хүүхдүүдийг харьяаллын сургуульд нь хүргэж өгч тээвэрлэх асуудлыг цахимжуулаад хамран сургах тойргийг нь бариулах тал дээр ажил хийвэл түгжрэлийг бууруулах боломжтой.  Бага тойрууд төлбөртэй сургууль, цэцэрлэгүүд их байдаг. Эдгээр сургуулиуд тэр хавьд маш их  ачаалал үүсгэдэг. Нэг машинд нэг хүүхэд суугаад явж байна. Хүүхэд зөөвөрлөх зохицуулалтыг сайжруулчих юм бол түгжрэл багасна.

СУРАГЧДЫН АВТОБУСНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн боловсролын газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг:

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд /ЕБС/ 260, цэцэрлэгт 150 мянга гаруй хүүхэд сурч байна. Амралт эхэлснээс хойш түгжрэл буурч байгаа ч цаашид түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар байгууллагатай хамтран ажиллах боломжтойг судалж байна. ЕБС-ийн сурагчдын зорчилтын судалгаа гаргаж, нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлбэл ямар зардал гарахыг судалж яаманд хүргүүлсэн. Мөн сурагчдын автобусны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Энэ хичээлийн жилд 52 сургуулийн 130 автобусаар 6784 хүүхэд үйлчлүүлсэн. 52 сургуулийн  31 нь төрийн сургууль 21  нь төрийн бус өмчит сургууль. Төрийн өмчийн сургуулийн автобусны тоог нэмэх талаар төсөвт 400  сая төгрөг суулгаад автобусны тоог жил бүр гурваар нэмэгдүүлж байгаа.

Өмнө нь алслагдмал дүүргийн  гэрээс сургууль  хүртлээ олон км-т алхаж ирдэг хүүхдүүдэд анхаарч ирсэн. Харин энэ жил  хотын төвийн сургуулиудад нэмэлтээр автобус гаргая гэдэг санал гаргасан боловч 2019  оны төсөвт гурван автобус батлагдсан учраас тоог нь нэмж чадаагүй. Хэдэн цагт ачаалал их байгааг судалж, цагийг нь зөрүүлэх байдлаар арга хэмжээ авч байна. Өглөө  08.00 цагт бүх сургууль хиээллэдэггүй.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн А/1130 захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг Энхтайваны өргөн чөлөө дагуух сургуулиудын  хүүхдийн автобусны шинэ чиглэл турших ажлын хэсэг байгуулсан. Шинэ автобусны чиглэлийг турших ажил хоёрдугаар сард хичээл эхлэхээр болсон. Тэр хооронд бэлтгэл ажил хийгдэж байна.  Мөн хүүхдүүдээс  зорчилтын талаарх онлайн судалгаа гаргахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд цаасаар авна.

Дээрх мэдээллийн сонссоны дараа НИТХ-ын  дарга С.Амарсайхан зохиомол ачаалал үүсгэдэг хувиараа  такси үйлчилгээнд явдаг автомашинуудыг цэгцэнд оруулахыг Нийтийн тээврийн газарт  үүрэг болгосон юм. Учир нь  таксинд үйлдэгдэж буй гэмт хэргийн халдлага ихсэж байгаа учраас зөвхөн тоолуур, тэмдэгтэй, ялгах өнгөтэй таксиг хотод явуулах бодлого баримтлах аж.

ЯМАР АЖИЛ ХИЙСНЭЭ  ТАЙЛАГНАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

 Тэрбээр өнөөдрийн хуралдааныг дүгнэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ажлын биелэлт үнэхээр хангалтгүй байна. Улаанбаатар хот сая  гаруй хүнтэй,  800 гаруй км авто замын сүлжээтэй, 500 гаруй мянган авто машинтай мөртлөө авто  замын төлөвлөлт  зохицуулалт инженерчлэлийг  зохион байгуулалт хийдэг мэргэжлийн  байгуулгагүй явж ирсэн. Энэ байгууллагыг байгуулж, яаралтай энэ сард багтааж ажилд нь оруулна.

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг шинэчилж зохион байгуулна. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаасаа ямар ажил хийснээ  тайлагнаж чадахгүй  байна. Ийм байдалтай ажлыг цааш явуулахгүй. Энэ асуудлыг цэгцэлнэ. Асуудал танилцуулахаар цаасан дээр бүх зүйл бүтэж байна гэдэг ч бодит байдал дээр  эсрэгээрээ байна.  Асуухаар нэг бол хөрөнгө мөнгө байхгүй гэдэг.

Гэтэл хөрөнгө мөнгөгүйгээр хариуцлага үүргээ  ухамсарлаад хийчих ажлууд зөндөө байна. Авто зогсоолыг иргэдэд нээлттэй болгоход хөрөнгө шаардлагагүй. Аж ахуйн нэгжүүдийн гадна зогсоолыг үнэ төлбөргүй болгоход бас л мөнгө хэрэггүй. Дор бүрнээ хийж буй учраас хүчээ нэгтгэж чадахгүй, тарамдаад байгаа учраас нэгдэж хамтарч  ажиллах хэрэгтэй байна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж