Өнгөрсөн намар ашиглалтад орсон шинэхэн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэг дээр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дах МАН-ын бүлгийн дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс ажиллаа.
Нийслэлийн шүд эрүү нүүрний төв эмнэлгийн дарга Л.Хэнтий, орлогч дарга Б.Өнөрбилэг нар Хурлын дарга тэргүүтэй албаны хүмүүст эмнэлгийн талаарх товч мэдээлэл хүргэж, үйл ажиллагаагаа танилцууллаа.
Тус эмнэлгийг шүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нийслэлийн иргэдэд хүргэх зорилгоор 1986 онд байгуулсан. Тухайн үед нийслэл хот 500-600 мянган хүн амтай байсан бол сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа нь тус эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлсэн байна. Эмнэлгийн хувьд жилд дунджаар 100-130 мянган хүнд үйлчилдэг, нийтдээ 74 ажилтантай. Эмч ажилтнуудын хувьд ажлын ачаалал харьцангуй өндөр, шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байдаг тул цаашид эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн хөгжлийн чиг хандлагад тохирсон эмчилгээ үйлчилгээ явуулах, мөн эмнэлгийг барилгыг өргөтгөх юмуу шинэ эмнэлэг барих шаардлага тулгараад байгааг эмнэлгийн удирдлага хэллээ.
Түүнчлэн тус эмнэлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүдний эмчилгээ үзүүлдэг улсын хэмжээний ганц эмнэлэг гэдгийг дурдав. Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй 130 гаруй мянган иргэн байдаг гэх тоон мэдээлэл байдаг бөгөөд нийслэлд 50 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн оршин суудгаас 20 орчим мянга нь хүүхэд байдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд шүдний өвчлөл асар өндөр байдаг. Ийм хүүхдүүдэд шүд, эрүү нүүрний эмчилгээг үзүүлэх нь эрүүл мэнд, амь насны эрсдэл, хүндрэл дагуулдаг учраас хувийн шүдний эмнэлэг болон бусад өөр эмнэлэг үйлчилгээ тэдэнд үзүүлдэггүй.
Тиймээс тус төвийн эмч нар өөрсдийн санаачлагчаар гаднын хөрөнгө оруулагчдын хандивын тусламжтайгаар өөрсдийнхөө хэмжээнд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, төсвийн бус өөрсдийн нөөц боломжид тулгуурлан Тайван улсад хэд хэдэн удаа мэргэшсэн эмч мэргэжилтнээ явуулан мэргэшүүлэх сургалтад хамруулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийн тулд зориулалтын өрөө тасалгаа, унтуулах болон нойрсуулах сувилагч, эмч зайлшгүй байх, эмчилгээний тусгай зориулалтын төхөөрөмж, хөдөлгөөнийг хязгаарлаж аюулгүй байдлыг хангахуйц хүлэх тавцан гэх мэтийн тоног төхөөрөмж шаардлагатай болдгийг онцоллоо. Үүний улмаас тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эмчилгээ хийхийн тулд ар гэрийнх нь 2-3 хүн дагаж ирэх, өөр эмнэлгээс нойрсуулах эмч сувилагчийг түр хугацаанд урамшуулал олгож ирүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар урлах гэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгардаг гэдгийг дурдаад, эдгээрийг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хотын удирдлагад гаргалаа.
Мөн "Тайван инээмсэглэл төсөл"-ийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд 2018-2023 оны хооронд хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд нийслэл хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд, залуусын шүдийг эрүүлжүүлж, асран хамгаалагчдад нь эрүүл мэндийн цогц боловсрол олгохыг зорьж ажиллана. Үүний тулд төслийн хүрээнд гурван зорилт тавин ажиллана.
Нэгдүгээрт: "Тайван үрс" буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай зориулалтын шүдний эмчилгээний тасаг нээж ажиллуулна.
Хоёрдугаарт "Тайван хөгжил" бөгөөд шүдний эмч, мэргэжилтнүүдийг Тайвань, АНУ-д суралцуулж, мэргэжлийн чадавхыг нь сайжруулна.
Гуравдугаарт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдад шүд-амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах боловсрол олгох юм. Товчхондоо уг төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдийг 5-6 жилийн хугацаанд бүрэн эмчлэх дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж Монголд бүрдэнэ гэж тус эмнэлгийн орлогч дарга Б.Өнөрбилэг хэллээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад "Нийслэлийн шүд эрүү нүүрний эмнэлгийн барилгын хөрөнгийг өнгөрсөн жил Нийслэлээс шийдэж өгсөн. Гаднах авто зогсоолгүй байдлыг хараад шийдсэн хөрөнгийнхээ хэмжээтэй харьцуулахад сэтгэлд хүрэхгүй байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар энэ асуудалд анхаарч ажилла. Нийслэлийн хүн амын амны хөндийн ариун цэвэр, шүдний эрүүл мэндийн асуудал бол хамгийн чухал асуудлын нэг болсон. Үүнээс хамаараад дотор эрхтэй эрүүл, өвчлөлтэй байх асуудал хүртэл хамаардаг учраас энэ асуудалд анхаарч ажиллах ёстой. Тус эмнэлгийн хувьд эрүү нүүрний согог, шүдний өвчнийг эмчлэх хүрээнд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эмчилгээний хувьд энгийн иргэдээс илүү анхаарал халамж шаардсан, арга барил хэрэгцээтэй болдог нь нууц биш. Бүхэл бүтэн улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Шүдний төв эмнэлэг нь нойрсуулах эмч сувилагчгүй, бусад эмнэлгээс царайчилсан, нойрсуулах аппарат, тусгай тоног төхөөрөмжгүй байж таарахгүй. Эмнэлгийн удирдлагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасгийг байгуулах төсөл боловсруулаад, хөрөнгө мөнгийг нь шийдэж чадалгүй 2-3 жил болсон байна. Өнөөдөр бид газар дээр нь ажиллаад энэ тасгийг нээхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж байна. Хоёрдугаарт улсын хэмжээнд үйл ажиллагаагаа хүргэдэг хиймэл шүдний лаборторийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөс бүрдсэн лабораторитой болох асуудалд анхаарч ажиллах болно" гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ