“Credit Suisse”-ын оффис руу довтолжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

“Credit Suisse”-ын оффис руу довтолжээ

Өчигдөр лхагва гаригт Германы прокурорууд “Credit Suisse” банкны олон арван оффисууд руу дайрч орох ажиллагаа зохион байгуулсан бөгөөд энэ нь Швейцарийн тус банкны ажилтнууд хэрэглэгчдээ татвараас зугтахад тусалж байгааг шалгах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан байна хэмээн “BBC” агентлаг дамжууллаа. Энэ үйл ажиллагааг Умард Райн-Вестфаль мужийн эрх баригчдад хүлээлгэн өгсөн CD-нд байсан мэдээллүүдтэй уялдаатайгаар зохион байгуулсан гэж Дюсселдорфийн прокурорууд ярьсан байна. Швейцарийн банкны Герман дахь 13 салбарт хийсэн нэгжлэгт 150 прокурорын ажилтан, татварын албан хаагч оролцсон байна.

Прокурорын байгууллагаас гаргасан мэдэгдэлд энэ хэрэгт холбоотой “Credit Suisse”-ын ажилтны нэрсийг олж мэдээгүй байна гэж өгүүлжээ. “Credit Suisse” банкны хэвлэлийн төлөөлөгч Марк Дош энэ талаар “Бид дайрч орсон гэдгийг мэдсэн. Бид Германы эрх баригчидтай хамтарч ажиллаж байгаа. Шалгалт үргэлжлэн хийгдэж байгаа болохоор энэ талаар илүү дэлгэрүүлж ярих боломжгүй байна” гэж мэдэгджээ.

Дюсселдорфийн прокурорууд хэдэн сарын өмнөөс хулгайлагдсан байдлаар гарч ирсэн CD-н дээрх өгөгдлүүдийг шалгаж байгаа бөгөөд тэнд татвараас зугатсан байж болзошгүй 1,000 гаруй хүнтэй холбоотой дансны асуудлууд илрээд байгаа юм. Гэхдээ энэ шалгалт эрх зүйн хувьд тодорхой хэмжээгээр маргаантай байгаа бөгөөд учир нь хулгайн замаар илэрсэн баримтууд дээр үндэслэн шалгалт хийгдэж байгаа юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж