“Боржигоны бор талд тэнгэр сөгдөн мэхийжээ
Борлог энэхэн хорвоо уянгын тойрогт автжээ
Цагаан тэнхлэгт хүн чулууны нулимс цутгажээ
Цавидар нарны цаагуур дөмгөрхөн дөмөн хатирчээ
Өнжүүлийн хөх билүүнд сар, нар, салхи гурав асгажээ
Өчигдөр, өнөөдөр, маргаашийг тамгагүй төрөөс булаажээ ” хэмээн яруу найрагч А.Лхагва Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнд зориулан үгээр зурж, зураач П.Бат-Орших хөргийг нь бийрээр урлажээ.
Ийн Монголын шинэ үеийн утга зохиолын тулгыг тулж, галыг бадраалцсан Их номч Б.Ринчен, С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн тэргүүтэй үе үеийн шилдэг 55 яруу найрагчийн хөрөг зургийг дээжилсэн нь энэ. Энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийсэн уг үзэсгэлэнг Яруу найргийн үндэсний төв, Бэст арт галерейтэй хамтран олны хүртээл болгож буй аж.
Билэг танхай 55 яруу найрагчийн хөргийг Монголын хөрөг зургийн нэрт мастер Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Орхон, Д.Гунгаа тэргүүтэй 25 зураач “яруу” зуржээ. Харин тэдний бүтээл бүрийг тодотгож,яруу найрагч А.Баяржаргал А.Лхагва нар шүлэг тэрлэсэн нь олны сэтгэлийг баясгана.
“Согтуу хийгээд хэрмэл танхай хэмээн
Нэгнээ цоллохын хэрэг юусан билээ
Солонгот амьдралын хэмнэл гэдэг
Долоохон өнгөний бүрдмэл авай
Хэлний уянга, ганцхан хундага дарсаар
Хэт мэргэн Чойном бүхний цангааг тайлжээ
Эгц өндрөөс унасан уянгат шингэн хүрхрээ
Эндэхийн бүх найрагчийг урсгалдаа үйх шахжээ” хэмээх зураач С.Чулуунбаатарын зурсан Р.Чойномын хөрөг зураг өөрийн эрхгүй анхаарал татна. Зураачийн бүтээлд час улаан өнгийг бүдэг цэнхэр өнгөтэй хослуулан уусгасан нь содон харагдана.
Бүтээлийнхээ талаар зураач С.Чулуунбаатар хэлэхдээ “Надад таван яруу найрагчийн хөрөг зурах үүрэг ногдсон. Тэдний нэг нь яруу найрагч Р.Чойномын хөрөг юм. Энэ хөргийг бүтээхдээ тухайн билэг танхай яруу найрагчийн дотоод ертөнц, мөн чанарыг нь зургаар илэрхийлэхийг хүссэн. Хөрөг зургаа зурахдаа яагаад улаан өнгийг давамгай хэрэглэсэн гэвэл Социализмын хүнд хэцүү нийгэмд зурвасхан цэнхэр гэрэл шиг өнгөрсөн шилдэг яруу найрагч байсан. Тиймээс түүний амьдралыг улаан цэнхэр өнгөөр нь өгүүлэхийг хүссэн” гэв.
“Тэмээт Нарийны адгаар сөдлөг цэцэг алаглаад
Тэвшийн нуурын гадаргад шувууд ганганан эргэнэ
Сэргэлэн зуны атаршилд цээжний чимэг асаагч
Хумсны толио гялалзуулан, мөнгөн чавхдас хөглөнө
Баргад талын аялгуу мянган мод газраас ч сонсогдоно
Байж ядахын эрхээр эрмэг найрагчид сэрцгээнэ
Халуун залуу найраг шүлгийн хоймор тийш
“Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн өргөнө” хэмээн Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа тэргүүтэй үзэсгэлэнгийн чимэг болсон бүсгүй найрагчид ч цөөнгүй.
Энэ үеэр үзэсгэлэнг сонирхож буй Б.Банзрагч “Би үзэсгэлэн их сонирхож, үздэг хүн л дээ. Энэ удаагийн үзэсгэлэн маш гайхалтай санагдлаа. Гэхдээ хамарч буй яруу найрагчдын тоо арай бага байна. Цаашдаа үе шаттайгаар үлдсэн яруу найрагчдын хөрөг зургийн үзэсгэлэнг зохион байгуулаасай гэж хүсэж байна. Яруу найрагчдын хөргийг зураач нар бийрээр зурж, дэргэд нь үгээр зурсан нь сайхан санагдлаа” гэдгийг хэлж байв.
Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ