АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг тус албан тушаалд томилогдсоноос хойш АНУ-ын өр хоёр их наядаар өсч 21,9 их наяд ам.доллар болсон тухай CNN агентлаг мэдээлжээ. Энэ нь сүүлийн 70 жилийн хугацаан дахь хамгийн дээд хэмжээг зааж байгаа аж.
Конгрессын төсвийн хорооны тооцоолсноор, улсын өрийн хэмжээ тус улсын ДНБ-ний 78 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ байдлаараа цааш явбал өрийн хэмжээ ДНБ-ний 96 хувьтай тэнцэх болно гэж анхааруулжээ.
Дональд Трамп 2016 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улсын өрийг найман жилийн дотор барагдуулна хэмээн амлаж байсан байна. Өрийн хэмжээ 2017 оны эхээр буурч эхэлсэн ч татварын хуульд өөрчлөлт оруулсны дараагаар дахин өсч эхэлжээ. Нөхцөл байдал ийм болсонд тэрбээр ихэд санаа зовниж байгаа ба яамдын төсвийг таван хувиар бууруулахыг шаардсан байна.
Эх сурвалж: CNN