Ц.Цолмон: Ерөнхийлөгч зөрчилтэй хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон: Ерөнхийлөгч зөрчилтэй хуулийн төсөл өргөн барилаа

Ц.Цолмон: Ерөнхийлөгч зөрчилтэй хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхиор чөлөөлдөг байх хуулийн төслийг  боловсруулан өнөөдөр /2019.01.04/ өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос дараах тодруулгыг авлаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс  өргөн мэдүүлсэн  гишүүдийн олонхиор УИХ-даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг өчигдөр буцаасан шалтгаан нь юу вэ?

-Хуулийн төслийг боловсруулах, өргөн барих , хэлэлцэх зэрэг энэ бүхэн нь  хуулиар зохицуулагддаг. Хэн нэгний хүсэл зоригоор болно, болохгүй гэдэг  асуудал биш. Хууль тогтоомжийн тухай хууль, Дэгийн тухай хуулиар зохицуулагддаг. Тамгын газар гурав хоног бүрдлийг нь хянадаг. Хэрвээ хуулийн дагуу шаардлага хангаж байна гэж үзэх юм бол УИХ-ын даргад  өргөн мэдүүлдэг. Өчигдрийн тухайд зарим нэг зүйл  нь дутуу байсан. Жишээлбэл, олон нийтийн санал заавал  авдаг. Тухайн  хуулийн төслийг олон нийт  мэдэж байх шаардлагатай. Энэ мэт зарим зүйл нь өчигдөр дутуу  байсан учраас бүрдлийг нь хангуулах зорилгоор буцаасан.

-Тус хуулийн төслийг хэзээ хэлэлцэх вэ?

-Хууль хэлэлцэгддэг журмаараа  л явагдана. Хүн бүхэн хуулийн төсөл өргөн барьж дур дураараа тухайн хуулийн төслийг хэлэлцэнэ гээд байж болохгүй. Хэлэлцэгдэх журам болох Төрийн байгуулалтын байнгын хорооны  дарга нь Ерөнхийлөгчийн санаачилсан  хуулийн төслийг  хэлэлцүүлье гээд УИХ-ын даргын зөвлөл дээр саналаа хэлдэг. Даргын зөвлөлийн гишүүд нь ярилцаж байгаад тухайн долоо хоногт хэлэлцэгдэх асуудлын дараалалд оруулдаг энэ хуулийн дагуу л явагдана. Нэгэнт хуулийн төслийг өргөн барьчихсан бол УИХ-ын ажил гэсэн үг. УИХ-ын гишүүд өөрсдөө бусад  бүх асуудлыг хэлэлцдэг журмын дагуу хэлэлцэнэ.

-Ирэх долоо хоногт багтааж хэлэлцэж амжих болов уу?

-Би үүнийг хэлж мэдэхгүй.

-Тухайн хуулийн төслийг 30 хоногийн турш олон нийтэд танилцуулж  саналыг нь  авсны дараа өргөн мэдүүлдэг хуультай. Гэвч Ерөнхийлөгчийн санаачилсан  хууль Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж байгаа юм биш үү?

-УИХ-ын даргын зүгээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг яаралтай хүлээж авах нь зөв гэж үзсэн. Дэгийн тухай хууль өргөн барьж байгаа бол нарийн шаардлага тавигддаггүй. Гэхдээ энэ хуулийн төслийг боловсруулахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан яаж бодсоныг би мэдэхгүй. Уг нь бол үндсэн асуудал нь  УИХ-ын даргын асуудал учраас УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдана. Гэвч ингэлгүйгээр Дэгийн тухай хууль өргөн барилаа. Зөрчилтэй асуудал гарчихлаа даа  л гэж  би ойлгож байна.

Намрын чуулганы хугацаанд нийтдээ 50 хоног хуралдах ёстой. Гэвч нэг сар орчим хуралдаж чадсангүй. Энэ тохиолдолд  хоногоо нөхөж чуулганыг завсарлуулахгүйгээр сунгах уу?

-Хугацааг сунгах эсэх асуудал нь хуулиараа л зохицуулагдана. Хоёрдугаар сарын 10-н хүртэл хуулийн хугацаатай. Магадгүй УИХ-ын даргын зөвлөл дээр захирамж гарч хугацааг нь наашлуулах эсвэл хойшлуулах эсэхийг нь тухайн үед нь шийдэх байх.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байгаа юу?

– Долоо хоногийн тав дахь өдөр болгон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байгаа. Даргын дэргэдэх зөвлөл нь УИХ-ын бүтцийн бас нэг хэсэг шүү дээ. Хуралдсаар ирсэн, өнөөдөр ч хуралдана.

Гишүүд хурууны хээгээр ирцэд бүртгүүлэх хуулийн өөрчлөлт хэзээ мөрдөгдөх вэ, бэлтгэл хангагдаж байгаа юу?

– Хурууны хээгээр ирцэд бүртгүүлэх хуулийн зохицуулалт Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаас буюу энэ оны дөрөвдүгээр сарын 05-наас үйлчилж эхлэх хуулийн заалттай.

Маш богинохон хугацаанд үүнийг хийх шаардлага Улсын Их Хурлын Тамгын газарт тавигдаж байгаа. Чуулган завсарлангуут бид энэ асуудлаа ярилцана.

Тамгын газрынхан бэлтгэл ажилдаа аль хэдийнэ орсон. Надад техникийн шийдлүүдийг танилцуулсан. Удахгүй ажлын хэсэг томилогдоно. Техникийн шийдлүүд дээр мэргэжлийн хүмүүс ажиллаад, саналаа танилцуулах байх аа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж