АНУ-ын Конгрессын шинэ бүрэлдэхүүн ажилдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

АНУ-ын Конгрессын шинэ бүрэлдэхүүн ажилдаа орлоо

АНУ-ын Конгрессын шинэ бүрэлдэхүүн ажилдаа орлоо
Тус конгресст АНУ-ын түүхэнд анх удаа мусульман шашинтай эмэгтэйчүүд болон уугуул Америк хүмүүс сонгогдсон.

АНУ-ын Конгрессын 116 дахь бүрэлдэхүүн өчигдөр /2019.01.03/  тангараг өргөж, анхны чуулганаа хуралдууллаа. Сенатад Д.Трампын багтдаг Бүгд найрамдах намынхан олонх хэвээр байгаа бол Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонх болсон юм. Тус Конгрессын бүрэлдэхүүн өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон АНУ-ын завсрын сонгуулиар сонгогдсон бөгөөд түүхэнд байгаагүй олон эмэгтэй болон олон үндэстний хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой билээ.

Төлөөлөгчдийн танхим анхны хуралдаанаараа Калифорни мужаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн Нанси Пелосиг даргаар сонгосон байна. Тэрбээр 2007 онд Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй хүн болж байсан бол одоо тус албан тушаалд хоёр дахь удаа томилогдсон анхны эмэгтэйгээр тодорч байгаа юм.

Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд 2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэрэг болон шударга бус хэмээн олон хүмүүсийн үзэж буй бусад асуудлаар Ерөнхийлөгч Д.Трампыг сорих төлөвтэй байна.

АНУ-ын хууль тогтоогчид ийнхүү ажилдаа орсон ч Засгийн газар нь төсвийн асуудлаар зөрчилдсөнөөс болж зогсонги байдалд орон, төрийн байгууллагууд нь ажиллахгүй хэвээр байгаа юм. Учир нь Д.Трамп хилийн аюулгүй байдлыг сахиулахын тулд Мексикийн хил дээр хана бариулах төсвийг гаргуулахыг хүсч байгаа бол Ардчилсан намын гишүүд их хэмжээний санхүүжилт олгохоос татгалзсан хэвээр байна.

Тиймээс Конгрессын шийдвэрлэх гол асуудлуудад гацаанд ороод буй төсвийн асуудлыг цэгцэлж, Засгийн газар болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн байдалд аваачихаас гадна Хятадтай хийж буй худалдааны дайн, хөрөнгийн бирж дээрх хувьцааны уналт мөн үүрэг гүйцэтгэгчээр тэргүүлсэн Пентагоны тэргүүнийг томилох байх юм.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж