Иргэний бүртгэлийн ажилтан түүнд “Чи бол доминикан биш, харин хайти” гэж хэлжээ. Шалтгаан нь гэвэл түүний эцэг Хайтигаас ирсэн цагаач Камилизе охиноо төрөх үед албан ёсоор Доминиканы иргэн болж бүртүүлээгүй байсан гэнэ. Энэ Сониагийн хувьд шоконд оруулсан мэдээ байлаа. Их сургуульд орох, гэр бүл болохын тулд бүх зүйлд төрсний гэрчилгээ хэрэг болдог. Харин засгийн газар нь түүнд төрсний гэрчилгээ өгөхөөс татгалзаж байна. Энэ нь нэг ёсондоо түүнийг түлхэж байна гэсэн үг бөгөөд хууль бус гадны цагаачидтай тэмцэхийн тулд ийм бодлого явуулах хэрэгтэй гэж Доминиканы албан тушаалтнууд ярьж байна.
Гэвч Хайти мөн Камилизег хүлээн авахаас татгалзаж байгаа. Тийм ээ, тэр гаднах төрхөөрөө, бага зэрэг хар арьстай нь яг л Хайти шиг харагдаж байгаа. Гэвч Камилизе хэзээ ч Хайтид байгаагүй. Мөн тэр Креол хэл юм уу франц хэлээр ярьдаггүй. Түүнчлэн өөр улсын иргэн болохыг сонгосон хүмүүсийг Хайти буцааж авдаггүй бөгөөд Камилизе бол Доминикан гэж Хайтигийн албаны хүмүүс үзэж байна. Ийнхүү тэр гацаанд орсон бөгөөд сурах боломжгүй, пасспорт авч эх орноосоо өөр тийшээ ч явах аргагүй болоод байна. Нэг ёсондоо тэрээр хүний эрхийн идэвхтнүүд, олон улсын байгууллагуудын нэрлэдгээр “улсгүй” буюу “иргэншилгүй” хүн болоод байна.
Дэлхий даяар 12 сая орчим ямар ч иргэншилгүй хүмүүс амьдарч байна гэж НҮБ тооцоолж байна. Иргэншилгүй байдлыг шийдэх нь цэвэр усны асуудал, дүрвэгсдийн эрх, боловсрол, хүмүүнлэгийн асуудал гэх мэт НҮБ, засгийн газрууд, эрхийн байгууллагуудын гол зорилтуудын нэг болоод байна. Иргэншилгүй хүмүүсийн асуудлыг анх дэлхийн хоёрдугаар дайны дараа олон улсын хүний эрхийн байгууллагууд анхааралдаа аван гаргаж тавьж байсан юм. Түүнчлэн 9/11-ний халдлагын дараа Соросын сангийн Нээлттэй нийгэм хүрээлэн зэрэг байгууллагууд терроризмын эсрэг тэмцэл хэрхэн иргэншилгүй хүмүүст нөлөөлж байгааг судалгаа хийн энэ асуудлыг шийдвэрлэхийг уриалсан. “Иргэншилгүй хүмүүст бараг ямар ч амьдрал байдаггүй. Иргэншилгүй байна гэдэг нь хүн юу ч хийхгүй хөшөө шиг зогсож байхад дэлхий ертөнц эргэсээр байна гэсэн үг. Энэ асуудал хүний аюулгүй бус байдалд хөтөлдөг” гэж “Refugees International” байгууллагын ахлах мэргэжилтэн Маурийн Линч ярьж байна.
Иргэншилгүй хүмүүс дэлхийн бөмбөрцгийн бүхий л хэсэгт, Европоос Зүүн өмнөд азид, Карибын тэнгисийн орнуудаас өгсүүлээд АНУ-д хүртэл байдаг. Энэ оны эхнээс НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг “иргэншилгүй байдалтай тэмцэх үйл ажиллагаагаа хоёр дахин нэмэгдүүлэх болно. Энэ нь зөвхөн хувь хүмүүсээс гадна улс оронд бүхэлд нь нөлөө үзүүлдэг” гэж мэдэгдсэн. 2007 оноос АНУ-ын Төрийн департамент жил бүр гаргадаг тайландаа улс орнуудын хүний эрхийн талаарх статусыг дүгнэхдээ иргэншилгүй хүмүүсийн асуудлыг яаж шийдэж байгааг харгалзан үзэх болно гэж мэдэгдсэн.
Зарим улс орнууд өөрсдийн улс орны хил дотор байгаа иргэншилгүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү их хүчин чармайлт тавьж эхлээд байна. Тухайлбал, Балба өөрийн хил дотор нь төрсөн, иргэншилгүй олон сая хүмүүсээс хэдэн зуун мянгад нь иргэншлийн бичиг баримт олгосон байна. Бангладеш олон жилийн турш өөрийн орны иргэн биш хэмээн үзэж ирсэн Бихари хүмүүст иргэншил олгож эхэлсэн. 1971 онд зүүн, баруун Пакистаны мөргөлдөөний золиос болсон Бихаричуудыг Пакистан, Бангладешийн аль аль нь өөрсдийн иргэн биш гэж үзсээр ирсэн юм. Энэ оны тавдугаар сард АНУ-ын Сенатын Шүүх хороо иргэншилгүй иргэдийн тухай шинэ хуулийн талаар сонсгол хийсэн бөгөөд энэ хууль батлагдсанаар АНУ-ын хил хязгаар дотор байгаа иргэншилгүй 4,000 орчим хүнд ногоон карт авах боломж нээгдэх болно.
Европт Рома хэмээн нэрлэгддэг цыганууд ихэвчлэн бичиг баримтгүй байдаг. Кенид 19-20 дугаар зуунд Их Британийн колоничлогчид очихдоо Суданаас аваачсан100,000 орчим Нуби угсаатнуудад Кени иргэншил олгохоос татгалзсаар ирсэн. Кувейт 120,000 бидун угсаатанд иргэншил олгохоос татгалзаад байгаа бол Сири 300,000 Курд угсаатанд иргэншил олгохыг хүсэхгүй байна. Түүнчлэн Палестинчууд иргэншилгүй хүмүүсийн хамгийн алдартай жишээ юм гэж “CNN” агентлаг мэдээллээ.
Т.Бадрах