Хойд Солонгосын дипломатч ор сураггүй болжээ | News.MN

Хойд Солонгосын дипломатч ор сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын дипломатч ор сураггүй болжээ

Хойд Солонгосын дипломатч ор сураггүй болжээ

БНАСАУ-аас Итали улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч  Чо Сон Гиль орогнол хүссэн тухай БНСУ-ын хэвлэлээр өчигдөр /2019.01.04/ мэдээлсэн билээ. Хойд Солонгосын төлөөлөгчид гадаад улс оронд орогнохыг завдаж буй тохиолдолд тухай улсын эрх баригчид голдуу БНСУ-д мэдэгддэг боловч Мүн Жэ Иний ажлын албаны мэдээлснээр Чо Сон Гилийг орогнол хүссэн тухай баттай мэдээлэл одоогоор байхгүй аж.

Харин Өмнөд  Солонгосын Үндэсний тагнуулын албанаас гаргасан мэдэгдлээс үзвэл Хойд Солонгосын дипломат нь өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын эхээр ор сураггүй алга болсон аж. Мэдэгдэлд дурдсанаар Чо Сон Гилийн Ром дахь БНАСАУ-ын ЭСЯ-нд томилогдон ажиллах хугацаа нь арванхоёрдугаар сард дуусах байв.

Чо Сон Гиль нь 2015 онд Итали дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн даргаар томилогдон очсон бөгөөд 2017 онд өмнөх Элчин сайд нь Хойд Солонгосын зургаа дахь цөмийн туршилттай холбоотойгоор ажлаасаа чөлөөлөгдөн, нутаг буцаагдсаны дараа хэргийг түр хамаарагчаар томилогдон ажиллаж байсан аж.

Чо Сон Гиль гуравдагч орноос орогнол хүссэн гэх боловч аль орон руу явахыг хүссэн нь тодорхойгүй бөгөөд Өмнөд Солонгосын Тагнуулын албаны мэдээлснээр барууны аль нэг орон байж магадгүй. Гэвч түүнийг орогнол хүссэн гэх мэдээллийг Италийн Гадаад хэргийн яам болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газар аваагүй гэв.

Хойд Солонгосын төрийн дээд албан тушаалтнуудаас эх орноосоо урвасан тохиолдол 2016 оны Тэ Ёнугийн хэргээс хойш гараагүй байна. Тэн Ён У нь Их Британи дахь Хойд Солонгосын ЭСЯ-нд ажилладаг байсан бөгөөд Хойд Солонгост үлдсэн гэр бүлийнхэн, үр хүүхдээ үл хайхран, хатуу дэглэмээс зугтахаар шийдсэн бөгөөд одоо Өмнөд Солонгост өндөр харуул хамгаалалтын дор амьдарч байгаа юм.

Чо Сон Гиль нь Италид эхнэр, хүүхдийн хамт байсан эсэх нь тодорхойгүй. Учир нь дийлэнх тохиолдолд гадаадад томилогдон ажиллаж буй Хойд Солонгосын албан тушаалтнуудын гэр бүл, хүүхдүүдийг нь “барьцаа” маягаар эх оронд нь заавал авч үлддэг аж. Хойд Солонгосын тухай судалдаг мэргэжилтнүүдийн хэлснээр тус улсад нам, төрөөс урвасан ямар нэг үйлдэл гаргавал зөвхөн хувь хүнээс гадна гэр бүлийг нь хатуу шийтгэдэг байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-04 58.186.1.123

Тамхинд явж байгаад баригдцан байхөө. Манайхан микрээр, хойд солонгосчуд шугамын автусаар явдаг бсан. Ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж