З.ЭНХБОЛД: УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХГҮЙ ЧӨЛӨӨЛНӨ

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

З.ЭНХБОЛД: УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХГҮЙ ЧӨЛӨӨЛНӨ

З.ЭНХБОЛД: УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХГҮЙ ЧӨЛӨӨЛНӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З. Энхболд дөнгөж сая /2019.01.04/ УИХ-ын гишүүдийн олонхиор УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа. Төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан байна. 

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар хүргүүлжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар хүргүүлжээ

Уг хуулийн төслийг өчигдөр өргөн барих гэсэн ч зарим нэг материал дутуу байсан тул өнөөдөр болж, хойшлуулсан байсан юм.

Хуулийн төслийг тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 10.2.6-д УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолыг төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө гэсэн заалт оруулжээ. Мөн хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр заасан юм байна.

Хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос зарим зүйлийг тодрууллаа.


З.ЭНХБОЛД: УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХГҮЙ ЧӨЛӨӨЛНӨ 

-Ерөнхийлөгч өчигдөр хуулийн төсөл өргөн барихаар УИХ-д хүргүүлсэн ч бүрдүүлэлт байхгүй гэж хойшлуулсан. Харин өнөөдөр өргөн барьчихлаа?

-Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр орой, УИХ-ын тухайн хуулийн 16 штрих 1-3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 10.2.6-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барихаар УИХ-ын даргатай уулзсан. Энэ үеэр ийм хууль өргөн барина, хүлээж авна гэдэг байдлаар ярилцсан байсан. Гэвч УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга хууль өргөн барих бүрдүүлэлт дутуу байна гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс би өнөөдөр албан бичиг бичиж,  энэ хууль бүрдүүлэлт шаардахгүй. Яагаад гэвэл хууль тогтоомжийн тухай хуулиар хууль өргөн барихдаа олон бичиг баримт бүрдүүлдэг шаардлагуудтай. 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг энэ хуулийн 12.22 дахь заалтаар энэ аргачлалыг мөрдөхгүй гэж хуульд тусгасан. Олон улсын  гэрээ, төсөв, төсвийн тодотгол, өрийн удирдлагын стратеги, төсвийн гүйцэтгэл батлах, дайны тухай хууль, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх зэрэг асуудалд бүрдүүлэлт шаардахгүй 24 хуулийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн.

-Хуулиудад ямар өөрчлөлтүүд орж байна вэ, тодруулбал?

-Хуулиудад оруулах өөрчлөлт бол маш энгийн. УИХ-ын чуулган арванхоёрдугаар сарын 6-аас хойш сар гаруйн хугацаанд хуралдаагүй. Нэг сарын турш чуулган хуралдахгүй байгаад Ерөнхийлөгч санаа зовж, алтны татвар, өвлийн бэлтгэл, утааны асуудал, жагсаал цуглаан гэх мэт олон асуудал тулгарч байна. Тэгэхээр  асуудлаа УИХ-ын танхимдаа орж ярилцах, маргалдаж байгаа талууд  эв зүйгээ олж, цаашаа явахыг хүсч байгаа. УИХ-ын дарга хэд хэдэн удаа ярилцлага өгөхдөө “Хууль байдаг бол би хуулийн дагуу өргөдлөө өгмөөр байна” гэж ярьсан. Тэгэхээр Ерөнхийлөгч  хууль санаачлаад гарцыг нь гаргаж өгч байна гэж хуулийн төсөл өргөн барьж байгаа юм. Үүнээс хойш УИХ-ын гишүүд УИХ-ын даргыг томилж, чөлөөлдөг болж байна. Энэ хуулиар УИХ-ын тухай хуулийн 16 штрих 1-3 дахь заалтад “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн барьсан бол төслийг энэ хуулийн 16 штрих 1.1,2-т заасан журмын дагуу хэлэлцэнэ” гэж тусгасан.  Хоёр дахь заалт нь энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлнэ гэсэн товчхон нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Үүнийг дагаж УИХ-ын тухай хуулийн 10.2.6-т заасан өөрөө өргөдлөө өгөх, өөр ажилд шилжих зэрэг таван шалтгаан дээр нэмж, УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө” гэдэг заалтыг нэмж байгаа юм.

-Огцруулахгүй зөвхөн чөлөөлнө гэсэн үг үү?

Огцруулахгүй. Огцруулна гэвэл Үндсэн хуулийн 66.2.4-өөр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт шаардахаар байгаа учраас Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд чөлөөлөх л асуудал  тусгагдсан.

-МАН-ын бүлэг, байнгын хороо, чуулган хуралдаж чадахгүй байгаа. Тэгэхээр хуулийн төслийг хэзээ хэлэлцэх боломжтой вэ?

-Ерөнхийлөгчийн саналаар бол энэ хуулийг нэн даруй хэлэлцэж, батлаад УИХ-ын гацааг гарга гэж байгаа. Нэн даруй гэдэг нь өнөөдрөөс эхлээд байнгын хороо, чуулган хуралдаад явах боломжтой. УИХ-ын даргын хэлснээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хууль бас яаралтай хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёр асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх талаар бүлгийн  дарга нартайгаа хэлэлцэнэ гэж байсан.

-УИХ-ын даргын зөвлөл хэлэлцэхгүй хойшлуулаад байвал яах вэ?

-УИХ-ын даргын санаагаар бол хэлэлцээд явна гэдэг байр суурьтай  байсан. Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд маргалдагч талуудыг эв зүйгээ олоод яв, хууль нь дутсан бол хуулийг нь өөрөө санаачлая гэсэн байр суурьтай байгаа.

-Энэ хуулийн өөрчлөлтүүд Үндсэн хуультай нийцэж байгаа юу?

-Үндсэн хуультай нийцүүлэхийн тулд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Засгийн газраас УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах гэж  байсан саналын огцруулах гэдэг үгийг нь хассан байсан. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 66.2.4 дэх заалтаар огцруулах  асуудлыг зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу шийднэ гэдэг хоригтой учраас огцруулах гэдгийг нь авсан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж