-Олимпийн харти зөрчигдөж байна-
ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” салбар комиссын гишүүн П.Тунгалагтай ярилцлаа. Тэрбээр мөн МВХ-ны гадаад харилцаа, МБСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Спортын тогтвортой хөгжил ТББ-ын тэргүүнээр тус тус ажиллаж байна.
-Та 1999 оноос олимп, спортын салбарт ажиллажээ. Мөн 2015 оноос ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын гишүүнээр томилогдсон Монгол Улсаа төлөөлөх анхны эмэгтэй. Швейцарийн Лозанн хотноо болох ОУОХ-ны ээлжит хуралд оролцох гэж байна. Монгол Улстай холбоотой ямар асуудлыг хэлэлцэх бол?
-ОУОХ-ны салбар комиссуудын хурал энэ сарын дундуур болох гэж байна. Ерөнхийдөө өнгөрсөн нэг жилийн хугацаанд комиссын зүгээс хийсэн ажлын тайлан, хэрэгжүүлсэн төсөл, цаашдын зорилтуудаа хэлэлцэх талаар хөтөлбөр ирсэн. Монгол Улстай холбоотой гэвэл ОУОХ-ны Дэлхийн хөтөлбөрүүдэд хэчнээн тамирчид хэрхэн хамрагдаж ирснийг тоо баримтаар л дурдагдана.
-Энэ удаагийн ОУОХ-ны өмнө МҮОХ-той холбоотой нэгэн дуулиантай асуудал үүслээ. Монголын “Олимпизмыг аврах хөдөлгөөн”-ий тэргүүн Ч.Бат-Эрдэнэ МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгуулахыг хүссэн захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ Ёс зүйн комиссын одоогийн дарга Бан Ги Мунд арванхоёрдугаар сарын 28-ны өдөр илгээсэн тухай дэлхийн спортын мэдээллийн томоохон сайт болох “INSIDETHEGAMES”-т мэдээлжээ. Энэ асуудлыг хэлэлцэх болов уу?
-Тиймээ, энэ мэдээг харсан. Өмнө нь халуун цэгт ажилладаг байсан болохоор тэр бүр анзаардаггүй байжээ. Одоо бол хөндлөнгөөс ажиглаад, санаа зовоод л суудаг. Эмэгтэй хүнийхээ хувьд он удаан жил үргэлжилсэн маргаан дуусаасай л гэж хүснэ. Харамсалтай нь, асуудал улам хурц болоод байх шиг байна.
Тухайн комиссын гишүүдэд хурлын хөтөлбөр, хэлэлцэх асуудал ирдэг тул хамааралтай бус асуудал болохоор сайн мэдэхгүй байна. Мэдээж гомдлыг хүлээн авсан бол ямар нэгэн байдлаар хариу өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
-Монгол Улсын шүүх байгууллагаар гэм буруу нь тогтоогдсон, ял авсан, хэдийгээр өршөөгдсөн боловч албан тушаал хаших эрхийг нь хязгаарласан байтал Монгол Улсыг төлөөлүүлж байгаа нь ОУОХ-ны Хартийг зөрчих, Монгол Улсын нэр хүндэд хэрхэн нөлөөлөх талаар байр сууриа илэрхийлнэ үү?
-Хувь хүнд бас юу ч тохиолдож болно л доо. Хамгийн гол нь Олимпийн Хартийн өмнө хүлээсэн үүрэг, олимпизмын нэр төрийг цэвэр байлгах үүрэг бий. Тэр зөрчигдөж байна гэж бодож байна.
-ОУОХ-нд ирүүлж буй гомдол саналын дийлэнх нь тухайн улс орон дотооддоо шийдэж чадаагүй хууль бус ажиллагаа, гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдалтай холбоотой, арга буюу Харти-гийн дагуу ОУОХ-ны Ёс зүйн хороогоор шийдүүлсэн гэдгийг мэдээллийн хэрэгслээр л олж авна. МҮОХ-ны гишүүдийн хурал энэ сарын 25-нд болох гэж байна. МҮОХ-ны ерөнхийлөгчийг өмнөх сонгуульд зүй бусаар сонгогдлоо гэж ярьсаар байгаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ асуудалд ОУОХ хэрхэн хандах бол. Бусад орны жишгээс харахад ойролцоо кэйсүүд хэрхэн шийдэгдэж байсан бэ?
-ОУОХ-ны Ёс зүйн хороо гомдол, саналыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг. Манай МҮОХ-ны Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг яагаад ч юм өмнө нь албан ёсоор шалгах шаардлагагүй гэж үзсэн юм билээ. Харин одоо дахин шалгуулахаар хандсан болохоор авч үзэх болов уу. Энэ сарын 25-ны өдөр болох хурлаар Д.Загдсүрэн дарга өргөдлөө өгч чөлөөлөгдөнө гэж ойлгосон. Тэгэхээр дүрмийн дагуу дахин сонгууль товлогдох байх. ОУОХ-ны гишүүн 209 үндэсний олимпийн хороо байдаг тул маш олон асуудал гардаг, асуудлыг дотроо шийдэж чадахгүй нь бүр тодорхой болсон үед ОУОХ Олимпийн Хартийн дагуу арга хэмжээ авдаг. Ихэнх тохиолдолд Олимпийн Хартийн дагуу зарчмын зөвлөмж хүргүүлдэг юм. Тухайлбал, танай олимпийн хорооны дүрмийн тэр заалт Олимпийн Хартийг зөрчиж байна, засах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ер нь бол бүх улсын олимпийн хороод дүрмээ ОУОХ руу явуулж батлуулдаг.
МҮОХ-ны хувьд би өөрөө харьцангуй удаан хугацаанд дотор нь ажилласан болохоор үнэхээр хэцүү, санаа зовж байна. Энэ хэрүүл маргаан аль болох түргэн дуусаасай гэж бодож байна. Д.Загдсүрэн ерөнхийлөгч ажлаасаа чөлөөлөгдөх болохоор асуудал нэг тийш шийдэгдэх болов уу гэж бодож байсан, үгүй бололтой. Манай МҮОХ нь хууль бус удирдлагатай явж ирснээс болж үйл ажиллагаа нь явцгүй, хөгжил тааруу, спортын холбоодыг бутаргах нөхцөл үүсгэсээр ирлээ. Энэ нь спортын холбоодод, тамирчдад муугаар нөлөөлж байна.
-Тамирчид нь олон улсын уралдаан, тэмцээнд арайхийн оролцдог болсон, бодлого, зарчим бүрэн алдагдаад байгаа энэ байдлыг хэрхэн арилгах вэ? Энэ байдал нь спортын хөгжлийг гацааж байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Үүнтэй 100 хувь санал нийлнэ. Юуны түрүүнд МҮОХ болон спортын холбоод засаглалаа сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. ОУОХ-ноос сайн засаглалын талаар хурал семинар, сургалт зохион байгуулж, зөвлөмж гаргасан. Тэр зөвлөмжийг бүх шатанд удирдлага болгох хэрэгтэй. Манайд ОУОХ-ны энэхүү зарчимд нийцэхгүй асуудлууд маш олон байна. Ийм бэлэн зааварчилгаа байхад МҮОХ нь хүртэл мөрдөхгүй байгаа нь манай улсын спортын хөгжлийг бүх шатанд хойш нь татаж байна. Хамгийн түрүүнд зохион байгуулалтын энэ асуудлыг шийдэх ёстой. Ингэсний дараа бусад бүх асуудал аяндаа дүрэм журамд нийцээд эхэлнэ.
-ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын гишүүнээр сонгогдсоноос хойшхи хугацаанд шийдвэрлүүлсэн, хөндсөн асуудлуудынхаа талаар товч ярина уу?
-Олимпийн хөдөлгөөний үндсэн ажил бол сургалт сурталчилгаа. Энэ тал дээр чөлөөт бөх, хүндийг өргөлт, хөлбөмбөг, буудлага, цанын холбоодтой хамтран сургалт хийгдсэн. АХБ-аас хэрэгжүүлсэн БСШУСЯ-ны жендерийн бодлого боловсруулах төсөлд хамрагдаж, хамтран ажилласандаа баяртай байдаг. Монфемнет үндэсний сүлжээтэй хамтран хүний эрх, бэлгийн дарамт, хүчирхийлэл гэсэн асуудлаар зөвөлгөө авч, ажилладаг.
-Бусад орноос эмэгтэй тамирчид бэлгийн дарамтад орсон зэрэг муу мэдээ нэлээд дуулдах болсон. Энэ нь ОУОХ илүү нээлттэй, өргөн хүрээг хамтарч ажиллах болсон үйл ажиллагааны шинэчлэлтэй холбоотой байх. Манай эмэгтэй тамирчдаас ийм асуудлаар танд хандаж байсан уу?
-ОУОХ яг энэ сэдвийг онцгой анхаарч, бүхий л талын сургалт хийж, тамирчин хүн, эмэгтэй хүн өөрийгөө хэрхэн хамгаалах тал дээр Олон улсын холбоодтой хамтран хэрэгжүүлсэн төсөл байгаа. Мөн олимпийн наадмын үеэр “халуун шугам” ажиллуулсан нь нааштай үр дүнгээ өгсөн талаар комиссын тайланд тусгасан байдаг. Харамсалтай нь энэ асуудал манай улсад, тэр дундаа манай салбарт мэр сэр байгаад байна. Гомдол ирдэг байсан. Гэхдээ монгол улсын хувьд эрх зүйн шинэчлэл хийгдэж, иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй дуу болсон нь бас нэгэн алхам боллоо.
-ОУОХ-ны гишүүнээр хэрхэн сонгогддог, ямар хангамж эдэлдэг, хэр давуу талтай талаар сонирхож болох уу? Гол тавьдаг шалгуур юу вэ?
-Анх томилогдсон тухай мэдээ сонссон, өөрөө ч хараагүй л дээ. Спортын сэтгүүлчдийн холбооны Б.Цагаанбаатар анхны мэдээг уншаад дуулгасан. Дараа нь захиа аваад баярлах, гайхах болж байсан. Бүр хардуулж ч байсан: дур мэдэн өөрийгөө дэвшүүлсэн байна гэх мэтээр хэлүүлж байв. Миний бодлоор ОУОХ-ноос “Олимпийн үзэл баримтал 2020”-г хэрэгжүүлэх хүрээнд комиссын бүрэлдэхүүнийг тэлж, тивийн оролцоо, тэгш байдлыг хангах үүднээс томилжээ гэж бодсон. Спорт дахь эмэгтэйчүүдийг оролцоо, ОУОХ-ны бодлого чиглэлийг хангах тал дээр МҮОХ-ноос хийгдэж байсан ажлууд гол шалгуур болсон гэж үздэг. Жилдээ болох хуралд оролцох зардлыг бүрэн хариуцах ба бусад үйл ажиллагаанд уригдсан тохиолдолд зардал даана. ОУОХ-ны эргэн тойронд болдог мэдээлэл, Харти, тайланг товхимол хэлбэрээр ирүүлнэ. Мэдээж давуу тал гэвэл мэдээлэлд ойрхон, шууд харилцах боломжтой, давуу талууд байгаа. Гол нь спортын холбоод, удирдах байгууллагуудтайгаа хамтран ажиллах хэрэгтэй болов уу.
-Монголын хувьд хүйсийн тэгш байдал талаасаа ямар өөрчлөлт орж байгаа вэ? Эрхээ хамгаалуулахад гарч буй гол бэрхшээл юунд байна?
-Спортын холбоодын хувьд сахилга бат, ёс зүйн журманд энэ тал дээр заалт ороогүй, өөрчлөлт хийгдээгүй, зарим холбоод журмаа гаргаагүй байгаа нь асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. ОУОХ нь 2016 оноос “Спорт ба эмэгтэйчүүд”-ийг “хүйсийн тэнцвэртэй байдал” гэсэн концепцоор өөрчилсөн нь харьцангуй оролцооны хувьд асуудал бага болсон. Гагцхүү шийдвэрлэх түвшинд олон манлайлагч бүсгүйчүүд гарч ирвэл аль ч талаасаа асуудал шийдвэрлэхэд нааштай, тууштай, хандлагатай болж байна. Харьцангуй эмэгтэйчүүдийн үгийг сонсдог, хамтран ажилладаг цаг иржээ.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.