“Токио 2020” олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд энэ сараас эхлэн явагдана. Тиймээс Монголын спортын холбоодын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний товууд энэ сард гардаг. Зарим спортын холбоод тэмцээний хуваарьт өөрчлөлт оруулсан. Тэгвэл жүдо бөхийн холбооноос насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 6-9-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар болжээ. Тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, багш сурган хүмүүжүүлэгч, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч болон “Алтан гадас” одонт Данзангийн Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулахаар болсон байна. Уг тэмцээн эрэгтэй 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэй 48, 52, 57, 63, 70, -78, +78 кг-ын жинд аваргуудаа тодруулна. Мөн энэхүү тэмцээнээс уламжлалт “Гран при”, “Их дуулга”-аас гадна залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид эрхээ авах юм.
Олимпийн наадмын жүдо бөхийн эрхийн оноо олгох тэмцээн энэ онд олноор зохиогдоно. Тиймээс жүдочид олон улсын тэмцээнд олон удаа оролцож, оноо цуглуулах учиртай. Насанд хүрэгчдийн улсын аварга тэмцээн гол ач холбогдлыг өгөх бөгөөд жин бүрийн медальт хүрсэн тамирчдад олон улсын нээлттэй тэмцээнд оролцох боломж олдох юм.
Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ