Нийлэг уут хэрэглэвэл 300000-1000000 төгрөгөөр торгуулна

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

Нийлэг уут хэрэглэвэл 300000-1000000 төгрөгөөр торгуулна

-Гялгар уут нь элэг, ходоод, нойр булчирхай, хорт хавдраар өвчлөх гол шалтгаан болж байна-

Нийлэг уут хэрэглэвэл 300000-1000000 төгрөгөөр торгуулна

Лангууны ард өлгөөстэй гялгар уутнаас худалдагч нэгийг нь сугалан авч үйлчлүүлэгчдээ барааг нь  савлаж өгөхдөө 100 төгрөг нэмж тооцно. Худалдан авалт бага бол нимгэн хальсан уутанд үнэгүй савлаж өгдөг.

Засгийн газраас өнгөрсөн онд 0,035 миллиметрээс нимгэн нэг удаагийн сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэдэг гялгар уутыг хориглох тогтоол гаргасан юм. Энэ нь бидний нэрлэж заншсан 10-ын гялгар уут. Тогтоол ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, тогтоол хэрэгжиж эхэлснээр  хэд, хэдэн удаа хэрэглэх боломжтой зузаан гялгар уут, эсвэл даавуун тор хэрэглэх шаардлага үүсч байгаа юм.

"Бөмбөгөр" худалдааны төвийн хүнсний  бөөний худалдааны төвд өчигдөр /2019.01.03/очвол хөл гишгэх зайгүй их хүнтэй юм. Энд ус, ундаа жүүс, чихэр жимс, угаалгын нунтаг, саван шампунь эрийтэл өрсөн П хэлбэрийн лангуунууд байх аж. Хүнсний бүтээгдэхүүн борлуулж буй худалдагчид толгой өндийж, үг солих завгүй. Тус төвийн худалдагч  М.Мичидмаа “Гялгар уутыг хоригловол хүн бүр даавуу, цаасан торонд бүтээгдэхүүнээ хийнэ гэж байхгүй. Гялгар тор болон уут маш их хэрэгтэй. Үнэ өртгийн хувьд хальсан уут илүү хямд. Даавуун уут, тор гэвэл үнэтэй тусна. Бидэнд хохиролтой. Яах вэ бараанаасаа хайрцгууд гаргадаг болохоор  их хэмжээний бараа бүтээгдэхүүнээ хайрцагт хийж өгөхөд асуудалгүй байх” гэлээ.

Худалдагч Г.Цолмон "Гялгар уутыг хэрэглээнээс хасчихвал хохиролтой. Нимгэн хальсан уутыг хэрэглээнээс хасах тогтоол гарч, ирэх гуравдугаар сараас хэрэгжих тухай одоо л мэдэж байна.  Бүх нийтээрээ мөрдөж эхэлбэл гэртээ байдаг зузаан тор ашиглах байх даа. Мөн цаасан сав баглаа боодол борлуулах байх" гэлээ.

Мөн худалдагч  М.Нараа "Нийлэг уутыг хориглож, хэрэглээнээс хасах нь буруу шийдвэр. Гялгар уутыг хоригловол даавуун тор, цаасан уут үнэтэй тусна. Гялгар уут илүү хямд. Тэгэхээр авах хүмүүс хэр их вэ гэдэг нь эргэлзээтэй" гэв.

Ундаа, чихэр худалдан авч байгаа хүмүүс “Худалдагчаа нэг тор өгөөч”, “Жижигхэн уут байхгүй юу” гэж асуух нь олон байлаа. Харин тэдний дунд даавуун тор гартаа барьсан хүн өдрийн од шиг цөөн  аж.  Ойролцоогоор дөрвөн хүний нэг нь л даавуун тор барьжээ.

ИРГЭН,  АЖ АХУЙ НЭГЖИЙГ 300 МЯНГААС ГУРВАН САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирэх гуравдугаар сараас нийлэг уутыг хилээр орж  ирэх үед хяналт тавьж,  худалдаа үйлчилгээнд хэрэглүүлэхгүй байх арга хэмжээ авч  ажиллах юм. Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс  зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.БАЯРБОЛД: 

– Мэргэжлийн хяналтын байгууллагаас Засгийн газрын 189 дүгээр  тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс аж ахуй нэгж байгууллагуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулна. Шалгалтаар үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаанд ийм бүтээгдэхүүн хэрэглэсэн зөрчил илэрсэн тохиолдолд хуулийн дагуу хурааж авах, устгалд оруулах арга хэмжээ авна. Бид аж ахуй нэгж байгууллага бүрт цаасан дээр анхааруулга өгнө гэж байхгүй. Мэдээллийн сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, аж ахуй нэгж байгууллагад мэдээлэл өгч байгаа. Тогтоолын тухай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд мэдсэн байх үүрэгтэй.

Мөн бид хилийн хяналт хэрэгжүүлэхдээ импортоор орж ирж буй нимгэн гялгар уутыг хориглох, улсын хилээр нэвтрүүлэхгүй байх тал дээр анхаарна. Дэлхий эрүүл мэндийн байгууллага, олон улс нийлэг уутны хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөг тогтоож, татгалзаж эхэллээ. Нимгэн хальс шиг уут нь элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл, хорт хавдрын өвчлөлийн гол шалтгаан болж байна. Гэтэл хүмүүс ийм хортой гэдгийг нь мэдсээр байж хэрэглэж байгаа нь асуудал юм. Өнөөдөр хямд өртөгтэй гэхээс илүү эрүүл мэндээ бодож эко бүтээгдэхүүн хэрэглэж дадах хэрэгтэй.  Иргэд ашигласан нэг удаагийн уут, хуванцар бүтээгдэхүүнийг дахин боловсруулах үйлдвэр, цэгт өгдөггүй, шууд байгальд хаяж, хог хаягдал болгодог учраас байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой зүйл болж байна. Бид хуванцар савны хэрэглээг бууруулахад анхаарч, хяналт тавьж ажиллаж байгаа боловч хэрэглээ нь төдийлөн буурахгүй байна. Тийм учраас иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг илүү хэрэгжүүлж байгаа. Ерөнхийдөө нийлэг уутыг хориглох тухай Засгийн газрын тогтоол өнгөрсөн оны зургадугаар сард гарснаас хойш хэрэгжих өдөр хүртэл есөн сарын хугацаанд аж ахуй нэгж байгууллага бэлтгэл ажлаа хангасан гэж үзэж байна гэлээ.

Жилд дунджаар 132 мянган тонн хуванцар сав, гялгар уутыг Монгол Улс импортлон, хог болгон байгаль дээрээ хаядаг байна.

Монгол Улсад дотоодын сав баглаа боодлын хэрэгцээ 520 тэрбум төгрөгт хүрч байна гэсэн тооцоо гарчээ. Үүний 75 хувийг импорт эзэлж байгаа юм. Үлдсэн 25 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Тэгвэл хог хаягдлын 36 хувь нь хүнсний хаягдал, 22 хувийг пластик материал буюу хуванцар сав, гялгар уут эзэлж байна.

Нийлэг уутыг хэрэглээнээс хасахыг иргэдийн хувьд дэмжиж байгаа ч зарим нь үүнийг эсэргүүцэж байгаа аж. Энэ талаар иргэдийн байр суурийг сонирхлоо.

ГЯЛГАР УУТЫГ МААНЬ ХОРИГЛОЧИХЛОО 

Хувиараа бизнес эрхлэгч Б.ЦЭЦЭГМАА: 

-Нийлэг уутыг хэрэглээнээс хасахаар над шиг жижиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс яах юм бол. Миний хувьд гоёл чимэглэл хийж зардаг. Үүнийгээ уутанд хийж л хүмүүст өгдөг. Одоо юунд савлах вэ гэдгээ бодож л байна. Уг нь энэ шийдвэр зөв. Байгалийг олон жил бохирдуулдаг гэсэн. Төрөөс энэ асуудлыг яаж зохицуулах вэ гэдгийг харж байна. Аргагүйд хүрвэл жижиг даавуун тор оёдлын машинаараа өөрөө хийж, бүтээгдэхүүнээ савлах байх гэсэн бодолтой л явна. Уг нь гялгар уут ашигладаг байсан. Гэтэл хориглох нь.

 

 

 

ГЯЛГАР УУТЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАСАХ НЬ БУРУУ

Иргэн Д.БАЯРЖАРГАЛ: 

 

-Гялгар уутыг хэрэглээнээс хасах нь буруу. Дэлгүүрээс ойр зуурын хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүн авахад их ашиглагддаг. Бараа худалдан авалт хийлээ гэхэд торгүй бол яах билээ.

Гараараа бариад явахгүй нь ойлгомжтой.

Тэгэхээр энэ бол буруу л шийдвэр гэж бодож байна

 

 

Иргэн А.ДОЛГОРЖАВ: 

-Нийлэг уутыг хэрэглээнээс хасах нь зөв. Энд тэндгүй хог болдог шүү дээ. Гялгар уутны оронд даавуун тороо ашиглаад, угааж дахин хэрэглэх боломжтой. Зарим байгууллага, хувь хүн үзэмжтэй сайхан даавуун тор үйлдвэрлээд зарж эхэлсэн байна билээ. Гэвч худалдааны төвүүд гялгар уутаа өгөхгүй болохоор хүмүүс юу хэрэглэхийг нь мэдэхгүй л байна. Хүн бүр даавуун тор барихгүй л байлгүй дээ. Цаасан уут ч болох байх. Дараа нь галаа түлсэн ч хор бага биз дээ.

 

 

 

        ЭКО ТӨЛБӨРИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Нийлэг уутыг хэрэглээнээс хасах тогтоолтой холбогдуулан БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булганаас дараах зүйлийг тодрууллаа.

ийлэг уутыг хэрэглээнээс хасах тогтоол хэрэгжихтэй холбогдуулан ямар ажлуудыг хийх вэ?

– Үйлдвэрлэл өсч, эдийн засаг тэлж, хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэж байна. Ялангуяа хог хаягдлын асуудал хурцаар яригдаж байна. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад орнуудад хог хаягдлын менежментийг сайжруулах, ялангуяа эх үүсвэр дээр нь буюу анх бий болоход нь л багасгах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Иймд Засгийн газраас нийлэг уутыг хэрэглээнээс хасах тухай тогтоолыг гаргасан болов уу. Цаашид бид  дэлхий нийтэд түгээмэл хэрэглэж байгаа үйлдвэрлэгч импортлогчийн хариуцлагын тогтолцоог бий болгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох эко төлбөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Энэ хүрээнд зөвхөн нийлэг уут төдийгүй хуванцар зүйлс, бүх төрлийн химийн бодисын хэрэглээг бууруулах чиглэлээр анхаарч ажиллана.

-Нийлэг уутыг хэрэглээнээс хассанаар орлуулах ямар сав баглаа боодол үйлдвэрлэх вэ гэдэг асуудал хөндөгдөж буй. Зарим мэргэжилтнүүдийн хэлснээр цаасан сав баглаа боодол Монголд өртөг зардал өндөр төдийгүй байгальд хортой  гэж үзэж байна. Даавуун болон цаасан сав баглаа боодлын аль аль нь эко биш үү?

-Бид нэг удаагийн хэрэглээг хумьж, олон дахин ашигладаг тийм нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна. Тиймээс цаас ч гэсэн нэг удаагийн хэрэглээ юм.  Модоор хийдэг тул байгальд сөрөг нөлөө учруулдаг. Нөгөө талаар цаасны хог хаягдлыг  агааргүй нөхцөлд дарж булшлах нь нийлэг ууттай адил урт удаан хугацаанд задрахгүй хадгалагддаг онцлогтой. Олон дахин ашиглагддаг гэх утгаараа даавуун уутыг хэрэглэхийг зөвлөж байна. Ийм хэрэглээг дэмжинэ гэж үзэж байгаа. Нийгэмд яаж байгальд ээлтэй амьдрах вэ, хэрэглээгээ хэрхэн хумих вэ гэдэг асуудлаар туршлагаасаа хуваалцдаг хэсэг бүлэг бий болсон. Тэд олон дахин ашиглах бүтээгдэхүүнийг сонгож, үлгэр дууриалал болж байна.

Дэлхийн 100 гаруй улсад нийлэг уутыг хориглож, хязгаарлах эрхзүйн зохицуулалтыг бий болгосон байна. Зарим улс оронд нийлэг уут импортлохыг хориглосон бол зарим нь маш өндөр татвар ногдуулж байгаа юм. Монгол Улсад 2009 оноос нийлэг уут хэрэглэхийг хориглосон тогтоол гаргаж, 2010 онд хууль баталсан ч хэрэгжээгүй аж. Харин энэ удаа Засгийн газрын 189 дүгээр тогтоол  бодит амьдрал дээр мөрдлөг болж, хэрэгжих нь иргэдийн ухамсраас ихээхэн шалтгаалах болж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж