Че Геварагийн дэлхийд алдартай гэрэл зураг гарснаас хойш 50 жил болов

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Че Геварагийн дэлхийд алдартай гэрэл зураг гарснаас хойш 50 жил болов

436346

Цогтой хувьсгалч гэгдэх  Эрнесто Че Геварагийн
“Баатарлаг партизан” нэртэй гэрэл зураг нийтлэгдсэнээс хойш 50 жил
боллоо гэж Аргентиний  Infobae агентлаг дамжуулав. Кубын гэрэл зурагчин
Кордо гэх нууц нэрээрээ танил болсон Альберто Диасын авсан зурагт Че
цэргийн зэр зэвсэг, дүрэмт хувцасгүй таван хошуутай берет малгайтайгаар
харуулсан. Энэ дүр хагас зууны дотор хэдэн зуун сая зурагт хуудас,
футболка, номын хавтас болон байшин барилгын хананд хувилагдсан юм.
Кордо тэр үед “Revoluciоn” сонинд гэрэл зурагчнаар ажиллаж байсан.
Аргентин хүн Чегийн  (Фидель Кастро түүнийг "зуун хувийн куба"гэж
нэрлэсэн юм) зургийг тэрбээр Гаванна хотын боомтод Францын La Coubre
хөлөг онгоц дэлбэрэх үеэр амь үрэгдэгсдийг оршуулж байх үед авчээ. Тэр
бороотой, хүйтэн өдөр (Карибад 20 градусын дулааныг ингэж нэрлэдэг)
Фидель “Эх орон эсвэл үхэл” гэсэн бас алдартай болсон уриагаа анх тэнд
хэлсэн юм. Энэ үеэр Кордо аппаратын дуранг Жан-Поль Сатртай зэрэгцэн
зогсож байсан Че рүү чиглүүлээд хоёр удаа зураг дарж амжив. Зургийг
редакц нь голж, дараагийн өдөр нь хэвлэгдсэнгүй. Кордо гэрэл зургийнхаа
лабораторид зураг дээрээ ажиллан арын дэвсгэрээс дал модыг нь авч,
хөргийг өрөөндөө байсан Пабло Нерудагийн гэр бүлийн зурагтай
зэрэгцүүлэн өлгөсөн байлаа. Таван сарын дараа зургийг сонинд нийтэлсэн
боловч анзаарагдалгүй өнгөрчээ. Долоон жилийн дараа Боливийн Андад Че
Гевара амь үрэгдсэнээс хойш энэ зураг алдартай болсон байна. 1967 онд
Италид уг зургийг танилцуулах ёслолд зориулан Кастрогийн тушаалаар
100х70 см-ын хэмжээтэй болгон томруулан хэвлэжээ. Ажил хэрэгч итали
бизнесмен тэр зурагт хуудасны нэг сая хувийг хэдхэн сарын дотор заржээ.
Гэрэл зургийн эзэн Альберто Кордо ганц ч цент авсангүй. Тэрээр янз
бүрийн компаниудтай зургаа хэрэглэснийх нь төлөө заргалдахаар оролдсон
ч нас барахынхаа өмнө 72 насандаа Smirnoff  архины компаниас уг зургийг
рекламд хэрэглэснийх нь төлөө 60 мянган ам.доллар авсан байв.

 

Эрнесто Гевара де ла Серна 1928 онд цус
холилдсон хоёр өөр үндэстний гэр бүлд төржээ. Түүнийг зургадугаар сарын
14-нд биш тавдугаар сарын 14-нд төрсөн гэх яриа бий. Зарим эх
сурвалжаар эх нь жирэмсэн байхдаа нөхөрт гарсныг нуухаар төрсөн
хугацааг хойшлуулсан гэдэг. Түүний эцэг уран барилагч эртний аргентин
овгийнх. Эхийн талаасаа Эрнестийн судсаар Латин Америкт дүрвэн гарсан
Ирландын хувьсгалч Патрик Линчийн ба Перугийн сүүлчийн испани дэд хааны
цус гүйж байсан гэнэ. Их сургууль төгсөөд тэрээр арьсны өвчний эмч
болсон байна. Гэхдээ 26 настайдаа Гветамалийн эх орончдын хамт
Америкийн тэнгисийн явган цэргийнхэнтэй тулалдаж байв. Мексикт очсоны
дараа тэрээр Фидель Кастротай танилцан түүний зэвсэгт отрядад нэгдлээ.
Аргентийн аялгатай Че гэсэн нэмэлт хочийг тэрээр Кастрогийн отрядад
байхдаа авчээ. Гевара хоёр ч удаа шархадсан ч “команданте” цолоо авсан
байна.

Кубын хувьсгалын ялалтын дараа тэрээр
Фиделийн Засгийн газрын хоёр дахь хүн болж, Аж үйлдвэрийн яам ба Төв
банкийг толгойлж байлаа. Гевара дөрвөн хүүхэдтэй. Тэрээр Зөвлөлтөд
айлчлан хоёр талын харилцааны чухал асуудлыг шийдэж байлаа. Гэхдээ
цагийн явцад тэрээр “Зөвлөлтийн социализмд” сүсэглэхээ болин ЗХУ-ыг
“ардын хувьсгалуудыг худалдсан” гэж буруутган шүүмжлэх болсон байна.
1965 он гэхэд тэрээр үүнийгээ илээр хэлэх болж, гэнэтхэн Кубын иргэнээс
татгалзан алга болсон юм. Түүнийг хувьсгалд бэлтгэн Африкийн хэдэн
оронд байсныг харсан гэдэг. 1967 оны дөрөвдүгээр сард тэрээр өөрийн
отрядын хамт Боливид гарч ирэн уурхайчдын зэвсэгт бослогыг дэмжсэн
байна. Аргентин, Боливид хувьсгалын дөлийг тэрээр асаах эрмэлзэлтэй
байжээ. Гэвч аравдугаар сарын 8-нд Че Гевара шархдан Боливийн тусгай
ангийнханд олзлогджээ. Дараагийн өдөр нь түүнийг байцаасны дараа
Хигуэра тосгонд буудан хөнөөсөн байна. 1997 оны зургадугаар сард түүний
булшийг олж, шарилын үлдэгдлийг нь Кубад авчран Санта-Клара хотын
бунханд дахин оршуулжээ.

Аргентиний цэргийн
дэглэмийн үеэр түүний нэрийг дурдахыг тус оронд хориглосон байлаа. Тэнд
Чегийн нэртэй нэг ч гудаму, талбай байхгүй, аргентинчуудын 44 хувь нь
түүнийг нутгийн хүн гэж мэдэхгүй, 36 хувь нь түүнийг хувьсгал хийж
явсан талаар төсөөлөлгүй.

Харин Чегийн 80 насны
ойгоор түүний төрсөн хотод дөрвөн метр хүрэл хөшөө босгосон юм. Дэлхий
даяар 14 мянган хүн тэр хөшөөнд зриулан хүрэл эдлэлээ ирүүлсэн байлаа.
Түлхүүрээс эхлээд лааны тавиур хүртэл нийт 75 мянган эдлэл цугларсан
гэдэг. Барималч Сернерийн яриагаар (Andres Zerneri) тэнд өнгөрсөн зууны
30-аад оны анирхистуудын хүрэл бөмбөгний гэрээс эхлэн ер бусын эд зүйл
их байжээ. Че Геварагийн алдар нэрийн нууц нь түүний төгссөшгүй
идеализмд байсан гэж болох талтай. Нэг хэсэг хүмүүс түүнээс дотны
хүмүүсээ үл бүтэх авантюрт татан оруулсан хэт хувьсгалчийг олж хардаг
бол нөгөө хэсэг нь тэр газар дэлхийд бүх нийтийн шударга нийгэм
байгуулахын төлөө оролдсон хувилгаан гэж үздэг. Францын гүн ухаантан
Сатрын хэлснээр Че Гевара “өргөн мэдлэгтэй,  манай эриний хамгийн төгс
хүн” ажээ. “Тайм” сэтгүүл түүнийг “20 баатар ба шүтээн” болон “ХХ зууны
хамгийн чухал алдартай 100 хүн” жагсаалтад оруулж байлаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж