Шинэ нэр: “Гагнуурын ганц”

Хуучирсан мэдээ: 2019.01.04-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Шинэ нэр: “Гагнуурын ганц”

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа 2019 оны шинэхэн зочноо танилцуулъя.

“Эмэгтэй хүн гэхээр л цэвэрч нямбай, хөнгөн ажил хийх ёстой гэж ойлгодог. Мэргэжил гэдэг тухайн хүний амьдрах арга барил. Тэр утгаараа ажил, мэргэжил эзэмшихэд хүйсийн ялгаа хамаарахгүй гэж боддог. Хамгийн гол нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, 100 хувь хийж чаддаг байх ёстой” хэмээн өгүүлэх 18-хан настай охин бол Эрдэнийн Уужимсэтгэлт. Тэрбээр Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн “Шилдэг төгсөгч”, 2018 оны “Ур чадвар” уралдаант нэвтрүүлгийн ялагч, 2018 онд Дэлхийн гагнуурчдын ур чадварын тэмцээнд оролцож, шинэ оны босгон дээр Ерөнхийлөгчийн санаачлагаар анх удаа олгож буй "2018 оны Шилдэг залуу ажилчин" шагналыг хүртсэн. Ингээд түүний сонирхолтой ярилцлагыг уншигч танаа хүргэе.

ЭРДЭНЭ УУЖИМСЭТГЭЛТ: 2000.06.01

Төгссөн сургууль:
Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллеж /2018 он/

Мэргэжил:
Гагнуурчин /тавдугаар зэрэгтэй/

Одоо эрхэлж буй ажил:
Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежид дадлагажигч багш

Сошиал хуудас:
Э.Уужимсэтгэлт /фэйсбүүк/

УУЖИМСЭТГЭЛТ ГЭЖ ИХ САЙХАН НЭР БАЙНА. НЭРИЙГ НЬ ХЭН ӨГСӨН ЮМ БЭ?

– Хүн бүр нэрний маань талаар их асуудаг. “Яагаад Уужимсэтгэлт гэж нэрлэсэн юм бэ. Их ховор нэр байна” гэдэг. Бид эцэг, эхээс долуулаа. Таван эгч нэг ахтай. Миний дээд талын эгчийг Э.Сайхансэтгэлт гэдэг. Тийм учраас эгчийн нэртэй л хослуулж, миний нэрийг өгсөн байх. Бас аав маань намайг уужуу ухаантай, тайван хүлээцтэй хүн болоосой гэж билэгшээн ийм нэр өгсөн биз. Манай аав хүүхдүүддээ, ач, зээ нартаа их сонин, содон нэр өгдөг хүн л дээ. Жишээлбэл Сайхансэтгэлт, Уужимсэтгэлт, Удирдагч, Хөхтэнгэр гээд л.

ХОВОР НЭРТЭЙ ОХИН МААНЬ МЭРГЭЖЛЭЭ СОНГОХДОО БАС Л ӨВӨРМӨЦ СОНГОЛТ ХИЙСЭН БАЙХ ЮМ?

-Би Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллеждоо төдийгүй ангидаа анхны эмэгтэй оюутан нь байсан. Тэр ч  утгаараа намайг найзууд маань “Гагнуурын ганц” гэж дууддаг байлаа. Бас мэргэжлээрээ дадлага хийхээр очсон газар бүр “Эмэгтэй хүүхэд байж яагаад гагнуурчин мэргэжил сонгосон юм бэ” гэж их асуудаг. Нийгэмд эмэгтэй хүн гэхээр л цэвэрч нямбай, хөнгөн ажил хийх ёстой гэж ойлгодог. Мэргэжил гэдэг тухайн хүний амьдрах арга барил. Тэр утгаараа ажил, мэргэжил эзэмшихэд хүйсийн ялгаа хамаарахгүй гэж боддог. Хамгийн гол нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, 100 хувь хийж чаддаг байх ёстой.

“ГАГНУУРЫН ГАНЦ” ОХИН ХӨВГҮҮДДЭЭ ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛЖ ЧАДЖЭЭ. ОЛОН ЗАЛУУС УРАМ ЗОРИГ АВСАН БАЙХ?

-Үе тэнгийн найзууд маань намайг хараад их урам зориг авдаг. “Эмэгтэй хүүхэд энийг гагнаж чадаж байгаа юм чинь би яагаад чадахгүй гэж” гээд л хичээдэг. Зарим нь эмэгтэй хүн гагнуур хийхэд илүү нарийн хандаж, гар нь тогтуун байдаг ч гэж хэлдэг. Яг үнэндээ энэ бүхэн хувь хүний л хичээл зүтгэлтэй холбоотой.

ГАГНУУРЧИН БОЛООГҮЙ БОЛ ХУВЦАС ДИЗАЙНЕРЫН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХ БАЙСАН ГЭЖ ДУУЛСАН. ГАН ТӨМРИЙГ НЭГТГЭЖ, ГАГНАХЫН ОНЦЛОГ?

-Сурагч байхдаа зураг зураад л, давуу эсгэж хувцас оёх дуртай байсан. Магадгүй хувь тавилангаар гагнуурчин мэргэжлийг сонгосон гэж боддог. Би даавуу эсгээд хувцас оёж байсан бол одоо яагаад төмөр зүсээд нийлүүлж болохгүй гэж. Гагнуурчин хүн төмрийг оёж, нийлүүлж, хайлуулж байна шүү дээ. Мэргэжил бүхэн өөр өөрийн онцлог, давуу талтай.

Гагнуур хийж байхад төмөр рүүгээ орж байгаа дууны оролт нь хүртэл мэдрэгддэг. Төмрийг гагнахад сонсоно, харна, мэдэрнэ, сэтгэж, бодно. Заримдаа үсээ, гараа гагнуурын очинд түлнэ. Гагнуур хийж байхад оч үсэрсэн ч гүрийгээд л гагнуураа дуусгах үе байна.

Э.Уужимсэтгэлт гэр бүлийнхнийхээ хамт

ӨНӨР БҮЛИЙН ОТГОН ОХИН ГЭЖ ДУУЛСАН. ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ. АХ, ЭГЧ НЬ ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ ВЭ?

-Манайх ам бүл есүүлээ. Ах, дүү долуулаа. Би айлын хамгийн бага хүүхэд. Би эхээс төрөхдөө долоон сартай дутуу төрж байсан гэдэг. Хүмүүс намайг “Айлын бага охин их эрх хүүхэд” гэж боддог. Миний хувьд харин ч эсрэгээрээ аль болох биеэ даахыг хичээдэг. Манай ах, эгч нар дээд боловсрол эзэмшээгүй. Гэхдээ бүгд их гарын ур дүйтэй. Эгч нар маань оёдолчин, тогооч, гагнуурчин, гоё зураг зурдаг. Миний аав залуугаасаа л автомашины засварчин хийсэн хүн. Аав маань надад хэлэхдээ “Чи мэргэжилдээ ор. Байнга алдаагаа бод. Аав нь залуудаа машин засахдаа нүдээ боож байгаад л боолтоо мэдэрч боодог байсан. Хүн мэргэжлийг тэгтлээ эзэмшдэг юм. Миний охин гагнуур хийхдээ нүдээ аньж байгаад сонсоод л сайн, мууг нь мэддэг байх хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Ээж маань цахилгаанчин мэргэжилтэй.

ГАГНУУРЧИН МЭРГЭЖЛИЙГ СОНГОХОД ААВ НЬ НӨЛӨӨЛСӨН ГЭЛЭЭ. ЗАРИМ ХҮМҮҮС ЧИНИЙ АМЖИЛТЫГ ААВТАЙ НЬ ХОЛБОЖ Ч ЯРИХ ЮМ?

-Зарим хүмүүс намайг “С.Эрдэнийн охин бараг ааваараа дамжуулаад шагнал авлаа” гэж боддог юм шиг байна лээ. Аав маань надад тусалсан. Гэхдээ юугаар вэ гэвэл үргэлж надтай ярилцана, бие даах, өөрийгөө хөгжүүлэхэд маш их дэмждэг хүн. Би дандаа л аавтайгаа ярилцдаг. Аавын охин л доо. Бас ээжийн охин. /инээв/ Аав маань надад хэлэхдээ “Амьдралд юу ч тохиолдож болно. Тэр бүгдэд л бэлэн байх хэрэгтэй” гэдэг. Их шударга, олны төлөө сэтгэлтэй хүн.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Намайг бага байхад ах маань их гоё зураг зурдаг байсан. Тэрийг хараад л надад зураач болох хүсэл төрж эхэлсэн. Одоо би чөлөөт цагаараа хар зураг, хөрөг зураг зурдаг. Хааяа нэг зургийн захиалга хүлээж авна. Би хэдий зураачийн мэргэжлээр суралцаж, номын дуу сонсоогүй ч зургаа цааш нь хөгжүүлнэ. Гагнуурын ур чадварын тэмцээнд оролцох үеэр байнгын бэлтгэлтэй байдаг. Аль болох чөлөөт цагаараа зургаа зурна. Тэр л үед жинхэнэ кайфыг мэдэрдэг дээ. Би бас гитар тоглоно. Хүүхэд байхаасаа л аав, ахтайгаа хамт гитар тоглож өссөн дөө.

Түүний зурсан зургуудаас…

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би энэ жилээс Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллеждоо дадлагажигч багшаар ажиллана. Надад суралцах зүйл их байна. Цаашдаа туршлага сайн хуримтлуулж, шавь нартаа ихийг зааж өгнө. Мөн олон улсын тэмцээнүүдэд оролцох бодолтой байгаа. Бас өөрийн зургийн үзэсгэлэнгээ гаргана гэж боддог.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Би өөрийн ирээдүйн амьдралаа маш сайхнаар төсөөлдөг. Цаашдаа яагаад төмөр дээр зураг зурж болохгүй гэж. Энэ чиглэлээр цоо шинэ урлагийн төрлийг нээх мөрөөдөлтэй. Одоогоор би аргаа олоогүй ч хийх сэтгэл байхад шинэ санаа төрж л байдаг. Ирээдүйд хэнд ч, хаана ч очсон гологдохооргүй чадварлаг шавь бэлтгэхийг хүсдэг. Яг одоо надад суралцах зүйл маш их байна.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Залуус маань сонгосон мэргэжлээрээ сурсан шиг суралцаасай. Хүн дагаж мэргэжлээ сонгож болохгүй. Хүн хүн өөр. Ямар ч мэргэжил эзэмшихэд хүний суурь хүмүүжил маш чухал. Үе тэнгийн залуус маань муу дадал, зуршлаас хол байгаасай гэж хүсдэг. Зарим залуус ганц олдох нас гээд буруу зүйл рүү тэмүүлдэг. Эргээд муу зуршлаасаа салж чаддаггүй. Хүн өөрөө зөв хандлагатай, зөв явбал зөв л хүмүүс чамайг хүрээлнэ гэдгийг хэлмээр санагддаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ:Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж