ОХУ-ын Уссурийскийн хилийн хорооны албаны хоёр нохойг “зооглосон” гэж таамаглаж буй барыг барьсан хэмээн Приморийн “Земля леопарда” үндэсний паркийн ажилтан хэвлэлд мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт Уссурискийн хилийн хорооны албаны хоёр нохой нэг шөнө алга болжээ. Нохойнууд өөрсдөд нь зориулан барьсан хаалгыг нь түгжсэн байранд байсан аж. Байрны нүүр хэсгийн сараалжин төмрөөс барын үс, ноосны үлдэгдлийг олсон бөгөөд нохойнуудыг бар чирээд явсан гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Хилийн энэ хэсэг нь бар нутагладаг "Земля леопарда" үндэсний паркийн газар нутаг дээр байрладаг.
“Байдлыг шинжилж үзээд бар орж ирсэн гэж дүгнэсэн. Гэхдээ ойр хавьд барьж идчихмээр цөөн тооны мал байхад хэд хэдэн хашаа даван нохойнууд руу дайрсан нь сонин юм. Бид ярилцсаны эцэст хилийн хорооны хавьд бичлэг хийх видео камер суурилуулсан. Гэтэл хоёр хоногийн дараа буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө бичлэгт бар бичигдсэн байсан” хэмээн паркийн ажилтан ярьжээ. Бичлэгээс харахад бар тэр хавиар нэлээд удаан холхиж, хилийнхэн айлгахаар агаарт буудсан ч огт тоогоогүй. Барын арын хөл доголж байжээ. Жаахан холхиж байгаад бар буцаад явсан байна. Дахин хоёр хоногийн дараа бар дахиад “айлчлахад” нь хилчид барьж авчээ.
Барыг Приморийн хязгаарын Ан амьтныг сэргээх төвд шилжүүлэн шинжилж байгаа аж. Учир нь, тэрхүү барын байдал жир бус байгаа нь өвдсөн байх магадлалтай гэж мэргэжилтнүүд дүгнэн ийнхүү шинжилж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ