Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ жил бүрийн шинэ жилийн баярыг тохиолдуулан Герман Улсад сурч, ажиллаж байгаа иргэдийнхээ идэвх санаачлага, үйл ажиллагааг дэмжих зорилгоор салбарын онцлох хүмүүс, баг, хамт олныг шалгаруулан, “Хүндэт өргөмжлөл” гардуулдаг уламжлалтай.
2018 оны “Урлаг, спортын онцлох хүн”-ээр Зураач Ц.Ган-Эрдэнэ тодорч, ЭСЯ-ны “Хүндэт Өргөмжлөл” хүртлээ.
Тэрээр Дүрслэх урлагийн их сургуулийг дүүргэж, Мюнстер хотын “Kunstakademie”-д суралцахаар ХБНГУ-д ирсэн бөгөөд 2006 онд “KUBOSHOW” урлагийн үзэсгэлэнгийн Залуу уран бүтээлчийн тэргүүн шагналыг хүртсэн байна. Мөн Монгол Улсын БСШУЯ-ны “Монголын Үндэсний шилдэг авъяас” шагналыг 2014 онд, Весселинг хотын урлагийн холбооноос зохион байгуулсан “Олон улсын уран бүтээлчдийн IX уралдаанд” тэргүүн шагналыг 2012 онд тус тус хүртжээ.
Ц.Ган-Эрдэнэ 24 гаруй бие даасан үзэсгэлэн гаргаж, 55 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцон төрөлх улсынхаа соёл, урлагийг ХБНГУ-д төдийгүй бусад олон оронд тогтмол сурталчилж байгаа билээ. 2018 оны 9 дүгээр сард зураач Ц.Ган-Эрдэнэ, барималч А.Очирболд нар „At These Moments“ хамтарсан үзэсгэлэнгээ Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд толилуулж, үзэгч олонд монголын орчин үеийн урлагийг сурталчиллаа. Мөн энэ жил ХБНГУ-ын Бад Эссен хотод гаргасан тэдний энэхүү үзэсгэлэнг “Бад Эссэн- д сүүлийн үед болсон үзэсгэлэнгүүдээс хамгийн шилдэг нь” гэж зочид дүгнэжээ. Зураач Ц.Ган-Эрдэнийн “Улс орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө авъяас билгээ дайчлан, монголын урлагийг ХБНГУ болон Европын улс орнуудад түгээх, Монгол Улсыг гадаадад сурталчлах үйлсэд оруулж буй хувь нэмрийг сайшаан үнэлж, Элчин сайдын яамнаас “2018 оны урлаг, спортын онцлох хүн”-ээр өргөмжиллөө.
2018 оны “Нийгэм, соёлын салбарын онцлох хүн” Пүрэвдоржийн Гангаамаа нь монголын яруу найраг, утга зохиолыг германы ард түмэнд таниулж, монгол шүлэг, яруу найргийн утга, уянгыг герман хэлнээ зохилдуулан орчуулж, олны хүртээл болгон, монгол зан заншил, монгол байгалийн дүрслэлийг “үгээр зурж”, эх орноо таниулж буй уран бүтээлч эмэгтэй юм.
П.Гангаамаа оюутан ахуй цагаасаа эхлэн монголын яруу найргийг герман хэлнээ хөрвүүлж, олны хүртээл болгож эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл монголын 70 гаруй зохиолчийн 300 гаруй бүтээлийг орчуулжээ. Эдгээр бүтээлээрээ “Та нар… миний эрдэнэ” /2012 он/, “Тэнгэрийн цоорхой” /2014 он/ зэрэг яруу найргийн эмхэтгэл ном гаргасан бөгөөд энэ жил буюу 2018 онд “Намар морио услахуй… Монголын яруу найраг” шинэхэн бүтээлээ өлгийдөж аваад байгаа билээ.
Түүний эх орон, Монгол Улсаа сурталчлан Регенсбург, Карлсрууэ зэрэг Германы олон хотуудад лекц уншиж, монгол хэл, яруу найраг, утга зохиолоо сурталчлан таниулах, Монгол түмнийхээ соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг сайшаан үнэлж, Элчин сайдын яамнаас “2018 оны нийгэм, соёлын онцлох хүн”-ээр өргөмжлөв.
“2018 оны шилдэг хамт олон”-оор ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын Зөвлөл шалгарлаа.
Штуттгарт хотын Монголын Академичдын Холбооны санаачлагаар 2013 онд үүсгэн байгуулдсан тус зөвлөл нь ХБНГУ дахь Монгол-Германы ТББ-ууд хоорондын харилцан мэдээлэл, туршлага солилцох, нэгдсэн сүлжээ байгуулах, үйл ажиллагаагаа уялдуулан зохион байгуулах замаар Монгол Улс, ХБНГУ-ын хоёр талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой аж.
ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын зөвлөл энэ жил буюу 2018 оны 4 дүгээр сард “Монгол орны хөгжилд” 14 дэхь чуулга уулзалтыг “Боловсрол-Мэдлэг солилцоо” сэдвийн дор Берлин хотноо амжилттай зохион байгуулж, 14 орны 160 хүн, 6 орны 18 илтгэгч илтгэл тавин оролцсон байна.
Мөн ХБНГУ дахь “Монгол хүүхэд, залуучуудын соёл, урлаг, спортын гуравдугаар наадам”-ыг 2018 оны 4 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Берлин хотноо амжилттай зохион байгуулсан. Тус наадамд 6 сургуулийн 120 орчим хүүхэд, 20 багш, сурган хүмүүжүүлэгч нар оролцсон байна. Тэдний эдгээр ажлуудыг сайшаан үнэлж, Элчин сайдын яамнаас “2018 оны шилдэг хамт олон”-оор өргөмжиллөө.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Холбоотой мэдээ