АНУ-ын иргэн, зэвсэгт хүчний хошууч М.К.Стьюарт Шангри-Ла зочид буудалд нас барсан хэрэг 2018 оны арванхоёрдугаар сарын 12-нд гарсан.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт шинэ оны өмнөхөн гарч, гаднын нөлөөгүй амиа алдсан болох нь тогтоогджээ. Мөн талийгаачийн цогцсыг эх орон руу нь буцаасан аж.
Хэрэг явдлыг тодруулбал, дуудлагын дагуу цагдаагийнхан тухайн өдрийн 10.30 цагийн орчимд хэрэг гарсан өрөөнд очиж, үзлэг, шалгалт хийхэд АНУ-ын иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ. Түүнийг өрөөндөө нас барсан байсныг зочид буудлын үйлчилгээний ажилтан цэвэрлэгээ хийхээр ороод мэджээ.
Хэргийн газраас цагдаа нар архины шил болон бусад эд зүйлсийг нотлох баримтаар хураан авч хэрэг бүртгэл нээн цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээний төв рүү хүргүүлсэн юм. Тухайн үед талийгаачийг гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэж цагдаа нар урьдчилсан байдлаар дүгнэсэн ч шүүх шинжилгээний дүгнэлтээр илүү тодорхой болно гэж мэдэгдэж байсан юм.
Уг хэрэг гарсны дараа Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам "АНУ-ын зэвсэгт хүчний офицер Монгол Улсад нас нөгчсөн явдалд Төрийн Департамент гүнээ харамсаж байна. Түүний гэр бүлийнхэн болон ойр дотнынхонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Гэр бүлийнхнийг нь хүндэтгэх үүднээс бид үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгч байжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ