“Формула 1”-ийн алдарт нисгэгч Михаэль Шумахер өнөөдөр /2019.01.03/ 50 нас хүрч байна. Тэрбээр 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд тархиндаа хүнд бэртэл авч, зургаан сарын турш ухаангүй байсныхаа дараа биеийн байдал нь дээрдсэн ч олны нүднээс холуур амьдрахыг хичээх болжээ. Гэсэн ч М.Шумахер шүтэн бишрэгчдийнхээ дунд нэр хүндтэй хэвээр байгаа юм.
Анх 23 настайдаа “Формула-1”-т оролцсон нь түүний гайхалтай агаад олон амжилтыг эвдсэн карьерийнх нь эхлэл байсан юм. М.Шумахер нь 1991-2006 он хүртэл, мөн 2010-2012 оны хооронд нийт 307 удаа “Формула-1”-ийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцжээ. Энэ хугацаанд тэрбээр “Формула-1”-ийн 18 улирлын тэмцээнд амжилттай оролцож, олон удаа түрүүлснээр бүх цаг үеийн дийлдэшгүй, “хурдан хүн” хэмээгдэх болсон юм. Германы иргэн М.Шумахер нь хамгийн олон удаа дэлхийн аварга болсон /7 удаа/, хамгийн олон удаа гран при шагнал авсан /91 удаа/, хамгийн богино хугацаанд тойрог хийсэн, нэг улиралд хамгийн олон удаа ялалт байгуулсан /13/ зэрэг үзүүлэлтүүдээр дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг аж.
Тэрбээр 2012 онд зодог тайлсан бөгөөд дараа жил нь Альпийн нуруунд цанаар гулгаж байгаад хүнд бэртэл авчээ. Түүний биеийн байдлын тухай гэр бүлийнхэн нь тэр бүр мэдээлдэггүй бөгөөд өөрөө ч бас уралдаан, тэмцээнүүдэд ид оролцож үеэрээ эхнэр, хоёр хүүхдийнхээ тухай олон нийтийн өмнө тэр бүр зарладаггүй байв. Дэлхийн долоон удаагийн аварга М.Шумахерын дээд амжилтыг эвдэх хүн өнөөг хүртэл тодроогүй байна.
М.Шумахер нь Жордан, Бенеттон, Феррари болон 2010 оноос хойш Мерседес багийг төлөөлөн уралдаж байв. Түүний 50 насны төрсөн өдөрт зориулж Италийн Маренелоло хотод байх Ферраригийн музей “Шумахерын үзэсгэлэн”-г гаргажээ.
Эх сурвалж: DW
Холбоотой мэдээ