Матрасан дотор нуугдан Испанийн хилийг давахаар завдсан Африкийн хоёр цагаачийг тус улсын гаалийн ажилчид илрүүлжээ.Испани, Мороккогийн хил дээр Ням гаригт /2018.12.30/ болсон энэ үйл явдлын дүрс бичлэг цахим сүлжээнд тарсан юм. Уг хэрэг Мороккотой хил залгаа Африкийн эрэг дэх Испанийн Мелилла хотод болсныг тус улсын Хил хамгаалах албаныхан Мягмар гаригт /2019.01.01/ албан ёсоор мэдээлсэн байна.
Гаалийн ажилтнууд нэгэн жижиг оврын ачааны машин дээр ачсан хоёр матрасыг шалгахаар буулган задлахад дотроос нь хоёр залуу гарч ирсэн бөгөөд хууль бусаар хил давуулах ажиллагаа явуулдаг этгээдүүдэд тус бүр 4,500 еврог төлснөө хүлээжээ. Тэднийг цагаачдыг түр саатуулах байранд аваачсан байна. Харин тэднийг илрүүлэх хооронд машиныг жолоодож явсан этгээд зугтаж амжсан гэнэ.
Итали улс Африкийн цагаачдыг хүлээж авахаа больсноос хойш тэдний зорьдог гол газар нь Испани улс болоод байгаа юм. 2018 оны байдлаар нийт 62,000 орчим цагаач Газар дундын тэнгисийг гатлан Испанид ирсэн бол 6000 гаруй цагаач газраар ирсэн байна. Харин Мелилла хот дангаараа 5000 цагаач хүлээн авчээ.
Эх сурвалж: time.com
Холбоотой мэдээ