Г.Мэндсайхан: Эхийн хэвлий дэх ураг бол бие даасан өвчтөн

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Г.Мэндсайхан: Эхийн хэвлий дэх ураг бол бие даасан өвчтөн

Г.Мэндсайхан: Эхийн хэвлий дэх ураг бол бие даасан өвчтөн

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга салбараа манлайлан ажилласан зарим хүнд төрийн дээд одон медаль гардуулсан. Энэ үеэр гавьяатын эгнээг нэгээр нэмсэн хүн нь АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн ахлах багш Г.Мэндсайхан байв. Будаг нь ханхалсан шинэхэн гавьяаттай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө Монгол Улсын гавьяат эмч болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

-За баярлалаа.

-Гавьяат болсон тухай мэдээг анх хэрхэн сонссон бэ. Тухайн үед юу бодогдож байв?

-Төрийн хүндтэй цол авах мэдээг урд өдөр нь дуулгадаг юм билээ. Үнэхээр сайхан мэдрэмж төрж байлаа. Үнэнийг хэлэхэд гавьяат болох гэж байгаадаа итгэж ядсан. Би 1984 онд АШУҮИС-ийг төгссөн. Эрүүлийг хамгаалах салбарт 35 жил ажиллажээ. Сургуулиа төгсөөд эхний хоёр жилд Булган аймгийн Сэлэнгэ сумын эмнэлэгт салбарын их эмчээр ажилласан. Харин 1986 онд Клиникийн нэгдүгээр амаржих газар буюу одоогийн “Өргөө” амаржих газарт эмэгтэйчүүдийн эмчээр ажиллах болсон юм. 1989 оноос хойш одоог хүртэл тухайн үеийн анагаах ухааны дээд сургууль буюу АШУҮИС-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн тэнхимд багшилж байна даа.

-Яагаад эх барих эмчээр ажиллахаар болсон юм бэ?

-Хөдөө хоёр жил ажиллаж ирчихээд нэгдүгээр төрөхийн хажууд явж байтал эмэгтэйчүүдийн эмчийн олон үеийг сургасан М.Дамбадаржаа багш тааралдаад “Миний хүү юу хийж явна?” гэж асуулаа. “Хөдөөнөөс шилжээд ирсэн. Одоо ажил хайж байна” гэсэн чинь намайг шууд дагуулаад нэгдүгээр төрөх рүү орж, ерөнхий эмч Б.Бямбасүрэн гэж хүнтэй уулзуулан “Энэ хүнийг төрөхийн эмчээр ав. Би оюутан байх үеэс нь мэднэ” гэж билээ. Багшийнхаа ачаар ингэж ажилтай болж, маргааш нь шууд нярайн тасагт жижүүрт гарч эхэлсэн дээ. Хэт авиан оношилгоо, шинжилгээний арга 1981-1982 онд Монголд нэвтэрсэн байдаг юм. Харин би 1987 оноос хойш бие даан энэ аппарат дээр ажиллаж эхэлснээс хойш хэт авиан оношилгооны аргыг нэвтрүүлэх, боловсронгуй болгохын төлөө өнөөг хүртэл тасралтгүй 32 жил ажилласан намтартай. Тухайн үед хэт авиан оношилгоо маш энгийн, бүдүүлэгдүү байлаа. Дэлгэцэн дээр зургаар харсныгаа гортигоор хэмжилт хийж, шугам дээр тавьж байж зарим хэмжээсээ гаргадаг, нэг хэмжээст ЭХО-ны аппараттай байв. Энэ аппарат дээрээ өдөрт 100 гаруй хүн хардаг байсан. Үүнээс хойш оношилгооны аппаратууд улам боловсронгуй болж хөгжсөөр байна. Одоо 3D, 4D, 5D аппаратыг практикт хэрэглэх болсон. Миний хувьд эхийн хэвлий дэх ургийн гажгийг эрт илрүүлж, оношилгоог хөгжүүлэхийн төлөө Итали, Австри, ОХУ, Япон зэрэг улсад мэргэжил дээшлүүлж, энэ чиглэлийн эхний мэргэжилтний нэг болсон.

-Та эх барих эмчээрээ хэр удаан ажилласан бэ?

-Би 1986-1989 он хүртэл эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан. Хүнээ төрүүлнэ, жижүүрээ хийнэ, хагалгаанд орно. Харин үүнийхээ хажуугаар тухайн үеийн орос ном бие дааж уншиж судалж байгаад хэт авиан оношилгоонд өөрөө суралцсан юм. Үүнээс хойш хэт авиан шинжилгээгээ ч хийж, хичээлээ ч зааж, хүнээ үзэж, хагалгаанд ч оролцсоор явна.

-Эх барих эмчээр ихэвчлэн эмэгтэйчүүд ажилладаг. Тантай адилхан эрэгтэй эмч хэр олон байв?

-Биднийг оюутан байхад нэг ангийн 10-12 хүүхдийн 3-4 нь л эрэгтэй байсан. Тэр үетэй харьцуулахад одоо эрэгтэйчүүдийн эзлэх хувь ихсэх хандлагатай байгаа.

-Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг төрүүлэх ажил хийнэ гэхээр ичих, эвгүйцэх тохиолдол байсан уу?

-Ичнэ гэж юу байхав дээ. Хүний бие организм гэдэг бүгд ижил. Шинэ төрж байгаа үрсийг эх барьж авахад тусламж үзүүлэх, төрөлтийг хэрхэн зөв удирдах талаас нь л боддог юм. Харин ичнэ гэдэг ойлголт эмч хүнд огт байж болохгүй гэж би боддог.

-Анх эх барих эмчээр ажиллаж эхлэх үеийн дурсамжаасаа хуваалцвал?

-Залуу байхдаа маш их ачаалалтай ажилладаг байж. Энэ үед янз янзын л юм тохиолдож байлаа. Дурсамжтай тохиолдол гэвэл Монголын хоёр сая дахь иргэнийг төрүүлсэн багийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан. Бас ургийн толгойтой нь ижил шахуу том хэмжээний хавдрыг хэт авиан оношилгоогоор илрүүлж байсан минь санаанд тодхон үлджээ.

-Эх, хүүхэд эсэн мэнд амаржсаны дараах мөч эх барих эмчийн хамгийн жаргалтай үе байдаг уу?

-Тэгэлгүй яахав. Ертөнцөд шинэ хүн мэндэлж, дуугаа хадаан уйлж байгаа агшин хүнд маш их эрч хүч өгдөг юм. Саяхан л өвдөж, шаналж, орилж хашгирч байсан эх хүн үрээ хараад аз жаргалтай байгаа царай сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Төрөлт удирдана гэдэг бол урлаг гэж манай ахмад багш нар ярьдаг юм. Төрөлтийн үеэр гарч болох хүндрэлийг урьдчилан тооцоолж, угтуулсан зөв арга хэмжээ авч, ямар үед төрөлтийг сэдрээх, хэзээд нь амраах, кесарево хагалгаа хийх үү гэдгийг хүн бүрт тохируулан шийднэ гэдэг амаргүй.

-Ер нь эх баригч эмч хүний онцлог ямар байдаг юм бол?

-Нэг биш хоёр хүний амь нас хариуцдаг учраас маш амаргүй мэргэжил гэдгийг би шавь нартаа байнга сануулдаг. Асуудлыг богино хугацаанд шийдэх шаардлагатай, гардан хийх үйлдэл ихтэй, ихэнх үйлдлээ гарын мэдрэмжээр хийдэг гээд онцлог их л дээ. Ер нь эмэгтэйчүүдийн эмч хүн өөрийн ажлыг мэдэхийн хажуугаар маш сайн мэс засалч, дунд зэргийн дотрын эмч, дунд зэргийн нярайн эмч байх шаардлагатай.

өрөхийн эмч нар муухай ааштай, зовж ядаж байхад загнадаг гэж шүүмжлэх нь бий. Энэ нь эмч нарын ажлын ачаалал их байдагтай холбоотой юу?

-Тухайн эмчийн харилцаа, хандлага, эмчилгээ үйлчилгээ амжилттай болоход маш чухал нөлөөтэй. Тиймээс өвдөж зовж байгаа эхэд аль болох аядуу зөөлөн хандаж, учирлаж тайлбарлах ёстой.

Төрөлхийн гажгийг эхний гурван сард оношлох боломжтой

Амьдралаас харж байхад хүн бүрийн зан араншин, өвдөлтийг мэдрэх мэдрэмж харилцан адилгүй байдгаас болж зарим хүн хэт эмзэг хандах нь бий. Гэхдээ л эмч хүн тэр болгонтой зохицож, өвчтөнтэйгөө зөөлөн харилцаж байж төрөлтийг хялбар болгоно.

-Хэт авиан оношилгооны тоног төхөөрөмж манайд ямар түвшинд байна вэ. Олон улсын хэмжээнд хүрч чадсан уу?

-Мэдээж 30 жилийн өмнөхтэй харьцуулахад маш их хөгжсөн. Дауны өвчин гэж бид ярьдаг. Хромосомын түвшинд илэрдэг энэ гажгийг жирэмсний тээлтийн эхний гурван сард нь оношлох боломж практикт нэвтэрсэн. Тэр ч утгаараа эхийн хэвлийд байгаа ураг бол бие даасан өвчтөн гэдэг үзэл дэлхий нийтэд дэлгэрч байна. Эхийн хэвлийд байгаа ургийн өвчнийг оношлох, эмчлэх хэрэгтэй. Жишээ нь, ургийн нуруу нугасны эмгэгийг оношилж, хагалгаа хийснээр эрүүл хүүхэд төрөх боломжийг бүрдүүлж байна. Эхийн хэвлийд байгаа урагт цус юүлж байна. Австрид гэхэд жирэмсэн эмэгтэй эхний гурван сардаа миний тээж буй хүүхэд удамшлын хувьд эрүүл гэсэн итгэл үнэмшил авч чадаж байна.

-Таны сая ярьсан урагт мэс засал хийх аргууд Монголд нэвтэрсэн үү?

-Хараахан орж ирээгүй. Энэ бол бидний ирээдүй. Хамгийн гол нь дадлага, чадвартай боловсон хүчин, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж л дутагдаж байна. Аяндаа суралцаад ирвэл монгол эмч нар үүнийг хийж чадна гэж боддог. Үнэхээр амьдралд үл нийцэх гажгуудыг бид аль болох эрт илрүүлэх нь улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой. Тиймээс аль болох эрт оношилж, үнэхээр амьдрах чадваргүй бол жирэмслэлтийг таслах ёстой юм.

-Энэ ажил бодит амьдрал дээр хэр хэрэгжиж байна вэ?

-Харамсалтай нь бүрэн хэрэгжихгүй, хожуу үед илрүүлснээс болж элдэв асуудал үүсэх тохиолдол гарсаар байгаа. Нэг түүх ярья л даа. Нэгэн охины тээж буй ураг тархи усжих эмгэгтэй байж. Анхны төрөлт байсан, нэлээд хожуу хяналтад орсон юм билээ. 23 долоо хоногтойдоо үзүүлэхэд ургийн тархины 80 хувь нь устай байсан. Гэтэл Монголд үйлчилж буй хууль дүрмээр 22 долоо хоногоос өмнө жирэмснийг тасалж болдог. 23 долоо хоног болчихвол боломжгүй. Ингээд аль ч эмнэлэг хүлээн авахгүй, жирэмснийг таслахгүй байсаар нөгөө охин хэзээ ч амьдрах чадваргүй хүүхдээ дахин гурав, дөрвөн сар тээсэн.

-Жирэмсэн эмэгтэйчүүд дүүрэг, өрхийн эмнэлгийнхээ хяналтад орж, шинжилгээ өгнө гэдэг амаргүй даваа. Цүдийсэн гэдэстэй хүүхнүүд нааш цааш дахин дахин явж, олон цагаар дугаарлан зогсоно гэдэг амаргүй. энэ дарамтыг багасгах ямар арга байна вэ?

-Ер нь дэлхий нийтийн чиг хандлагаас харвал эхний гурван сарын бүх оношилгоог маш сайн, төгс хийчихвэл сүүлийн саруудад өгөх шинжилгээ багасч байгаа. Монголд жирэмсний хяналтыг 6-8 удаа хийдэг бол англид 3-4 удаа үзэх жишээний. Эхний гурван сарын шинжилгээг сайн хийгээд хэвийн бол олон дахин ирүүлээд байх шаардлагагүй болдог. Бид ч бас энэ чиглэл рүү явах ёстой.

-Агаар, орчны бохирдлын улмаас төрөлхийн гажигтай ургийн тоо нэмэгдлээ гэж ярьдаг. Бодит байдалд ямар байна вэ?

-Байгаль орчны бохирдол, хоол тэжээлийн дутагдал, эхийн халдвар гээд олон хүчин зүйл гаж ураг нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Сүүлийн таван жилд нялхсын эндэгдлийн шалтгааны дотор ургийн гажигийн давтамж ихсээд байгаа. Нярайн эндэгдлийн шалтгааны эхний гурван байрт хромосомын буюу төрөлхийн хөгжлийн гажиг байнга ороод байгаа юм. Энэ бүхэнд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа.

-Жирэмсэн бүсгүйчүүд юунд илүү анхаарах ёстой вэ?

-Уг нь үр удмаа төрүүлэх гэж байгаа залуу хосуудад жирэмснээс өмнөх тусламж үйлчилгээ маш чухал. Гэтэл ямар ч мэдээлэлгүй залуу хосууд санамсаргүй тохиолдлоор гэр бүл зохиосноос болж гажигтай хүүхэд төрөх тохиолдол нэмэгдээд байгаа юм. Өөрийгөө эрүүлжүүлэх, халдварт өвчинтэй бол түүнийгээ эдгээх, вакцинд хамрагдах зэрэг жирэмснээс өмнөх тусламж үйлчилгээ Монголд зайлшгүй хэрэгтэй, нийгмийн маш том асуудал болчихоод байна. Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрнө гэдгийг сайн ойлгомоор байгаа юм.

өрөх эмнэлгүүдэд хуваарилж байгаа төсөв, мөнгө хэр хүрэлцээтэй байдаг бол. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаж чадсан уу?

-Харилцан адилгүй л байна. Хувийн эмнэлгүүд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болж чадсан. Харин улсын эмнэлгүүд тийм биш. Багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл удаан, хангамж нь муу байна. Энэ байдал оношилгоо, эмчилгээнд нөлөөлдөг байх. Төсөвлөсөн мөнгө хүрэхгүй байна гэж их ярьдаг. Ер нь эрүүлийг хамгаалах тогтолцоондоо ийм бага мөнгө зарцуулдаг улс цөөхөн биз дээ.

-Эцэст нь нэг юм сонирхоод асууя. Та гавьяат эмч гэдэг цолыг дотроо хүсэн хүлээдэг байсан уу. Авчих болов уу гэсэн бодол төрж байв уу?

-Би ямархуу түвшний эмч вэ, энэ салбарт би юу хийж бүтээв гэж дотроо бодно л доо. Миний хувьд энэ салбарт 35 жил тасралтгүй ажилласан байна. Багшлахын хажуугаар Клиникийн нэгдүгээр амаржих газар, “Мэри Стопсын эмнэлэг”, “Сос Медика” эмнэлэг, “Гранд” эмнэлэгт ажилласан хүн. Аль ч эмнэлэг очсон өдөрт 20-40 хүн үздэг байв. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор Улаанбаатар хотын нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйтэй дүйх хэмжээний хүнд үзлэг хийсэн байх. Энэ шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлж, хойч үеэ бэлдэхийн тулд 10 шахам ном бичлээ. Сүүлийн үед зарим шавь нар, бас хамт олон маань намайг гавьяат болох ёстой хүн гэж ярьдаг болсон. Олон жилийн хөдөлмөрийн эцэст төрийн тэргүүнээсээ хүндтэй шагнал авсандаа баяртай байгаа. Гавьяат авах хэмжээний хүн мөн үү гэдгийг хамт олон л илүү сайн тодорхойлох байх даа.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж