Хямрал хаалга тогшиход хөгжлийн цонх нээгддэг

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Хямрал хаалга тогшиход хөгжлийн цонх нээгддэг

Хямрал хаалга тогшиход хөгжлийн цонх нээгддэг

Хямрал хаяанд ирсэн ч удирдагчид гар хоосон байна

АНУ-ын эдийн засаг хамгийн өндөр өссөн жилүүд болох 1987-2006 онд Холбооны нөөцийн системийг удирдаж байсан Алан Гринспен шинэ оны өмнөхөн CNN-д өгсөн ярилцлагадаа дараагийн хямралыг даван туулахдаа бэлдэхийг улс орны удирдагчид, эдийн засгийн бодлого тодорхойлогчдод анхааруулжээ. Тэрбээр зах зээлүүдийн савлагааг хэвийн биш үзэгдэл бөгөөд өнгөрсөн сард АНУ-ын хөрөнгийн зах зээл 1929-1933 оны их хямралаас хойш тохиож буй хамгийн муу үзүүлэлттэй байсныг онцолсон. Тун удахгүй дэлхийн хамгийн том эдийн засгийн инфляц, ажилгүйдлийн түвшин эрс өсөж болзошгүй эгзэгтэй цаг үед ирээд буй. Зүйрлэвэл дэлхийн II дайн, 1970-аад оны газрын тосны хямралын үеийн нөхцөл байдалтай бараг дүйнэ гэдгийг хэвлэлүүд сануулжээ.

Хэдийгээр Алан Гринспен Холбооны нөөцийн системийг удирдахаа болиод 12 жил өнгөрсөн ч хөрөнгө оруулагчид түүний амнаас гарах үг бүрийг анхааралтай сонсож, байр суурь бүрийг нягтлан шинжилдэг юм. Түүний ярилцлагын дараа хөрөнгө оруулагчдад Холбооны нөөцийн систем энэ онд бодлогын хүүгээ дахин өсгөх нь гэсэн хүлээлт үүслээ.

Дэлхий нийтийг хамарсан хямралын дохио амар тайван цаг үеийг хэдийн эвдэж, өсөлтийн муруйг хугачиж эхэлсэн ч бодлого тодорхойлогчид ямар хариу арга хэмжээ авахаа мэдэхгүй байна. Анзаарсан бол эдийн засагчид хямралын шалтгааныг ч янз бүрээр тайлбарлаж буй. Нэг хэсэг нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн савлагаагаар баримжаа авч буй бол нөгөө хэсэг нь Хятад дараагийн хямралын эх үүсвэрийг тавина гэж анхааруулж эхэллээ. Гэтэл хэдхэн секундын дотор хэдэн мянган өгөгдөл цуглуулах чадвартай өнөөгийн техник технологийн эрин үе ч хямралыг бий болгож магадгүй гэж сэрэмжлэх хэсэг бий. Гэхдээ хаана хамгийн тодорхойгүй, хянах бололцоогүй нөхцөл байдал үүснэ, тэндээс хямрал бий болдгийг түүх гэрчилсэн. Тиймээс ч өдгөө дэлхийн санхүү, мөнгөний бодлого тодорхойлогчид дүр зургийг бүхлээр нь харж, хариу арга хэмжээ авахаар хичээж буй. Улс орнууд ч дор дороо валютын нөөцөө зузаатгах, эдийн засгийн хэт төвлөрөл хамаарлаа бууруулахаар чармайж эхэлсэн.

Нөгөөтэйгүүр, хямрал гэдэг толгойгоо гудайлгаж, нүүрээ үрчийлгэх зүйл биш. Түүхийг эргэн харвал хямрал хаалга тогшиж байхад нөгөө талд хөгжил дэвшлийн цонх нээгддэг жамтай. Алс холоос жишээ хайхаа больё. Тэртээ их хямралаас хойших дэлхий ертөнц улам хөгжиж, нэгдэн нягтарч, нэг нэгнээ ойлгодог болсон. Харин олон орныг хамарсан томоохон нь болох 1997 оны Азийн санхүүгийн хямрал, 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал хөгжлийн ямар үндсийг тарьсан бол?

АЗИ САНХҮҮГИЙН СИСТЕМ, КОМПАНИЙН ЗАСАГЛАЛДАА АНХААРЧ ЭХЭЛСЭН

Монгол Улс өнгөрсөн оны тавдугаар сард ASEAN+3 хэмээх бондын зах зээлийн санаачилгад нэгдсэн. Энэ бол 1997 оны хямралын дараа Зүүн өмнөд Азийн орнууд болон Япон, Өмнөд Солонгос, Хятад улсын сангийн сайд нарын санаачилгаар байгуулагдсан бүтэц. Тайландаас эхэлсэн Азийн хямрал компаниудын өрийг нэгхэн шөнийн дотор 90 хүртэл хувиар өсгөсөн гэдэг. Тиймээс Азийн зах зээл рүү чиглэх хөрөнгийн урсгалын ам.долларын хамаарлыг бууруулах зорилгоор энэ санаачилга хямралын дараа буюу 2000 онд үүссэн юм. Гишүүн орнууд хоёр болон олон талт валютын своп хэлцэл байгуулж эхэлсэн байна. Ийм хэлцлээр цутгасан иенийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2010 онд 120 тэрбум ам.доллар байсан бол дөрвөн жилийн дараа хоёр дахин нэмэгдэж 240 тэрбум ам.долларт хүрчээ.

Мөн Хятад улс 2015 оны эцэс гэхэд нийт 3.3 их наяд юань буюу 484 тэрбум ам.доллараар хэмжигдэх своп хэлцэл бүс нутгийн 33 улстай хийж, Япон, Хятадын аль аль нь бүс нутгийн санхүүгийн дархлааг тэтгэхээр идэвхтэй чармайж буй. Нөгөөтэйгүүр, энэ бүс нутгийн орнууд хямралын дараа гадаадад хэрэгжүүлж буй төслүүддээ л ам.долларын зээл авах хандлагатай болжээ.

  • Эдийн засагчид хямралын шалтгааныг янз бүрээр тайлбарлаж буй.
  • Азийн зах зээл рүү чиглэх хөрөнгийн урсгалын ам.долларын хамаарлыг бууруулах зорилгоор улс орнууд хоёр болон олон талт валютын своп хэлцэл байгуулж эхэлсэн.
  • АНУ банк, санхүүгийн салбараа ил тод, уян хатан зохицуулалттай болгохоор шинэ хууль баталсан нь өдгөө олон улсын банк, санхүүгийн системд үйлчилж байна.

Хямралаас өмнөх хөгжил дэвшлийг Азийн бар орнууд тэргүүлж түүчээлж байсан. Гэсэн хэдий ч хямралыг даван туултлаа эдийн засгийн өсөлтийн гол тулгуур болж байсан хувийн хэвшлүүд компанийн засаглалын хувьд түв түүхий байв. Ernst & Young олон улсын аудитын байгууллагын мэдээлж буйгаар Ази, Номхон далайн бүс нутгийн компаниудын 85 хувь нь гэр бүлийн эзэмшлийнх бөгөөд компанийн гүйцэтгэх удирдлагад эзэмшигчдийн нөлөөг тусгаарлах ажил өдгөө ч үргэлжилж буй аж. Ингэснээр эзэмшигч нь компанийн стратегид, харин гүйцэтгэх удирдлага нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд голлон анхаардаг болжээ. Ялангуяа, томоохон банкууд засаглалаа сайжруулахыг чухалчилж эхэлсэн байна. Индонезид гэхэд банкууд охин компаниуддаа олгох зээлийн хэмжээг нийт зээлийн 10 хувиар хязгаарлаж, дампуурлын тухай хуулиа сайжруулсан байна.

БАНКНЫ ИЛ ТОД БАЙДАЛ НЭМЭГДЭВ

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн профессор Росс Бакли сүүлийн 20 жилд тохиосон хямралуудад дүн шинжилгээ хийж, хямрал нь банкны систем болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс үүсдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүн дээр бодлогын уялдаа холбоо сул, мэргэжлийн бус зохицуулалт нэрмээс болдог байна.

Тиймээс ч дэлхий нийтийг доргиосон 2008-2009 оны санхүүгийн хямралын дараа 2010 онд АНУ банк, санхүүгийн салбараа ил тод, уян хатан зохицуулалттай болгохоор шинэ хууль баталсан юм. Тус улсын Санхүүгийн үйлчилгээний хорооны тэргүүн Барни Франк болон Сенатын дэргэдэх банкны хороог удирдаж Асан Крис Додд нарын санаачилсан эл хуулийн үр дүнд банк, санхүүгийн салбарт дараа дараагийн хямралын эсрэг дархлаа сайжирсан байна.

Хамгийн тодорхойгүй, хянах бололцоогүй нөхцөл байдлаас хямрал бий болдог

Түүнчлэн банкуудын активт доод хязгаар тогтоох, эрсдэл бууруулах боломж, хөрвөх чадварыг сайжруулах, гэнэтийн шок тэсвэрлэх гарцтай холбоотой зарим зохицуулалт нь олон улсын банкны системд шинэ дүрэм журам тогтоосон аж. Хямралын дараа уг хуулийн ачаар АНУ-ын банкууд Европынхоос илүү хурдан сэргэсэн гэж шинжээчид үздэг байна. Манай улс ч гэсэн энэ мэт туршлагыг харгалзан банк, санхүүгийн салбартаа шинэчлэл хийж буй.

Ийнхүү хямралын ачаар дэлхий нийтээрээ хөгжил дэвшлийн дараагийн шатанд ордог. Энэ бүхнийг мэдээж улс орон бүр хямралыг даван туулахаар тухайлан хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдтэй адилтгах аргагүй. Системийн ахиц дэвшил нь хямралаас зайлсхийх урт хугацааны шийдэл болдог бол төсөл, хөтөлбөрүүд нь богино болон дунд хугацаанд л барьдаг зэвсэг. Энэ бүхнийг хэн илүү цогцоор нь ашиглаж чадсан нь хямралыг хохирол багатай туулж, зөөлөн газарддаг. Харамсалтай нь, Монгол Улс өнгөрсөн цаг хугацаанд төсөл, хөтөлбөр, тусламж дэмжлэг зэрэг түр зуурын арга хэмжээгээр хямралтай он жилүүдийг үдэж байсантай маргах хүн үгүй биз. Эдийн засгаа солонгоруулж, орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх нь уг нь дэлхий нийтийн хөгжлийн үр дүнд бий болсон туршлага. Гэтэл өнөөдөр гадаад валютын нөөц, банкны системд гарсан ахицаас өөр хямралын эсрэг барих зэвсэг манайд даанч алга. Алтны роялтигийн хугацааг сунгаж чадаагүй учраас гадаад валютын нөөцөө зузаатгах ажил ч гэсэн мухардчихаад байна.

Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд доноруудын хандив, тусламжаар урд, хойд хормойгоо нөхөж ирсэн атлаа эдийн засгаа солонгоруулах, төсвийн сахилгаа чамбайруулах зөвлөмжийг нь үл тоосоор ирсэн. Бизнестээ дэм болохоосоо илүү гай болох нь их байдаг дэндүү данхар төртэй улсад компанийн засаглалын тухай ярьж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварын тухай дуугарахад бүр эртдэх мэт. Хямралын үед дэлхий нийт бүсээ чангалдаг ч даваад гарсныхаа дараа хөгжлийн шатаар нэг алхам дээшилдэг. Гэвч гурван сая ард түмнийг хөгжлийн энэ шатаар залаад явчих сэтгэлтэй, зүтгэлтэй бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид Монгол Улсад байна уу.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж