Г.Содгэрэл гурван улсын “Гоо сайхны элч”-ээр тодров

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Г.Содгэрэл гурван улсын “Гоо сайхны элч”-ээр тодров

Г.Содгэрэл гурван улсын “Гоо сайхны элч”-ээр тодров

… Ээрэм талын сэвэлзүүр салхи

Эцэж ядраад амарсан ч юм уу

Амраг хосын яриаг сонсохоор

Амьсгаа даран чагнасан ч юм уу

Улаанбаатарын үдэш намуухан намуухан

Учралын болзоонд залуус яаруухан…гээд л холын Манжуур хотод зохион байгуулагдсан олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө нийслэлчүүдийн сэтгэлд хоногшсон  дуу заал дүүрэн эгшиглэх нь миссийн тэмцээн үзэхээр ирсэн, монгол бүсгүйчүүдээ дэмжихээр ирсэн монгол хүн бүрийн сэтгэлийг догдлуулах ажээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж гуай нийслэлчүүддээ зориулж, 1985 онд “Улаанбаатарын үдэш” хэмээх энэ дууг зохиож, уран бүтээлийнхээ гарааг  эхэлж байсан гэдэг. Түүнээс хойш энэ дуу нийслэлчүүдийн сэтгэл зүрхийг хөглөж, сэтгэлд хоногшсоор ирсэн. Тэгвэл энэ дууг саяхан Хятадын “The voice of China” уралдааны оролцогч, дуучин залуу хятад хэл рүү хөрвүүлэн дуулснаар монголчуудын хайртай “Улаанбаатарын үдэш” хэмээх энэ дуу урд хөршид ч өөрийн гэсэн сонсогчтой болжээ. Заал дүүрэн хуран цугласан гурван улсын иргэд дунд  энэ дууг монгол, хятад хэлээр нь  дагаж дуулах хүн олон харагдаж байв. Энэ бол БНХАУ-ын Манжуур хотноо зохион байгуулагддаг Монгол, Орос, Хятад гурван улсын “Гоо сайхны элч” гоо бүсгүйн тэмцээн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй сэтгэл догдлуулсан мөч юм. Тэмцээний шагнал гардуулах ёслол ӨМӨЗО-ны Манжуур хотод шинэ оны босгон дээр буюу өнгөрөгч арванхоёрдугаар сарын 23-нд болж,  тэмцээний тэргүүн, дэд байрыг Монголын гоо бүсгүй эзэлсэн бол гуравдугаар байрт ОХУ-ын гоо бүсгүй орсон юм.  Энэхүү сонор мялаах чихэнд чимэгтэй мэдээллийг тоймлон хүргэж байна.

Жуулчдын хот Манжуур

Нийтлэлийнхээ эхэнд Оросын “Эрээн хот” гэгддэг Манжуурын тухай товчхон өгүүлье. Манжуур хот нь 730 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 320 гаруй мянган хүн амтай, хөрш зэргэлдээ улс оронтой авто зам, төмөр зам, агаарын тээврээр холбогдсон, аялал жуулчлал идэвхтэй хөгжиж буй гурван улсын хилийн боомт хот юм. БНХАУ энэ хотоо ОХУ-тай хийх эдийн засаг, худалдааны чөлөөт бүс болгох зорилготойгоор хөгжүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд аялал жуулчалын салбартаа нэлээд анхаарч ажиллаж байгаа аж. Тиймээс  энэ ажлынхаа хүрээнд манай улсын Дорнод аймаг, ОХУ-ын Владивосток, Чита, Буриад улстай хамтарсан олон улсын чанартай тэмцээн уралдааныг цөөнгүй зохион байгуулдаг болжээ.

Манжуурт жилд ирдэг жуулчдын тоог сонирхвол,  монгол, орос, хятад гэлтгүй хол ойроос жилдээ 5-6 сая жуулчин  ирдэг гэсэн тоон мэдээллийг албаныхан хэлж байв. Мөн Манжуур хот нь аялал жуулчлалын салбарын энэ хурдтай өсөлтөөрөө сүүлийн 10 жилийн дотор “Хятадын аялал жуулчлалын шилдэг хот”, “Бүх Хятадын соёлын хот”, “Бүх Хятадын үлгэр жишээ хот” гэсэн шагналуудыг хүртэж байжээ. Бидний сурвалжлан хүргэж буй гурван улсын “Гоо сайхны элч” шалгаруулах тэмцээн буюу миссийн тэмцээн нь мөн л тус хотын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын нэг хэсэг нь гэдгийг албаныхан хэлж байсан юм.

“Шилдэг 10”-ын хойморыг монгол охид эзлэв

Энэ удаагийн миссийн тэмцээнийг ОХУ-ын Чита хотын Засгийн газар, Монгол Улсын Дорнод аймгийн ЗДТГ, Чойбалсан хотын ЗДТГ,  ӨМӨЗО-ны Аялал жуулчлалыг хөгжүүлэх хороо, Манжуур хотын Засгийн газрын ордон, Хөлөнбуйр түрээсийн худалдааны газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа ажээ. Монголын талаас  “Ариунгоо үжин” ТББ хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Тус байгууллага нь тэмцээнд оролцогч охидыг бүртгэн авч, сонгон шалгаруулалтад тэнцсэн бүсгүйчүүдийг хичээл сургалтуудад хамруулан, тэмцээний сүүлийн шат хүртэл хариуцан авч явдаг юм байна. Энэ удаагийн тэмцээнд Монголоос 15, ОХУ-аас 15, БНХАУ-аас 30 бүсгүй оролцож, өөр хоорондоо оюун ухаан, гоо сайхан, авьяас ур чадвараараа өрсөлдөж байна. Олон улсын миссийн тэмцээнд оролцож буй эдгээр 60 гоо бүсгүй “Мисс модель”, “Мисс фото”, Мисс авьяас, “Мисс биккини” зэрэг төрлүүдээр өрсөлдсөн юм. Жишээ нь, гурван улсын охид бүжиг, усны хувцасны үзүүлбэр, гоёлын даашинзны төрөлд жигд оролцоотой байсан бол Монгол Улсаа төлөөлөн оролцож буй охидоос авьяасын төрөлд япон дуу дуулсан нь бусдаас ялгарах бас нэгэн давуу тал болж байв. Мөн гоёлын даашинзны үзүүлбэр, үндэсний хувцас зэрэг үзүүлбэрт монгол охид маань бусдаас илт давуу харагдаж байсныг тодотгох хэрэгтэй байх. Гоёлын даашинзны өнгө, хийц загвар, үндэсний хувцасны үзүүлбэрүүд нь үндэсний хэв шинж, загвар уламжлалаа хадгалсан, эрхэмсэг хатдын дүр төрхийг тодорхойлсон, бүсгүй хүний гоо үзэсгэлэн сүрлэг, бардам эрхэмсэг байдлыг илтгэсэн байв. Ингээд тэмцээний “Шилдгийн шилдэг 10 гоо бүсгүй”-г зарлахад, дөрөв нь ОХУ-ын гоо бүсгүй, зургаа нь монгол бүсгүйчүүд байсан нь заал дүүрэн үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.

Тэмцээний сүүлийн шалгаруу­лалтыг сурвалжлахаар очсон бидний хувьд ч бас “Улаан­баатарын үдэш”-ийн намуухан аялгуун дор гурван улсын гоо охидын хэн нь илүүг шинжин, “Монгол охид тэргүүллээ” гэсэн чихэнд чимэгтэй мэдээг сонсож суух нь басч үгүй сэтгэлд үнэнхүү кайфтай байх ажээ. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй охид мөн энэ тэмцээний “Шилдэг зохион байгууллалттай хамт олон”-оор  шалгарсан юм.

Тэмцээнд 17-25 насны охид бүсгүйчүүд оролцдог

Монгол Улсаа төлөөлөл оролцож буй охидыг тайзнаа гарахын өмнө бид тэмцээний бэлтгэл, хувийн зохион байгуулалт, өрсөлдөгч хоёр улсын охидоос суралцах зүйлс, тэдний давуу талууд гээд олон чухал сэдвээр ярилцах боломж олдсон юм. Тэдэнтэй ярилцах зуур энэхүү миссийн тэмцээнд үнэхээр бие бялдар, гоо сайхны өв тэгш хүмүү­жилтэй охид бүсгүйчүүд оролцсон нь харагдаж байв. Тэмцээнд оролцож буй бүсгүйчүүд бүгд хэл ярианы баялаг сайтай, харилцааны зөв соёлтой охидууд байв.

Орос, Монгол, Хятад гурван улсын миссийн тэмцээн нь олон улсын гэсэн тодотголтой зохион байгуулагддаг чансаа өндөртэй том тэмцээн юм.  Тиймдээ ч шагналын сан өндөртэй. Манжуур дахь тэмцээн нь нийт 40.000.000 төгрөгийн шагналын сантай гэдгийг зохион байгуулагчид нь  хэлж байв. Мөн миссийн тэмцээнд оролцох охид бүсгүйчүүдэд тавигддаг ерөнхий шаардлагыг нь сонирхож үзвэл,  17-25 насны өөртөө итгэлтэй, өөрийгөө хөгжүүлж, амжилтад хүрэх  хүсэл эрмэлзлэлтэй охид бүсгүйчүүдийг бүртгэдэг юм байна. Мөн гаднах гоо үзэмжийн хувьд, 170 см-аас дээш өндөртэй,  49 кг-аас дээш жинтэй, хувийн зохион байгуулалт сайтай охидыг бүртгэдэг ажээ. Монголын талаас энэхүү шаардлагыг хангасан охид бүсгүйчүүд “49 дүгээр гудамж” хэмээх хүүхэд залуучуудын театрт очин, анкет бөглөж, “Ариунгоо” төсөлд хамрагдан миссийн тэм­цээнд оролцдог юм байна. Түүнчлэн миссийн тэмцээнд оролцох охид маань сонгодог бүжгийн дугуйлан, мон­гол бүжгийн дугуйлан, мэргэж­лийн загварын сургалт, дизайнерийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдан өөрийгөө хөгжүүлдэг гэдгийг “Ариунгоо” төвийн багш хэлж байв.

Уралдааны тэргүүн, дэд  миссээр монгол охид шалгарлаа

Манжуур хотын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд анх “Цасан гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн нэртэй зохион байгуулагдаж байсан энэ тэмцээн жилээс жилд өргөжин тэлж, оролцогчдын чанар чансаа сайжирч, энэ тэмцээнийг зорин ирэх үзэгчдийн тоо нэмэгдсээр байгаа ажээ. Хятад, Орос, Монгол гурван улсын миссийн тэмцээнийг үзэхээр хөрш зэргэлдээ орнуудаас цөөнгүй жуулчид ирдэг болсон гэдгийг зохион байгуулагчид нь  хэлж байв. Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тэргүүн мисс гоо бүсгүйн батламж, эрдэнийн шигтгээт титэм, 80.000 юань гардаж авдаг юм байна. Энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тэмцээнд монголчууд амжилттай, идэвхтэй оролцсоор ирсэн гэдгийг тэмцээнд оролцогч охидууд маань хэлж байв. Энэ жилийн миссийн тэмцээнд ч оролцож буй монгол охид оюун ухаан, авьяас ур чадвар, гоо үзэсглэнгээрээ илүү гэдгээ батлаж, тэргүүн, дэд байрны эзэд болсон юм.  Нийт 10 гаруй хоног үргэлжилсэн миссийн тэмцээн зохион байгуулалт сайтай, тайзны гэрэлтүүлэг, хөгжим гээд бүх зүйл тун өвөрмөц содон шийдэлтэй болж байв.  Тэмцээнд оролцогч монгол бүсгүйчүүдийн  алхаа гишгээ тайзны соёл, биеэ авч явах байдал, хувцаслалт зэрэг нь үнэхээр  бусад орны бүсгүйчүүдээс илт давуу ялгарч харагдаж байлаа. Тэмцээнд оролцож буй гоо бүсгүйчүүдийн олонх нь өндөр боловсролтой охид байсныг уг тэмцээнийг зохион байгуулах хорооны төлөөлөгч Ван Яньнянь онцлон дурдаж байсан юм.

Ингээд уралдааны шилдэг номи­­на­цийн эздийг танилцуулах торгон мөч ойртсоор, Монгол Улсаа төлөө­лөн оролцож буй охидод тавих итгэл найдвар үзэгчдийн дунд өндөр байсан юм. Шилдэг номинацуудыг тодруулахад, Хятадын Сычуань мужийн гоо бүсгүй Ма Жуй “Авьяас­лаг мисс” өргөмжлөлийг хүртсэн юм. Түүний үзүүлбэр мэргэжлийн шүүгчдээс хамгийн өндөр оноо авч байв. Мөн хамгийн гоё биетэй бүсгүйгээр хувийн дугаар 45-тай орос улсын гоо бүсгүй шалгарсан юм. Уралдааны “Фото мисс”-ээр хувийн дугаар 21, орос улсын гоо бүсгүй тодорсон бол “Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүй”-гээр Монгол Улсын гоо бүсгүй, хувийн дугаар 60, Хажиднаран тодорсон юм. Мөн уралдааны “Олны таашаал хүртсэн гоо бүсгүй”-гээр хувийн дугаар 46, Б.Азжаргал шалгарсан юм.

Орос, Монгол, Хятад улс оролцсон, олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн дэд байрт Монгол Улсын гоо бүсгүйчүүд шалгарсан бол гуравдугаар байрт орос улсын гоо бүсгүй шалгарсан юм. Тодруулбал, уралдааны дэд байрт Монгол Улсын гоо бүсгүй Б.Азжаргал, гуравдугаар байрт Оросын гоо бүсгүй Фухт Юлия нар шалгарлаа. Гурван улсын гоо бүсгүй шалгаруулах олон улсын 15 дахь уралдааны ялагчаар, Монгол Улсын гоо бүсгүй  Г.Содгэрэл шалгарч, тэргүүн мисээр тодорсон юм. Ийнхүү монголчууд бид 2019 оныг чихэнд чимэгтэй, сэтгэлд гэгээтэй сайхан мэдээллээр угтаж байна.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж