АНУ-ын төсөв батлагдаагүй тул Засгийн газрынх нь үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа юм. АНУ өдийг хүртэл 2019 оны төсвөө баталж чадахгүй байгаа шалтгаан нь Д.Трампын санаачилсан Мексикийн хил дагуу хана босгох ажлыг санхүүжүүлэхийг конгресс болон төлөөлөгчдийн танхимын гишүүд эсэргүүцсэнээс үүдэлтэй байна.
Ерөнхийлөгч Д.Трамп хууль бус цагаачлалтай тэмцэхийн тулд Мексиктэй залгаа АНУ-ын хил дагуу хана барих ажилд санхүүжилт олгохыг хатуу шаардаж байгаа юм. Харин Ардчилсан намын олонх болсон Төлөөлөгчдийн танхим болон Д.Трампын өөрийнх нь багтдаг Бүгд найрамдах намынхны олонх суудалтай Конгресс ч бас хана босгоход шаардлагатай 5.7 тэрбум ам.долларыг батлахгүй гэсэн байр суурьтай байна. Тэд хана барихаас өөрөөр хилийн хамгаалалтыг чангатгах өөр олон арга бий хэмээн Д.Трампыг эсэргүүцэж байгаа юм.
Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах санаачилга гарган, Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2019.01.02/ Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намын төлөөлөгчдийг Цагаан ордонд урьж, төсвийн асуудлаар уулзалт хийсэн байна. Гэвч өчигдрийн уулзалтад нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй тул Баасан гаригт /2019.01.04/ дахин уулзахаар болов.
Төсөв батлагдаагүйгээс болж Засгийн газрын үйл ажиллагаа зогссоны улмаас АНУ-ын төрийн байгууллагууд болон музей, гадаадад суугаа Элчин сайдын яамд ч бас түр хугацаанд зогсолт хийж байгаа юм.
АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа 12 хоногийн турш зогсоод байгаа нь тус улсын түүхэнд тавд бичигдэх урт хугацааны “зогсолт" аж. Тухайлбал, 1995 онд Билл Клинтоны үед хамгийн урт буюу 21 хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа огт явуулаагүй түүхтэй.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ