УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой 20 гаруй гишүүний хавтаст хэрэг бэлэн болчихсон, хэдийд ч өргөн өргөн барихад бэлэн байна” гэж өнөөдөр /2019.01.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
УИХ-ын үйл ажиллагаа гацаад сар болж буй. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 40 шахам гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаандаа орж ирэхгүй байгаагаас ирц бүрдэхгүйд хүрч, УИХ-ын үйл ажиллагаа гацаанд орсон. Тэдний энэ үйлдэл нь ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийг хамгаалах зорилготойгоор авсан хариу арга хэмжээ гэж хардах хүн олон байгаа юм.
Гурван долоо хоногийн өмнө Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс нэр бүхий УИХ-ын гурван гишүүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж прокурорт ирүүлсэн, үүнийг прокурор хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийж гүйцэтгэх шаардлагатай байна гэж үзээд буцаасан. Ажиллагаа дутуу тодруулах шаардлагатай зүйлүүд байсан. Ер нь бол хэрэг дээр зарим УИХ-ын гишүүдийн үйлдлүүдэд гэмт хэргийн шинжтэй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татвал зохих зүйл байгаа. Одоо УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавих гэхээр ирц хүрэхгүй, Засгийн газрын гишүүнээ ч томилж чадахгүй байна. Харин Засгийн газар нь хуралдаад УИХ-ын үйл ажиллагаа нь хэвийн болоод ирэхээр зарим нэг гишүүдийн асуудлыг Улсын Ерөнхий прокурорт тавьж шийдвэрлүүлнэ” гэж байр сууриа илэрхийлсэн. Гэвч өнөөг хүртэл УИХ-ын үйл ажиллагаа гацаж байгаагаас ЖДҮХС-гаас зээл авсан гэх нэр бүхий гишүүдээс хэнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-д орж ирэх вэ гэдэг тодорхойгүй хүлээгдсээр байгаа юм.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ЖДҮ-тэй холбогдсон 20 гаруй гишүүний хавтаст хэрэг бэлэн болсон” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгснөөр чимээ нь алдраад байсан дуулианы талаар шинэ сенсааци дахин дэгдээлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ