Спортоор хичээллэхэд хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ | News.MN

Спортоор хичээллэхэд хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Спортоор хичээллэхэд хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ

Спортоор хичээллэхэд хоёр тэрбум төгрөг төсөвлөжээ

Спорт клубүүдэд нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлүүлдэг болохоор болсон. Энэ санаачилга юу болсон талаар, Эрүүл мэндийн даатгалын салбарт 2019 онд гарч буй өөрчлөлтийн талаар мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Эрүүл мэндийн даатгалд энэ жил нэлээд хэдэн өөрчлөлт орж байгаа юм байна. Тухайлбал, энэ 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж, 320 мянган төгрөг болсон. Үүнийг дагаад эрүүл мэндийн даатгалын шимтгэл ч мөн нэмэгджээ. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт орж, төсөв нь 3.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар нэгдүгээр сарын 15-наас эхлэн үйлчлэх юм байна.

“ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ДАГААД ЭМД-ЫН ШИМТГЭЛ НЭМЭГДЭНЭ”

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдах үүрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг Засгийн газар жил бүр тогтоодог. Энэ хүрээнд 2019 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг Засгийн газар 2018 оны арванхоёрдугаар сард тогтоосон. Энэ онд буюу 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 320 мянган төгрөг болсон. Үүнтэй холбоотойгоор  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ бага зэрэг өөрчлөгдөж байгаа.

-Чухам яаж өөрчлөгдсөн бэ?

-Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн, ажил олгогч  аль аль нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлд хоёр хувийг төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагалдаад шимтгэл нь нэмэгдэж байгаа юм.  Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, малчин болон хөдөлмөр эрхлээгүй иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу сард 3200, жилд 38 мянга 400 төгрөгийн шимтгэл төлнө. Мөн төрөөс эрүүл мэндийн шимтгэлийг нь хариуцдаг бүлэг хүмүүс буюу 0-18 насны хүүхдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу сарын 3200, жилийн 38 мянга 400 төгрөгөөр тооцож байгаа. Өндөр настан, халамжийн тэтгэвэр авагч, хүүхдээ асарч байгаа эцэг, эх, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувь буюу сарын 6400, жилийн 76 мянга 800 төгрөгөөр тооцон төрөөс хариуцаж байгаа. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсэх юм бол эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар тооцон төлж болно.

“ФИТНЕСС, ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХЭД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН”

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн мэргэжилтэн Д.Отгонжаргал

Эрүүл мэндийн даатгалын сан өнгөрсөн жил 341.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ жил 407.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ жилийн төсвийн зарцуулалт, хийхээр төлөвлөсөн шинэ ажлын талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн мэргэжилтэн Д.Отгонжаргалаас тодрууллаа.

-Эрүүл мэндийн даатгалын сан 2019 онд хэчнээн төгрөгийг ямар ажилд зарцуулах вэ. Томоохон ажлаас нь дурдахгүй юу?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас 407.6 тэрбум төгрөгийг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, үнийн хөнгөлөлттэй эм, болон өрх, сум тосгонд эрүүл мэндийн төвүүдээс үзүүлдэг дөрвөн төрлийн тусламж үйлчилгээнд зарцуулна. Мөн “Элэг бүтэн монгол хөтөлбөр”, урьдчилан сэргийлэг үзлэг хэрэгжинэ.

-Энэ онд шинээр хэрэгжих ажлын талаар мэдээлэл өгөөч?

– Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлдэг гэрээр үзүүлэх, сэргээн засалт, өдрийн эмчилгээ, оношилгоо шинжилгээ зэрэг дөрвөн төрлийн үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд даатгалын сангаас зардал олгодог. Үүнд өнгөрсөн жил 5.2 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ жил гурав дахин нэмэгдэж 15.8 тэрбум төгрөг болсон.

Фитнесс, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд хоёр тэрбум төгрөгийн төсөв тавигдсан байгаа. Энэ ажил 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэсэн ч одоогоор хэрэгжиж эхлээгүй байна.

-Энэ ажил хэзээнээс хэрэгжих вэ. Хэрэгжсэнээр иргэд Эрүүл мэндийн даатгалын тусламжтайгаар хэдэн хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?

-Үүнд хамрагдах газруудын магадлан итгэмжлэл эхлээгүй байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам эдгээр газрыг магадлан итгэмжилж бидэнд мэдээллээ явуулах ёстой. Үүний дараа чухам хэдэн хувиар хөнгөлөх, чухам ямар газрууд хамрагдаж байгаа талаарх мэдээлэл тодорхой болно.

-Иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт орсон гэсэн. Үүнийг дагаад хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн төсөвт өөрчлөлт орсон уу?  

-Хөнгөлөлттэй үнээр олгодог буюу зайлшгүй шаардлагатай эмэнд энэ жил 3.1 тэрбум төгрөгөөр их буюу 33.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.

“29 ЭМИЙГ ЖАГСААЛТААС ХАСЧ, 62 ЭМИЙН ХӨНГӨЛӨЛТИЙГ НЭМСЭН”

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого хэрэгжилтийн газрын мэргэжилтэн П.Оюунбат

Ингээд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалт хэрхэн өөрчлөгдсөн талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого хэрэгжилтийн газрын мэргэжилтэн П.Оюунбатаас тодрууллаа.

-Үнийн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хэчнээн эм багтаж байна вэ?

-Бид Монгол Улсад зонхилон тохиолдож байгаа өвчний үед хэрэглэдэг эмийг судалж үзсэн. Мөн манай 11-11 дугаарын утсанд иргэд санал, гомдол ирүүлдэг энэ бүхэнд үндэслээд бид дүн шинжилгээ хийсэн. Ингээд ходоод, зүрх судас, хоол боловсруулах зам, элэг, цөсний эмийн буюу 60-70 мянган даатгуулагч иргэд авдаг эмийн үнийн хөнгөлөлтийн хувийг нэмэх шаардлагатай гэж үзсэн юм. Мөн огт хэрэглэхээ больсон, Монголын зах зээлд орж ирэхээ больсон эм уг жагсаалтад байсныг хасах шаардлага тулгарсан. Ингээд хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтыг шинэчилсэн.

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалтаар 2019 оны нэгдүгээр сарын 15-наас үйлчилж эхэлнэ. Уг жагсаалтад хэдэн зарчмын өөрчлөлт орсон. Тухайлбал, 62 эмийн үнийн хөнгөлөлтийг нэмсэн 58 нэрийн эмийн үнийг буулгасан 17 нэрийн эмийг нэмсэн. Жагсаалтад багтсан бүх эм 20-80 хувийн хөнгөлөлттэй байгаа.

-Хэдэн төрлийн эмийг жагсаалтаас хассан бэ?

-Нийт 29 төрлийн эмийг хассан. Үүнд Монголын зах зээлд байхгүй, үйлдвэрлэгч тал нь байхгүй болсон, олгох нөхцөл нь өөрчлөгдсөн эмүүд багтаж байгаа.

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоо нэмэгдсэн үү?

-Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээтэй 800 гаруй эмийн сан байсан. Одоо 1000 гаруй болсон.

 “ЖУРАМ БАТАЛСНЫ ДАРАА СПОРТ КЛУБҮҮДИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖИЛНЭ”

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх спорт клубүүд хэзээ тодорхой болох талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэгээс тодрууллаа.

Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх газарт зөвхөн фитнесс бус таеквондо, йог зэрэг спорт клубүүд багтаж байгаа. Эдгээр газрыг магадлан итгэмжлэхийн тулд БСШУС-ын сайд болон Эрүүл мэндийн сайд журам батлах ёстой. БСШУС-ын сайд энэ журмаа баталсан. Одоо Эрүүл мэндийн сайдыг журмаа батлахыг хүлээж байна. Эрүүл мэндийн сайд энэ долоо хоногтоо багтаад журмаа батлах байх. Журам батлагдсаны дараа спорт клубүүдийг магадлан итгэмжилнэ. Үүний дараа чухам хэчнээн газрыг уг үйл ажиллагаанд хамруулах нь тодорхой болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

emch 2019-01-03 66.181.177.27

Nadad hahuulaa uguud bagdaarai gej ulaam tsaim helj bna lee shuu

Avatar

Иргэн 2019-01-03 64.119.23.143

Заасан стандартад нийцсэн бол ямар ч клуб магадлан итгэмжлэгдэх боломжтой. Нэг хүнд оногдох талбай, агааржуулалт, шаардлагатай тоног төхөөрөмж, эрүүл ахуй,
мэргэжлийн багш, эмч гээд бүгд хамаарна гэж ойлгож байгаа

Avatar

Зочин 2019-01-03 203.91.115.42

Нэг их үнэтэй газруудаа хѳнгѳлж тэнэгтэх вий.Байрны гадаах жижиг фитнессүүд дампуураад л явах юм. Гэртээ ойрхон л баймаар байна Бас магадлан итгэмжилнэ гээд тэрийгээ мѳнгѳ болгоод л явах байх даа. Иогийн тѳвүүдийг бас оруулмаар байна шүү.

Avatar

сс 2019-01-03 66.181.178.203

хассан 27 эмжэ орлуулах жм оруулсѳн юм уу. асууж байгаа нь ч хариулж ыайгаа нь ч хжрэг алга. насатнгууд байнгыын ѳчтэй хүмүүст уудаг эм нь байхгүй болсым уу яаасын тодорхойгүй байна

Avatar

Zochin 2019-01-03 202.126.88.45

Naad Erdeneeg niigmiin daatgalaas tetgehee bolioroi. Ard tumnuu mungiig ureed. Ahmaduudiig 2 honog amraagaad 10 honogoor tootsoj mungu avdagaa bolioroi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж