Өнөр бүлийн тэргүүн Эдди Мерфи

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Өнөр бүлийн тэргүүн Эдди Мерфи

Өнөр бүлийн тэргүүн Эдди Мерфи

АНУ-ын алдарт инээдмийн жүжигчин, дуучин, хөгжимчин, дуу оруулагч, кино найруулагч Эдди Мерфи шинэ оны босгон дээр 10 дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Эдди Мерфигийн том охин Бриа зул сарын баярыг угтан гэр бүлийнхээ нандин зургийг өөрийн инстаграм хуудсандаа “Зул сарын мэнд хүргэе” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн нь 25 мянган хүнд таалагджээ. Ийнхүү түүний нэгхэн сартай бяцхан хүүгийн зураг олон нийтэд ил болсон юм.

Зураг дээр жүжигчний том хүү 29 настай Эрик, удаах хөвгүүд болох 28 настай Кристиан, 26 настай Майлс болон түүний охид 29 настай Бриа, 24 настай Шэйни Аудра, 19 настай Зола Айви, 16 настай Белла Захра, 11 настай Анжел Айрис, хоёр настай Иззи Оона, нэг сартай Чарлес Макс нараас гадна Эддигийн ээж,  түүний бага хүүхдүүдийн ээж, дөрөв дэх эхнэр Батчер болон хадам ээж нь хамт байв.

NEWS агентлаг "ХҮМҮҮС" буландаа Өнөр бүлийн тэргүүн Эдди Реган Мерфиг танилцуулж байна.

БЛИЦ

Нэр: Эдди Реган Мерфи

Нас: 57

Төрсөн огноо: 1961.04.03

Төрсөн газар: АНУ, Нью-Йорк

Төрсөн орд: Хонь

Өндөр: 175 см

Жин: 77 кг

БАГА НАС

Эдди Реган Мерфи нь 1961 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо замын цагдаа Чарлес Эдвард Мерфи болон телевизийн оператор Лиллиан нарын хүү болон мэндэлжээ. Эдди Чарлес Мерфи хэмээх ахтай бөгөөд Эддиг гурван настай байхад нь эцэг эх нь салж, хоёр ах болон ээжийнхээ хамт амьдрах болсон байна. 1969 онд буюу Эддиг найман настай байхад нь эцэг нь нас барж, эх нь хүндээр өвдөж, нэг жилийн хугацаанд ах нарын хамтаар улсын асрамжид байжээ. Тэрбээр сүүлд асрамжийн газарт байсан цаг үе түүнд маш их зүйл сургасан хэмээн дурсан ярьж байв. Эхийнх нь бие дээрдэж асрамжийн газраас гаран ээж болон эцэг ондоо ах, хойд эцэг нарын хамт амьдрах болсон Эдди анх 15 настайдаа Америкийн алдарт хошин шогийн жүжигчин Ричард Приорын “That Nigger’s Crazy” цомгийг үзсэнээс хойш хошин шогийн жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна. Ингээд 1976 онд “Рүүзвелтийн залуучуудын төв”-өөс зохион байгуулсан авьяастнуудын тэмцээнд оролцож, дуучин Аль Грийний “Let’s stay together” дууг нь дуурайн дуулснаар түүний урлагийн замнал эхэлжээ.

 

АМЖИЛТ, УРАН БҮТЭЭЛ

Маш олон шагналд нэр дэвшиж, олон ч шагналын эзэн болсон, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн  Эдди Мерфиг 1982 онд найруулагч Уолтер Хиллийн найруулсан найз цагдаа нарын тухай өгүүлдэг “48 hours” инээдмийн кинонд тоглосноор түүнийг маш олон хүмүүс мэддэг болсон төдийгүй “Golden Globe” шагналд нэр дэвшиж байсан юм. Тухайн жилдээ “Trading Places ” кинонд тоглосон нь өмнөх “48 hours” киноны амжилтыг эвджээ. 1984 оны эхээр жүжигчин Дадли Моортой хамтран “Best Defense” нэртэй кинонд тоглож, тус кино нь үзэгчид болон кино шүүмжлэгчдээс маш их шүүмжлэл хүртсэн бөгөөд 1984 оны сүүлчээр найруулагч Иван Рэйтман “Ghostbusters” кинондоо Эддиг тоглуулахыг хүссэн ч тэрбээр “Beverly Hills Cop” кинонд тоглохоор болсон тул Иваны саналаас татгалзахаас өөр аргагүйд хүрчээ. “Beverly Hills Cop” кино нь Эдди Мерфигийн хамгийн анхны гол дүр бүтээсэн кино юм байна. Энэхүү кино нь тухайн жилдээ 230 сая ам.долларын ашиг олж, АНУ-ын “Box Office” –ийн дээд амжилтыг эвдсэн бөгөөд 2018 оны тавдугаар сард гаргасан жагсаалтаар АНУ-ын бүх цаг үеийн шилдэг 100 киноны 46-д жагссан юм.

 

Үүнээс гадна маш олон алдартай кинонуудад өөрийн дүрээ мөнхөлсөн Эдди Мерфи жүжиглэхээс гадна дуулах авьяастай нэгэн билээ. Тэрбээр 1980 –аад оны дундуур “Party All the Time”,  "Put Your Mouth On Me" хэмээх хоёр дуугаа гаргасан бөгөөд харамсалтай нь түүний “Party All the Time” дуу нь 2004 онд Америкийн бүх цаг үеийн хамгийн муу 50 дууны долдугаарт бичигджээ. 1990 онд өөрийн гурав дахь цомгоо “Love’s Alright” нэртэйгээр гаргаж, түүний дараагаар попын хаан алдарт Майкл Жэксонтой ч мөн хамтран дуулсан байна.

 

 

 

ХУВИЙН АМЬДРАЛ

Алдарт жүжигчин Эдди Мерфигийн хувийн амьдрал маш адармаатай бөгөөд тэрбээр анх 1988 онд Николь Митчель хэмээх бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж, 1993 онд гэрлэсэн байна. Хос таван хүүхдийн эцэг эх болцгоосон ч 2006 онд салсан билээ. Николиос салсныхаа дараа “Spice Girls” гишүүн байсан Мелани Браун гэх бүсгүйтэй үерхэж, Мелани жирэмсэн болсон бөгөөд Эдди өөрийнхөө хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйн улмаас цусны шинжилгээ хүртэл өгч байжээ. Түүний 46 насны төрсөн өдрөөр мэндэлсэн охиноо Анжел Айрис Мерфи Браун хэмээн нэрлэсэн байна. Айрис охин мэндэлснээс хоёр сар гаруйн дараа шинжилгээний хариу гарч, охин Эддигийн хүүхэд мөн болох нь батлагдав.

Удалгүй хос мөн л салцгааж, 2008 оны нэгдүгээр сараас Трэси Эдмондс гэх продюсер бүсгүйтэй үерхэж байгаад салсан байна. 2012 онд Пэйж Батчер хэмээх модель бүсгүйтэй болзох болсон Эдди 2016 онд Иззи хэмээх охинтой болсон. Ингээд 2018 оны есдүгээр сард сүй тавьсан хос шинэ оны босгон дээр буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан байна. Тэрбээр бага хүүгээ 2017 онд хорт хавдрын улмаас нас  барсан өөрийн ах Чарли Мерфиг дурсан хүүгээ Макс Чарлес хэмээн нэрлэсэн ажээ. Макс хүү Эддигийн арав дахь хүүхэд болон мэндэлсэн байна. Мөн Тамара Хүүд, Паулет Макнили гэх хоёр бүсгүй түүний хоёр том хүүгийн ээж нар ажээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж