Путин 10 хоног “харагдсангүй”

Хуучирсан мэдээ: 2015.03.16-нд нийтлэгдсэн

Путин 10 хоног “харагдсангүй”

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 10 хоног олон нийтийн өмнө харагдсангүй. Энэ хооронд түүнийг өвдсөн гэх хардлага газар авч байна. Владимир Путин Казахтанд хийх айлчлалаа цуцалснаас хойш түүнийг өвдсөн гэх мэдээлэл Барууны хэвлэлээр цацагдаж эхэлсэн юм. Путин гуравдугаар сарын 13-нд Астана хотноо Беларус, Казахстаны ерөнхийлөгчидтэй уулзах байв. Түүнчлэн Крымыг Украинаас буцааж авсны нэг жилийн ойн өдрөөр ОХУ-ын тэргүүн ямар нэгэн арга хэмжээнд үг хэлсэнгүй. Оронд нь өмнө нь бэлтгэсэн видео бичлэг цацжээ.

 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Пешков Путиныг өвдсөн гэх мэдээллийг үгүйсгэсэн ч Барууны хэвлэлүүдийн амыг тагласан хариулт өгч чадахгүй байна. Дмитрий Пешков “Өдөр уртассан хаврын өдрүүдэд хүмүүсийн синдром хөдөлдөг шүү дээ. Нэг хэсэг нь Сечин огцорлоо гээд л, өөр нэг хэсэг нь засгийн газрыг огцруулсан ч байх шиг, нөгөө нэгэд нь Путин телевизээр гараагүй удсан юм шиг санагдаж байгаа бололтой. Хаврын синдром гэдэг нь л энэ байхдаа” хэмээв. Түүнчлэн тэрээр “Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 16-нд Киргизийн төрийн тэргүүнийг Петербург хотноо хүлээж авч уулзана” хэмээн мэдэгдсэн байна. 

 

Үүний зэрэгцээ Швейцарийн Тичина мужийн Соренго хотын Гэгээнтэн Аннагийн эмнэлэгт Путинтэй дотно холбоотой гэгддэг Олимпийн уран сайхны гимнастикийн аварга, Төрийн думын депутат асан “Алина Кабаева хүүхдээ төрүүлсэн гэж “Blick” хэвлэлд мэдээлжээ. Кабаева эмнэлэгт гэр бүлийнхэн болон хамгаалалтынханд зориулж хоёр өрөө хөлсөлсөн гэж тус хэвлэл бичжээ. Үүнээс үүдэн Кабаеваг Путины хүүхдийг төрүүлсэн хэмээн Барууны хэвлэлүүдээр шуугиж байна. Гэвч үүнийг Дмитрий Пешков үнэнд нийцэхгүй хэмээн үгүйсгэв. 

 

Эх сурвалж: reuters, Forbes,

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж