Поп топчид ба топ попчид

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Поп топчид ба топ попчид

Поп топчид ба топ попчид

Монголын Залуучуудын холбоо /МЗХ/ шинэ оны өмнөхөн "Босоо хөх Монгол"-ын тэргүүн Г.Ганзоригийг “Оны бүтээгч улстөрч залуу” өргөмжлөлөөр шалгаруулсны дараахан олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнөв. Уг нь А.Мөнхбатын толгойлж буй төрийн бус байгууллага хэндээ юугаа хэдээр зарах нь маньд хамаагүй л дээ. МЗХ битгий хэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс олгодог шагналын үнэ цэнэ шалаар уначихсан хойно. Гол нь бүтээгч улстөрч залуу маань юу бүтээсэн нь сонирхол татлаа.

Тэрбээр шагнал авсныхаа дараа өөрийнхөө фэйсбүүкт “Зангиа зүүж, ширээний ард сууж, аль нэг намын эрх ашгийн төлөө ажиллаагүй, эх орон, тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө, жирийн иргэдийнхээ эрх нь зөрчигдсөн газар очиж ажиллан дуу хоолой нь болж явдаг болохоор надад энэ нэр хүндтэй шагналыг тэнд хуран цугларсан олон сайхан сэхээтэн залуус өгсөн” тухай онцолж. Түүний хэлээд байгаа эх орон, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал нь хэдэн хүн ашиг сонирхлын зөрчилтэйгөөр уул уурхайтай тэмцэхийн нэр биш билээ. Хайр мөнгөн дээр тогтдог болсон шиг тусгаар тогтнол улс орны эдийн засгийн хөгжил дээр л яригддаг болсон цаг юм, уг нь.

Ирэх 2020 оны сонгуульд аль нэг намаас эсвэл бие дааж "Босоо хөх Монгол"-чууд сонгуульд нэр дэвших бэлтгэлийн үргэлжлэл нь энэхүү өргөмжлөл байж мэднэ. Мэдээж, тэд ч бас Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу сонгох, сонгогдох эрхтэй. Гэвч, попууд улс төрд гарснаараа эдийн засаг, нийгэм, засаглалыг нь хэрхэн бужигнуулж, хорлон сүйтгэж, төр засгаар яаж барьцаалдгийг манай топууд өдгөө яруу тодоор болоод өнгөтөөр нь үзүүлж буй. Тэдний хэлсэн үг, хийж буй үйлдэл нь Монгол нэгэнтээ Венесуэл болох нь, Монголоос хэн нэгэн Уго Чавес төрөх нь цаг хугацааны асуудал болж.

  МЭК өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан билээ. Уг судалгааг  бүтнээр нь эндээс http://www.mec.mn/?p=804 хараарай.

Судалгааны дүнгээр Монголын топ 10 улстөрчийн нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бичигджээ. Цааш нь,

Хоёрт: Ц.Нямдорж
Гуравт: С.Жавхлан
Дөрөвт: Х.Баттулга
Тавд: Ж.Батзандан
Зургаад: Л.Оюун-Эрдэнэ
Долоод: Б.Бат-Эрдэнэ
Наймд: Ц.Даваасүрэн
Есөд: Г.Занданшатар
Аравт: О.Баасанхүү нарыг жагсаажээ.

Эрх барьж байгаа том намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн, хар массын балиашиг ихтэй У.Хүрэлсүхийн хувьд өнөөгийн улс төрийн нэг гол дүр л дээ, яах аргагүй.  Гэхдээ тэр поп уу эсвэл топ уу. Гол асуулт энэ.

Шилдэг аравт багтсан улстөрчдийг харахад бүгд шахуу популистууд. Үг хэл хурц, хийхээсээ ярих нь их, ихэнх нь “эх оронч”, шударга ёсны дор хувийн асар том амбиц, ашиг сонирхолтой. С. Жавхлан гэхэд  топ улстөрчөөс  топ дуучин гэвэл бодит үнэнд илүү нийцнэ. Ж.Батзандан, Ц.Даваасүрэн нар ясны популистууд. Б.Бат-Эрдэнэ шиг шилдэг бөх цөөн. Ерөнхийлөгч бол Монголын шилдэг “найруулагч”, бас толгой бизнесмен. Харамсалтай нь, эдийн засаг, улс төрийн шинэчлэл, хөгжлийн гарц, том бодлого, гадаад харилцаа ярьдаг хүн эдний дундаас олно гэвэл өвсөн дотроос зүү хайсантай ижил. Ийм л хүмүүсийг Монголын топ улстөрчөөр нэрлэж суугаа монголчуудад тохирох үг нь “Ямар ард түмэн байна, яг тийм л төр байдаг”.

Дөрвөн жилийн өмнө С.Ганбаатар Монголын ганц топ попчин байсантай харьцуулбал өнөөдрийн улс төрд поп топчид тариа шиг үржжээ. Энэ бол  манай Монголын инээдэм хийгээд эмгэнэл юм. Бидний хөгжихгүй байгаа томоос том шалтгаан ч энэ.

Товчхондоо, нэг ширхэг тоосго өрөөгүй, нэг удаа татвар төлөөгүй, нэг ч хүн цалинжуулаагүй, нэг удаа ч бодлого боловсруулж үзээгүй, бусдыг /зөвхөн уул уурхайхныг/ шантаажилж, дээрэмдэж, айлгаж, дарамталж амьдардаг босоо хөх монгол хүртэл бүтээгч болчихоор Монгол ядуу байхаас яалтайв.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
12
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж