ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн 2018 онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж нийт зургаан бүлгийг илрүүлэн шалгаж байна. Энэ хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс таван эмэгтэйг бусдад худалдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий таван эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусад худалдаалсан аж.
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн хоёр дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн байна.
Улмаар 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт найман жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт таван жилийн хорих ял тус тус оногдуулжээ.
Э.АРИУН