Английн “Манчестер Юнайтед”-ын ахлагч, довтлогч Уэйн Рунигийн хэсэг найз нарынхаа хамт гэртээ наргиж, Фил Бардслитай тоглоомоор боксдож буй бичлэг The Sun-аар цацагдсан нь дуулиан болоод байгаа билээ. Бичлэг дээр Руни хүнд цохилтод өртөж, газар саван унаж буй юм. Тиймээс мэргэжлийн хөлбөмбөгч гэртээ ийм болгоомжгүй наргиж, тархиндаа гэмтэл авбал Луи Ван Гаал, Рой Хожсон гээд олон хүн таалахгүй байх гэсэн мэдээлэл түгсэн. Тэгвэл Уэйн Руни тус бичлэгийн талаар өөрийн бодлоо илэрхийлсэн байна.
“Харамсалтай нь бид ийм ертөнцөд амьдарч байна л даа. Гэртээ би хэдэн найзтайгаа уулзсан атал одоо сонины нүүрэнд гараад үндэстний хэмжээний асуудал болчих юм. Энэ бол манай гэрт хэдэн нөхдийн дунд болсон энгийн л нэг хөгжилтэй уулзалт байсан. Ийм үед найзууд тэнэгтэж, хөгжилддөг шүү дээ. Түүнээс илүү зүйл энд огт байхгүй. Гэтэл хэвлэлд гарчих юм. Одоо үүнтэй эвлэрэхээс өөр арга алга. Тийм ээ, видео дээр байгаа хүн бол би мөн. Бид тоглож л байсан юм. Би болгоомж алдсан юм байхгүй, би ирэх тоглолтод өөрийнхөө анхаарлыг бүрэн хандуулдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ бичлэг надаас хавьгүй чухал бололтой. Гэхдээ та бүхэн өнөөдөр намайг ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэснийг харсан байх. Би багтаа хожиход нь тусалсандаа баяртай байна” гэж Уэйн Руни хэлжээ.
Тэрбээр ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн гэж “Тоттенхэм”-ийн хаалганд оруулсан гоолоо хэлжээ. Бичлэгийг дороос үзнэ үү.
Эх сурвалж: http://horom.mn