Р.Федерер, С.Уилльямс нар Хопен цомын тэмцээнд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Р.Федерер, С.Уилльямс нар Хопен цомын тэмцээнд оролцож байна

Р.Федерер, С.Уилльямс нар Хопен цомын тэмцээнд оролцож байна

Мэргэжлийн талбайн теннисийн холимог шигшээ багийн Хопен цомын тэмцээн 30 дахь жилдээ Австрали улсын баруун эргийн Перт хотын “Perth Arena” ордонд явагдаж байна. Энэ жилийн тэмцээнд АНУ, Герман, Австрали, Их Британи, Франц, Испани, Швейцар, Грек гэсэн найман улсын шигшээ баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд хэсгээ тэргүүлсэн хоёр улсын шигшээ баг аваргын цомын төлөө тоглоно.

Өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд эхэлсэн тус тэмцээний хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөөд байна. А хэсгийг Германы шигшээ баг тэргүүлж байгаа бол В хэсгийг Швейцарын шигшээ баг өнгөлж байгаа. Өнөөдөр тэмцээний хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд явагдсанаар аваргын төлөө тоглох хоёр багийн нэр тодорно.

Тэмцээний В хэсэгт багтсан Швейцарын шигшээ багт Р.Федерер эрэгтэй тамирчнаа төлөөлөн оролцож байгаа бол АНУ-ын эмэгтэй тамирчин алдарт С.Уилльямс төлөөлөн оролцож байна. Талбайн теннисийн бүх цаг үеийн шилдэг хоёр теннисчин уржигдар хоорондоо тулсан бөгөөд Швейцарын багийн хожлоор өндөрлөсөн юм. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Р.Федерер Америк залуу Ф.Тиафог буулгаж авсан бол С.Уилльямс эмэгтэй ганцаарчилсан төрөлд Швейцарын Б.Бенчичийг хожсон. Харин шийдвэрлэх хосын төрөлд Швейцарын Р.Федерер болон Б.Бенчич нар Америк өрсөлдөгч нараа хоёр сетэд 4:2, 4:3 харьцаатай хожсон байна. Тус тоглолтод хожил авсан Швейцарын шигшээ баг хоёр хожил авч хэсгээс гарах боломжоо хадгалан үлдсэн бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо өнөөдөр Грекийн эсрэг хийнэ. Харин ялагдал хүлээсэн АНУ-ын баг Их Британийн багтай тоглоно.

Хопен цомын төлөөх тэмцээнд оролцож буй бусад шилдгүүдийг дурьдвал Испаний шигшээ багийг Д.Феррер, Г.Мугуруза нар бүрдүүлж байгаа бол Германы багийг А.Зверев болон А.Кербер нар бүрдүүлсэн байна. Тэмцээний аварга ирэх бямба гарагт тодорно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж